Гуурсан хоолойн үрэвсэл /Бронхит
Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит нь агаар дамжуулах замд гадны янз бүрийн хорт хүчин зүйлүүд удаан хугацаагаар үйлчилсний улмаас гуурсан хоолойн салст бүрхэвч, ханын гүн давхаргуудад үрэвслийн процесс явагдан даамжирч, гуурсан хоолойн хананд соривжилт үүсч, шүүрэл ялгарах, цэвэршүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь алдагддаг амьсгалын замын өвчин юм.
Бронхит нь архаг болон хурц гэсэн хоёр хэлбэртэй. 1-3 долоо хоног үргэлжилбэл хурц хэлбэрийнх, 3 сараас дээш хугацаанд үргэлжилсэн бол архаг хэлбэртэй гэж үзнэ.
Шалтгаан
Гадаад хүчин зүйлс:
- Тамхидалт
- Агаарын бохирдолт
- Мэргэжлийн хорт хүчин зүйлсүүд
- Цаг агаарын тааламжгүй үйлчлэл
- Халдвар
Дотоод хүчин зүйлс:
- Удамшлын хүчин зүйлүүд
- Янз бүрийн шалтгаантай анхдагч дархлал хомсдол /сүрьеэ, уушгины буглаа г.м/
- Уушгины зарим мэс заслын дараах байдал
Шинж тэмдэг
Хурц бронхитийн шинж тэмдэг:
- 5 болон түүнээс дээш хоног ханиалгах
- Тунгалаг, шар, цагаан, ногоон цэр гарах
- Халуурах
- Цээж хорсож, ханиалгахад өвдөх
- Толгой өвдөх
- Бие сулрах
- Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсэх
Архаг бронхитийн шинж тэмдгүүд:
- 3 сараас дээш хугацаанд үргэлжилсэн ханиалга
- Тунгалаг, шар, цагаан, ногоонцэр өтгөн цэр гарах
- Цэртэй ханиалгах
- Амьсгаадах, амьсгалахад төвөгтэй болох.
Оношилгоо
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохими /альбумин, нийт уураг/
- Цэрний ерөнхий болон цэрний нян судлалын шинжилгээ
- Цээж гэрэлд харуулах
- Гуурсан хоолой дурандах
Урьдчилан сэргийлэлт
- Тамхи татахгүй байх, дам тамхидалтад өртөхгүй байх
- Хамар хоолойг сэрвэгнүүлсэн зүйлсээс татгалзах
- Ханиад хүрвэл хурдан эмчлэх, ханиад томуугийн эсрэг вакцин хийлгэх
- Өөрийн хэрэглэдэг аяга таваг, халбага сэрээг бусдад хэрэглүүлэхгүй байх
- Халдвар авах бусад эрсдэлээс өөрийгөө хамгаалах, гараа угаах
- Биеийн эсэргүүцэл сайжруулах
- Хүүхэд насанд хурц халдварт өвчнийг цаг тухайд нь төгс эмчлүүлэх
Эмчилгээ
Гуурсан хоолойн үрэвсэл үүсгэж буй шалтгааныг арилгах эмчилгээ хийнэ. Хурц бронхитийн үед сайн амрах, цэрийг шингэрүүлэх зорилгоор их хэмжээний шингэн зүйл уух, тамхи болон утаанаас хол байж эмчийн зөвлөсөн эмийг ууна. Зарим тохиолдолд үрэвслийн эсрэг эм, хүчилтөрөгчийн аппарат залгах шаардлага гардаг.
Бронхит ихэвчлэн вирусийн гаралтай эхэлдэг тул тэр бүр антибиотик уух шаардлагагүй. Мөн цэртэй ханиалгах нь хэвийн боловч цустай цэр гарах, хоолой зурж өвдөх, ханиалганаас болж унтаж чадахгүй байхад хүрвэл эмчийн заавраар ханиалга намдаах эм уух нь зүйтэй.
Архаг бронхитийн үед уушги маш эмзэг болдог учраас халдварт өртөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн илүүдэл жин зүрхэнд ачаалал өгдөг тул жингээ хасахыг зөвлөж байна.