Лактозын хэт мэдрэгшил
Лактозын хэт мэдрэгшил нь сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах сахарыг задалж, боловсруулж чадахгүй болох эмгэг юм. Лактозод хэт мэдрэгшилтэй хүмүүс нь хоол тэжээлээр орж ирсэн лактозыг задалж чаддаггүй. Лактоз хэмээх бодис нь сүү, цагаан идээнд ихээр агуулагддаг. Маш бага хэмжээний лактоз хоол тэжээлээр орж ирэхэд лактозын хэт мэдрэгшилтэй хүмүүсийн хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Уг эмгэг нь өсвөр нас, насанд хүрсний дараа илэрдэг ба маш цөөн тохиолдолд хүүхдэд илрэх нь бий. Дэлхий дахинд Африк, Ази, Жүүд гаралтай 10 хүн тутмын 8 нь лактозыг задаж чаддаггүй байна.
Шалтгаан
Лактаза фермент хэвийн үед лактозыг глюкоз, глактоз болтол нь задлах ба дараа нь гэдэсний ханаар төвөггүй шимэгддэг. Хэрэв лактаза фермент байхгүй бол лактоз бүдүүн гэдсэнд очин түүнийг цочроосноор хэвлийгээр өвдөх шинж үүсдэг. Дөнгөж төрсөн хүүхдэд лактаза их хэмжээгээр агуулагддаг боловч зарим угсаатны бүлгийн хүмүүст нас ахихын хэрээр хэмжээ нь буурсаар өсвөр насанд маш бага хэмжээтэй болох тул лактозыг шингээх чадваргүй болно.
Хүүхдэд зарим тохиолдолд лактозын хэт мэдрэгшил үүсдэг ба энэ нь гэдэсний хананд үрэвсэл үүссэнтэй холбоотой байдаг. Үрэвсэл намдсаны дараагаар эргээд хэвийн болно.
Шинж тэмдэг
Сүү агуулсан бүтээгдэхүүн ууж идсэнээс хойш лактозын хэт мэдрэг шинж тэмдэг хэдхэн цагийн дараа илэрнэ. Үүнд:
- Гэдэс дүүрэх
- Суулгах
- Бөөлжих
Шинж тэмдэг хүнд илрэх эсэх нь лактаза ферментийн дутагдлын зэргээс хамааралтай. Зарим хүнд хэд хэдэн аяга сүү уусны дараа шинж тэмдэг илэрч байхад зарим хүн өчүүхэн бага хэмжээгээр уухад хариу урвал үзүүлнэ.
Зөвлөгөө
Эмч танд илэрсэн зовуурьт үндэслэн онош тавьж, лактоз агуулсан хоол хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөнө. Үүнээс гадна лактозын хэт мэдрэгшил бий эсэхийг бататгах зорилгоор тусгай шинжилгээ хийлгэхийг зөвлөе. Шинж тэмдэг арилсны дараа сүүн бүтээгдэхүүн ахин өгөхөд шинж тэмдэг ахин илэрвэл лактозын хэт мэдрэгшил онош батлагдана. Лактозын хэт мэдрэгшилтэйгээ нэгэнт мэдсэн тохиолдолд та сүү, сүүн бүтээгдэхүүн, ялангуяа сүү, тараг, бяслаг, цөцгий, цөцгийн тос зэргээс татгалзах хэрэгтэй. Хөхүүл нярайд лактозын хэт мэдрэгшил тохиолддог ба энэ нь ихэвчлэн гастроэнтеритээс шалтгаалсан байдаг. Гастроэнтщрит эдгэрснээр нярай хөөрөө үргэлжлүүлэн хооллох боломжтой.