Стресс
Стресс нь амьдралын сорилуудтай нүүр тулах буюу аюулаас зайлсхийх хариу үйлдлийг өдөөдөг бие махбод болон оюун санааны хариу үйлдэл юм. Эдгээрт үзүүлэх хариу үйлдэл нь зүрхний цохилт түргэсэх, хөлрөх зэрэг бие махбодын шинжтэй болон стрессийн шалтгаан дээр хүчтэй төвлөрөх зэрэг сэтгэл зүйн шинжтэй байна.
Тодорхой хэмжээний стресс нь зарим спорт болон биеийн ур чадвар сорьсон үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж болох ч хэт их дарамт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьдралаа зохицуулах чадварт саад болдог. Дарамттай санагдаж болох нөхцөл байдлын төрлийг тодорхойлж, тэдгээрээс зайлсхийх буюу хязгаарлах арга замыг бий болгосноор хор хөнөөлтэй стрессээс сэргийлж болно.
Стресс үүдэх нөхцөлүүд
Гадаад үйлдэл буюу орчин нөхцөл, мөн таны бие хүний онцлог болон тэдгээр дарамттай нөхцөлд хариу үйлдэл хийх чадварт тань хэрхэн сөргөөр нөлөөлж буйгаас шалтгаалан үүсэж болно.
Стресс үүсгэх магадлал бүхий гурван төрлийн гадаад орчин нөхцөл бий:
Аз жаргалгүй хувийн харилцаа, ужиг өвчин, ажилгүйдэл зэрэг урт хугацааны асуудлууд олон хүний хувьд стресс үүсгэх томоохон шалтгаан болдог.
Гэрлэлт болон гэр орноо нүүлгэх зэрэг нь өөрчлөлтийг шаарддаг амьдралын үйл явдлууд хэдийгээр та тухайн өөрчлөлтийг зүй зохистой гэж бодож байсан ч гэсэн дарамттай байж болно.
Хэрвээ та аль хэдийн ихээхэн дарамттай байсан бол ажилдаа оройтох, замын түгжрэлд саатах зэрэг өдөр тутмын жижиг тохиолдлууд хуримтлагдсаар нэг л өдөр тэвчээр тань алдрах мэдрэмж төрж болно.
Хандлага ба зан чанар
Зарим төрлийн зан чанар стресс үүсгэж болно. Тухайлбал, хэрвээ та өөрийгөө доогуур үнэлдгээс болж шаналдаг бол амьдралд гарч ирэх сорилтуудыг давах чадвартаа эргэлздэг байх магадлалтай юм. Их өрсөлдөөнтэй орчин нөхцөлд ажиллаж, амьдардаг хүмүүс амарч тайвшрах гэж зүдэрдэг бөгөөд стресстэй холбоотой өвчнөөр өвчлөх эрсдэл хэвийн хэмжээнээс өндөр байх магадлалтай. Стресстэй байсан ч бухимдал, уур уцаараа илэрхийлдэггүй хүмүүст зөвхөн сэтгэл санааны дарамт, зовнил нь хуримтлагдан зовдог.
Стрессийг таних
Стрессийг үүсгэгч шалтгаан нь арилсан үед л хүн өөрийгөө стресстэй явсан гэдгээ ойлгодог. Гэхдээ хэт их стрессийг эрт үеийн шинж тэмдгээр нь таньж илрүүлж болно. Хэрвээ та доор жагсаасан шинж тэмдгүүдийн аль нэгийг нь мэдэрч байсан бол дарамтын түвшингээ бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг юм.
Бие махбодын шинж тэмдгүүд
Стресс нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Та ядрангуй болж, толгой өвдөх, ам шархлах, булчин өвдөх зэрэг зовуурь мэдэрч, энгийн ханиад зэрэг багахан халдварт өртөмтгий болж болно. Хэт их дарамт цусны даралт ихсэх өвчин, ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, атопын дерматит, гэдэс цочролын хам шинж, хайрст үлд, сарын тэмдгийн өвчнүүд болон бэлгийн сулрал зэрэг өвчнүүдийг үүсгэх буюу хүндрүүлдэг.
Сэтгэл зүйн шинж тэмдгүүд
Маш их стресст орсон хүн түгшүүр, шаналалтай эсвэл уур бухимдалтай байдаг. Жижигхэн асуудал хүртэл сэтгэл зүйн хэт хариу үйлдэл өдөөж болно. Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдаж, шийдвэр гаргах чадваргүй болно. Нойрны хэв маяг өөрчлөгдөнө. Хоолны дуршил алдагдаж болох бөгөөд эрч хүч өмнөхөөсөө багассан мэт санагдана. Өөрийгөө сатааруулахын тулд хүмүүс согтууруулах ундаа, тамхи болон мансууруулах бодист найдах болж ингэснээр таны эрүүл мэндэд нөлөөлнө.
Хор уршигтай стрессийг багасгах нь
Хэт их сэтгэлийн дарамтаас зайлсхийж, эрүүл мэндээ хамгаалахын тулд та сэтгэлийн дарамт үүсгэж буй шалтгааныг таньж сурах нь зүйтэй. Амьдралаа удирдан жолоодохыг оролдсоноор асуудал болон хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэй байж чадна.
Эрүүл мэндээ хамгаалах нь
Гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байж, найз нөхөрлөлөө хадгалж, дарамт үүсгэдэггүй амраах үйлийг түлхүү хийснээр оюун санааны эрүүл мэнд болон сайн сайхан байдлаа сайжруулж болно. Тогтмол дасгал хийх нь биеийн ядаргааг тайлахад тусалдаг ч биеэ ухамсартайгаар амрааж сурах нь мөн үр дүнтэй байдаг.
Сэтгэл хямрал үүсгэж буй шалтгааныг илрүүлэх нь
Дарамт үүсгэж буй шалтгааныг илрүүлэх үр дүнтэй арга бол өдрийн тэмдэглэл бичиж, өдөр тутмын үйл явдлууд болон тэдгээрт хэрхэн хариу өгснөө тэмдэглэн бичих явдал юм. Хэдэн долоо хоногийн дараа өдрийн тэмдэглэлээ уншаад сэтгэл хямрал үүсгэсэн үйл явдлуудыг илрүүлэн таних нь зүйтэй. Уг дарамт нь таны ажил хэргийг сайжруулсан уу, муутгасан уу гэдгийг бодож үзээд тухайн дарамтын түвшинг бууруулж болох аргуудыг бодож олбол зохино.
Асуудлыг урьдчилан харах нь
Ажил үүрэг буюу үйл явдлыг нэгэн зэрэг гүйцэтгэхэд хэтэрхий том санагдаад байвал жижиг хэсгүүдэд хуваа. Хэрэв та хэд хэдэн ажлыг хязгаартай хугацаанд гүйцэтгэх хэрэгтэй бол түүнийгээ жагсаан бичээд ач холбогдлоор нь дэс дараалалд оруул. Цаг, хөлс хүчээ хэмнэхийн тулд чухал бус, яаралтай биш ажил үүргээ хязгаарла.
Хямралыг даван туулах нь
Сэтгэл санааны дарамтад орох нь хямралд үзүүлж буй энгийн хариу үйлдэл юм. Сэтгэлийн дарамт нь хянах аргагүй шинж тэмдэгт хүргэвэл, энэ нь өөрөө хямрал болох болно. Ийм үед гэр бүл, найз нөхдөөсөө тусламж гуйж, эмчээс тусламж авах хэрэгтэй.