Таргалалт
Таргалалт нь биед их хэмжээний өөх хуримтлагдах байдлыг хэлнэ. Хүн бүр өөрийн гэсэн хэвийн жин, булчингийн масстай байх бөгөөд энэхүү зохист хэмжээ алдагдах нь бодисын солилцооны хямралд өртөж, бусад эрхтэн тогтолцооны өвчлөл үүсэх нөхцөл болдог.
Таргалалт бол орчин цагийн хөгжил, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсэж буй нэг төрлийн өвчин юм. Биед агуулагдах муу өөх тосны хэмжээ ихсэх нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл үүсгэх тэргүүлэх шалтгаан болдог.
Шалтгаан
Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна.
Хөдөлгөөний дутагдал – Дэлхийд хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй өвчлөлөөр жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. ДЭМБ-аас өдөрт 10000-аас дээш алхах эсвэл 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь таргалалт, түүнээс шалтгаалсан өвчнүүдээс сэргийлнэ хэмээн зөвлөдөг.
Эрүүл бус хооллолт – Муу өөх тос ихтэй хоол хүнс байнга хэрэглэх, нэг дор их хэмжээгээр идэх, оройн цагаар хүнд төрлийн хоол идэх нь таргалалт үүсгэх шалтгаан болж байна.
Мөн нойрны хэмнэл алдагдах буюу шөнийн цагаар унтахгүй, нойр дутуу, нойргүйдэлтэй явах нь таргалах шалтгаан болдог.
Дараах нөхцөлүүд нь таргалах магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнд:
- Удамшил
- Хөдөлгөөний дутагдал
- Буруу хооллолт
- Нас ахих тусам таргалах хандлагатай болдог.
- Жирэмслэлт
Шинж тэмдэг
БЖИ (Биеийн жингийн индекс) 30-аас дээш байвал таргалалттай гэж үздэг. БЖИ-г биеийн жин болон өндрийн тусламжтайгаар мэдэж болно.
БЖИ = биеийн жин / (биеийн өндөр)2
Жишээ 1: Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.
БЖИ=54.6:(1.5*1.5)=54.6:2.25=24.26 хэвийн жинтэй гэж үзнэ.
БЖИ | Үр дүн |
18.5-с доош | Хэт туранхай |
18.5-24.9 | Хэвийн |
25.0-29.9 | Илүүдэл жинтэй |
30.0-34.9 | 1-р зэргийн таргалалттай |
35.0-39.9 | 2-р зэргийн таргалалттай |
40.0-с дээш | 3-р зэргийн таргалалттай |
Хүндрэл
Таргалттай хүн дараах өвчнүүдийг тусах магадлал өндөр байдаг. Үүнд:
- 2-р хэлбэрийн чихрийн шижин
- Даралт ихсэлт
- Зүрхний өвчин
- Цус харвалт
- Бүх төрлийн хорт хавдар
- Цөсний чулуу
- Сарын тэмдэг тогтворгүй болох
- Үргүйдэл
- Элэгний өвчин
- Хэрх өвчин зэрэг орно.
Зөвлөгөө
Нэг дор хэт их жин хаях нь бодисын солилцооны хямралд оруулах, эрдэс бодисын дутагдалд орох, бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй тул 7 хоногт дээд тал нь 500гр жин хаяхыг зөвлөж байна. Сардаа дээд тал нь 2 кг хасах эрүүл жин хасалт юм.
Та хэвийн жингээ хадгалах, жингээ бууруулах дараах аргуудыг хэрэгжүүлээрэй.
- Эрүүлээр турахын тулд биелэгдэхүйц зорилго тавих
- Дасгал хөдөлгөөн хийх (Бага багаар жин хасах)
- Эрүүл хооллох
- Ислэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь цусан дахь холестриныг бууруулан, өөх тосыг задалж гадагшлуулж, бүдүүн гэдсэнд байгаа ашигтай бактерийн тоог нэмэгдүүлдэг ач тустай. Бүх төрлийн хүнсний ногоо, жимс, бүхэл үр тариа, гурвалжин будаа, хөц будаа, шар будаа зэрэг хальсархаг бүтэцтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ислэгээр баялаг байдаг.
- Усыг нэг дор их хэмжээгээр уулгүй бага багаар шимж уух
- Баталгаагүй, сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Биеийн найрлагаа тодорхойлуулж, түүндээ тохирсон хоол зүйч, мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу дэглэм барих нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.