Тэнэгрэл
Тэнэгрэл нь ой санамжаа алдах, будлиу болох, оюуны ерөнхий чадамж доройтсоны үр дүн болж илэрнэ. Өвчтөнд өөрт нь төдийлөн болж зовуурь мэдрэгдэхгүй ч гэр бүл, ойр дотнын найз нөхдөд багагүй хүндрэл учирна.
Ой санамжаа алдах нь зарим талаараа хөгшрөлтийн хэвийн шинж тэмдэг байдаг тул үүнийг дангаар нь тэнэгрэлд хамруулж болохгүй. Энэ өвчин хэдийгээр эмчилгээгүй бөгөөд ахиц ихтэй боловч цөөн тохиолдолд түүнийг үүсгэж буй хүчин зүйлийг эмчлэх боломжтой. Хурц хэлбэрийн сэтгэл түгшилд автсан өндөр настнууд мартамхай болог учраас тухайн хүнийг тэнэгрэлд автжээ гэж үзэх үндэс бий. Гэхдээ ой санамжаа алдах нь зарим талаараа хөгшрөлтийн хэвийн шинж тэмдэг байх тул тэнэгрэл хэмээн шууд оношилж болохгүй. Өндөр настай хүмүүс тэнгэрэлд өртөх нь харьцангуй элбэг юм. Энэ өвчин хэдийгээр эмчилгээгүй ужиграх магадлалтай ч цөөн тохиолдолд түүнийг үүсгэж буй хүчин зүйлийг эмчилж эдгээх боломжтой.
Шалтгаан
Тархины эсийн тоо буурснаар тархины эд агшиж улмаар тэнэгрэлд хүргэнэ. 65-аас дээш насанд түгээмэл тохиолддог энэ өвчин удамшлын шинж чанартай Алцхаймерийн өвчнөөс үүдэх нь элбэг юм. Тархины шигдээсийн дараах тэнэгрэлийн үед тархины жижиг судас руу урсах цусны урсгал бүлэнгээр бөглөрдөг. Цус харвасны улмаас тархины цусан хангамжид орсон өөрчлөлт мөн хааяадаа тэнэгрэл үүсгэж болно. Үүнээс гадна цөөн тохиолдолд Хантингтоны өвчин, Кройцфэлдт-Якобын өвчин, тэмбүү зэрэг өвчнөөс үүдээд тэнэгрэлд автаж болзошгүй. Паркинсоны өвтэй хүмүүс тэнэгрэлд өртдөг ч уг өвчин дангаараа тэнэгрэл үүсгэх боломжгүй гэж үздэг. Түүнчлэн залуу хүмүүс ч тэнэгрэлд өртөх магадлалтай. Тухайлбал, ДОХ-той өвчтөнүүд яваандаа ДОХ-оос хамааралтай тэнэгрэлтэй болж болно. Спиртийн төрлийн ундааг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс үүнээсээ үүдээд тархины гэмтэлтэй болох учраас В1 витамины дутагдалд орж, тэнэгрэлд өртөх эрсдэлтэй.
В1 витамины хурц дутагдлаас үүдээд Вернике-Корсаковын хам шинж үүснэ.
Мөн пернисиез цус багадалтын үед гэдэсний шимэгдэл буурснаар бие махбод В12 витамин дутагдаж тэнэгрэлд өртөж болно. Үүнээс гадна маш ховор тохиолдолд бамбай булчирхайн идэвх суларснаар тэнэгрэлтэй төстэй шинж тэмдэг ажиглагдана.
Шинж тэмдэг
Уг өвчин ямар шалтгаантай үүссэнээс хамаараад шинж тэмдэг нь хэдэн сараас хэдэн жилийн хугацаанд илэрч ажиглагдана:
- Богино хугацааны санах ой муудах
- Ойлгоц, сэтгэлгээнд өөрчлөлт орсноор оюуны чадавх аажмаар сулрах
- Ярилцахад төвөгтэй болох
- Үгийн сан цөөрөх
- Сэтгэл хөдлөл ихтэй болох
- Тайван бус байдалтай тэнүүлч болох
- Хувийн ариун цэвэр сахихаа төдийлөн хайхрахгүй болох
- Шээсээ барьж чадахгүй болох магадлалтай
Өвчний эрт шатуудад өвчтөн ой санамжаа алдаж буйгаа өөрөө мэдрэх тул үүнээсээ болоод хямарч гутрах нь бий. Тэнэгрэл газар авах тусам өвчтөн бусдаас хараат болно.
Авч болох арга хэмжээ
Эмч тэнэгрэлтэй өвчтөнг сорилд оруулж, өвчин үүсгэж буй шалтгааныг нь тогтоогоод, тэнэгрэлд өртсөнийг нь батлах шаардлагатай. Өвчин үүсгэж буй шалтгааныг эмчлэх боломжтой тохиолдолд өвчтөний ой санамж сэргэж, бүрэн эдгэх магадлалтай. Гэвч ийм тохиолдол ховор бөгөөд эмчилгээ нь ихэвчлэн шинж тэмдгийг дарж, өвчний хүндрэлийг удаашруулахад оршино. Тухайлбал, сэтгэлийн хямралыг сэтгэл түгшлийн эсрэг эмээр сааруулах боломжтой.
Тэнэгрэлд өртөөд удаагүй байгаа хүнийг аль болох дураар нь байлгах хэрэгтэй. Өвчин нь хүндрэхийн хэрээр ой санамжийг нь сайжруулах арга хэмжээ авах боломжтой:
- Өдөр бүр хийх ажлаа төлөвлөсөн самбар гаргах
- Өвчтөн гадуур тэнэх нь их тохиолдолд гэрийнх нь хаягийг бичсэн зурвас өгч явуулах
- Цахилгаан хэрэгслээ унтраах тухай сануулга хадах шаардлагатай
- Усанд орох үйл явцыг нь хөнгөвчлөх үүднээс угаалгын хэрэгслүүдийг сайтар суурилуулах
- Тэнэгрэлтэй хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байдаг тул тэвчээртэй байхыг хичээх
- Таны оронд өвчтөнг асрах хүн олдвол тэр зур сайтар амрах
- Ийм хүмүүсийг асардаг хүмүүсийг дэмжих бүлгэмийнхэнтэй нэгдэж, тэдгээрийн өдөр өнжүүлэх, түр халамжлах байгууллагуудын талаар мэдээлэл цуглуулах