Төрөлхийн зүрхний гажиг
Хүүхдийн зүрхний бүтэц хэвийнхээс өөр байхыг төрөлхийн зүрхний гажиг гэдэг. Зүрхний таславч жижиг нүхтэй байх зэрэг зарим гажгууд өсөлтийн явцад өөрөө эдгэрдэг. Харин хагалгааны заалттай, өөрөөрөө эдгэрэх боломжгүй гажгуудад заавал эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийн эрүүл мэндийг одоо ч, ирээдүйд ч хяналтандаа байлгаж эмчид тогтмол үзүүлж байх нь чухал.
Зүрхний гажгийн төрлүүд
- Зүрхний цооролт – Зүрхнийтаславчуудад нүх үүссэн байж болох бөгөөд үүнээс үүдэн хүчилтөрөгчтэй, хүчилтөрөгчгүй цуснууд холилддог.
- Цусны эргэлтэд саад учрах – Зүрхний гажгаас үүдэн зүрхний хавхлага нарийссан байх, судас нарийсах магадлалтай. Энэ гажиг нь зүрхний цус шахах үйл ажиллагаанд хэт ачаалал авчирдаг.
- Зүрхний судсууд буруу байрлалтай байх – Зүрхний эргэн тойрон дох артерийн болон венийн судас буруу байрлалтай байх гажиг юм. Үүнээс үүдэн цусны даралт ихсэж болно.
- Зүрхний хавхлагын гажиг – Хэрэв зүрхний хавхлага зөв нээгдэж, хаагдахгүй бол цусны эргэлтэд асуудал тулгарна.
- Зүрх дутуу бүрэлдэх – Зүрхний аль нэг хэсэг бүрэн бүрэлдээгүйгээс үүдэн цусны эргэлтэд асуудал тулгардаг.
Түүнчлэн эдгээр гажгууд хавсарсан хэлбэрээр байх тохиолдол байдаг.
Шалтгаан
Зүрх нь дөрвөн тасалгаатай: Баруун талдаа хоёр, зүүн талдаа хоёр тасалгаатай байна. Зүрхний хэвийн үйл ажиллагааны үед зүрх нь бүхэл биеэр цусыг шахаж байдаг.
Баруун талын тасалгаанууд нь артерийн судсаар зүрхнээс уушгируу цусыг тараана. Харин артерийн судсаар дамжсан цус нь уушгинд очиж хүчилтөрөгчөөр баялжин венийн судсаар урсаж зүрхний зүүн тасалгаанд эргэж ирдэг. Хүчилтөрөгчөөр баялаг цусыг зүрхний зүүн тал гол судсаар шахаж биеийн бусад хэсгүүдрүү тараадаг байна.
Жирэмслэлтийн эхний зургаан долоо хоногт зүрхний хэлбэр бүрэлдэж, цохилж эхэлнэ. Жирэмсний энэ үед мөн артерийн болон венийн судсууд бүрэлддэг. Хэрэв зүрх бүрэлдэх энэ хугацаанд ямар нэгэн гадны (тамхи татах, архи уух зэрэг) шалтгаан эсвэл удамшлын шалтгаан зүрхэнд нөлөөлвөл төрөлхийн гажигтай болно.
Нөлөөлөх хүчин зүйлс
Хэдийгээр төрөлхийн зүрхний гажгийн шалтгааныг бүрэн илрүүлээгүй ч удамшлын нөлөө том үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв жирэмсэн эх дараах өвчтэй бол хүүхэд зүрхний гажигтай болох аюултай.
- Улаан бурхан
- Чихрийн шижин
- Хүүхдийн өсөлтөд нөлөөлөх эм хэрэглэдэг байх
- Жирэмсний үед алкоголь хэрэглэх
- Тамхи татдаг байх
- Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн ойрын хамаатантай байх буюу удамшлын нөлөө
Шинж тэмдэг
Төрсний дараах хэдэн сарын дотор зүрхний гажгууд илэрч эхлэх бөгөөд дараах шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
- Хүүхдийн арьсны өнгө саарал, цэнхэр өнгөтэй болох
- Хүүхдийн зүрхний хэм хэт хурдан цохилох
- Хамар сарталзах
- Хөл, хэвлий болон нүдний эргэн тойронд хавдах
- Хооллох үед амьсгалж чадахгүй байх
- Жин бага байх
Хөнгөн хэлбэрийн зүрхний гажигтай бол 2-6 насанд нь мэдэгдэж болох бөгөөд онцлох шинж тэмдэг бага илэрнэ.
- Дасгал хийх, гүйхэд амьсгал давхцах
- Дасгал хийж гүйхэд амархан ядрах
- Гар, хөл болон шагай хэсгээр хавдах
Хүндрэл
- Зүрхний дутагдалд орох
- Хүүхдийн өсөлт удаашрах
- Зүрхний хэмийн асуудалтай болох
- Цус харвах
- Хүүхэд өсөх явцад хөдөлгөөнийг хязгаарлан, дасгал хөдөлгөөн хийж болохгүй байх
- Насан туршдаа эмчийн хяналтанд байх
Урьдчилан сэргийлэлт
Зүрхний гажгийн шалтгааныг удамшилтай холбож авч үздэг тул эмэгтэйчүүд жирэмсний үед илүү анхааралтай байх хэрэгтэй.
- Улаан бурхны вакцин хийлгэх – Манай улсад улаанууд, улаан бурхан болон гахайн хавдрын хавсарсан вакциныг бага насанд нэгдсэн журмаар хийдэг.
- Чихрийн шижинтэй бол сахарын хэмжээг тогтворжуулж хяналтандаа байлгах
- Жирэмсний үед алкоголь болон бусад мансуурах бодис хэрэглэхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Жирэмсний үед шаардлагагүй бол элдэв янзын эм хэрэглэхгүй байх
Оношилгоо
- Ургийг зүрхний бичлэг
- Төрсний дараах зүрхний бичлэг
- Зүрхний рентген зураг – Зүрхний гэмтлийн байрлалыг харуулна.
- Судсаар камертай нарийн гуурс оруулж зүрхний гажгийг тогтоох
- Цусан дах хүчилтөрөгчийг хэмжих
Эмчилгээ
Зарим зүрхний гажгууд хүүхдийг өсөх явцад эдгэрдэг. Мөн оношлогдсон даруйдаа хагалгааны аргаар эмчлэх шаардлагатай гажгууд байна. Хагалгаа хийх тохиолдолд:
- Дурангийн аргаар хагалгаа хийх – Дурангийн хагалгаагаар эмчлэх боломжтой бол заавал цээжийг бүрэн хагалах шаардлагагүй.
- Нээлттэй хагалгаа хийх – Хүүхдийн цээжийг мэс заслын аргаар нээж зүрхний гажгийг засна. Ийм хагалгаанд түр хугацааны зүрх орлуулагч машин ашигладаг.
- Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа – Донор хүүхдийн эрүүл зүрхийг суулгана.
- Эмийн эмчилгээ – Хэрэв эмийн тусламжтайгаар хэвийн ажиллах боломжтой бол өдөр бүр эм уух байдлаар эмчилгээ хийнэ.
Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийг хагалгааны дараа ч эмчийн хяналтанд байлгах шаардлагатай бөгөөд элдэв халдвар авахгүй байх, дасгал хөдөлгөөн хийлгэхгүй байх арга хэмжээг авч гам барина.