Хавтгай улаан үлд
Хавтгай улаан үлд нь архаг удаан явцтай шалтгаан нь тодорхойгүй арьсны өвчин юм. Цөөн тохиолдолд сульфонамид антибиотик ба хэрх өвчний эсрэг эм зэрэг зарим эмийн гаж нөлөөний улмаас үүсэх магадлалтай гэж үздэг. Арьсны бүх өвчний дотор өвчлөлийн байдлаараа 1%-ийг эзэлдэг гэж үздэг. Хавтгай улаан үлд өвчнөөр ихэвчлэн 30-60 насны хүмүүс өвчилдөг байна.
Шалтгаан
Хавтгай улаан үлд өвчний шалтгаан нь тодорхойгүй боловч түүний шалтгаан, эмгэг жамыг хэд хэдэн онолоор тайлбарлан авч үздэг. Өвчин үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсээс дурдвал:
- Сэтгэл санааны гэнэтийн цочрол, удаан хугацааны сэтгэл санааны дарамт
- Мэдрэлийн тогтолцоо, тэр дундаа вегататив мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт
- Элэг, ходоод гэдэсний өвчлөл
- Эмийн хордлого
- Хүнцэл, стрептомицин, паск, тетрациклин, йод параминосалицилийн хүчил зэрэг нь өвчин үүсэхэд гол үүрэгтэй
- Удамшил
Шинж тэмдэг
- Ууц, бүсэлхий, бугуйн дотор, гадаргуу, шуу болон шагайн хэсгээр товруут тууралт гарах
- Тууралт нь жижиг, гялтганасан, ягаан, хөх ягаан өнгийн тэгш оройтой байх ба нарийн цагаан шугаман сүлжээсээр хучигдсан байна
- Шөнийн цагаар хүчтэй загатнана
- Хумсны хавтгай үлд илэрсэн тохиолдолд хумс уртаашаа үрчийх бөгөөд, зарим тохиолдолд унадаг
- Хуйханд хавтгай үлд илэрсэн тохиолдолд хуйх сорвижиж, үс унах магадлалтай
Хавтгай үлдтэй өвчтөний 25%-д нь салст бүрхэвч (ам, бэлэг эрхтэн, үтрээний үүдэн хэсэг) гэмтдэг талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Хэрвээ уг өвчний үед гүвдрүү завжны салстад гарсан бол цайвар саарал өнгөтэй, жижиг цагариг буюу торлог үүсгэн бүлгээрээ байрлана.
Эмчилгээ
Тууралтын гаднах байдлыг хараад шууд онош тавих боломжгүй үед эмч арьсны эдээс аван эдийн шинжилгээ хийнэ. Загатнааг багасгах зорилгоор хэсэг газрын хүчтэй үйлчилгээтэй кортикостеройд хэрэглэхийг зөвлөдөг.
Хэрвээ эмийн гаж нөлөөнөөс үүдсэн гэж үзвэл эмч таныг эмээ зогсоож, өөр эмээр солихыг зөвлөнө. Хавтгай үлд нь ихэнхдээ 12-18 сар, заримдаа хэлэн сараар ч үргэлжилж болно. Эдгэсэн тохиолдолд арьсан дээр хар толбо үлдэх олонтоо.
Түүнчлэн өвчний үед усанд орохдоо арьсыг цочроодоггүй зөөлөн саван, шампунь хэрэглээрэй. Мөн дур мэдэн элдэв тос түрхэх, наранд шарах, синтетик материалтай хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөдөг.