Ходоодны шархлаа
Тодорхой шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх нь ходоодны шархлааны хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.
Шалтгаан
Янз бүрийн шалтгаанаар ихэвчлэн хелико бактерийн улмаас ходоодны хүчил нь ихсэж ходоодны дотор ханыг түлж гэмтээснээс шархлаа үүсдэг. Ходоодны хүчил нь маш хүчиллэг тул шархыг улам түлж цус шүүрэхэд хүргэнэ. Энгийн нөхцөлд ходоодны хүчлээс хамгаалсан бүрхүүл байдаг боловч ходоодны хүчлийн хэмжээ ихсэхэд эсвэл хамгаалагч бүрхүүлийн хэмжээ багасахад ходоодны шархлаа үүсдэг байна. Ихэвчлэн дараах шалтгаануудаас ходоодны шарх үүсдэг.
- Хеликобактерийн гаралтай – 12 нугалаа гэдэс болон ходоодны дотор ханыг хүчилд түлэгдэхээс сэргийлдэг бүрхүүлд амьдардаг хеликобактер нь олширч ходоод гэдсийг үрэвсүүлэн ходоодны шарх үүсгэдэг.
- Өвчин намдаагч эм ойр ойрхон хэрэглэх нь ходоодны дотор ханыг гэмтээх аюултай. Ибопруфен, Напроксен, Кетопруфен, Аспирин зэрэг хүчтэй эмүүд нь илүү шархлаа үүсгэх магадлалтай байдаг.
- Удамшлын шалтгаанаар
- Байнгын стресс
Шинж тэмдэг
Шинж тэмдэг нь шархлааны байрлал болон явц зэргээс хамааран дараах нийтлэг болон нийтлэг бус шинж тэмдгүүдээр илэрдэг.
Нийтлэг шинж тэмдгүүд:
- Хүйснээс цээжний хэсэг хүртэл хүрэхэд өвдөх
- Юм идээгүй байхад илүү их өвдөх
- Шөнөдөө хурц хатгуулж өвдөх
- Ямар нэгэн юм идсэний дараа өвчин намдах
- Хэдэн долоо хоног эсвэл хэд хоногийн турш намжиж байснаа дахин өвдөх
Нийтлэг бус шинж тэмдгүүдэд
- Цусаар бөөлжих
- Цусархаг нөжөөр бөөлжих
- Дотор эвгүйрхэж бөөлжих
- Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.
- Өтгөн хөр өнгөтэй болох
- Хэвлийн урд ханаар өвдөх
- Жин хаях
Хүндрэл
Хэрэв ходоодны шархыг эмчлэхгүй хүндрүүлбэл дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.
Дотуур цус алдалт – бага зэргийн цус алдалт нь толгой эргэхэд хүргэдэг бол их хэмжээний цус алдалт нь цустай бие засах, цустай бөөлжих, байнга дотор муухайрч толгой эргэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэнэ.
Халдварлах – ходоодны шарх нь томорч ходоодонд нүх үүсгэн бусад хэсгүүдэд халдварлан шарх үүсгэх магадлалтай. Мөн зэргэлдээх эд, бусад эрхтэнрүү дамжин шархлаа үүсгэх аюултай байдаг.
Ходоодны хорт хавдар – ходоодны шархлаа даамжирснаар ходоодны хорт хавдар луу шилжих магадлал маш өндөр.
Урьдчилан сэргийлэлт
Дараах зүйлсийг анхаарснаар ходоодны шархлаа үүсэхгүй байх боломжтой.
Халдвар авахаас сэргийлэх – Хеликобактери хэрхэн дамжиж халдварладгийг тодорхой батлаагүй байгаа боловч хүнээс хүнд, хоол хүнсээр дамждаг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс хоол хүнс хэрэглэхээс өмнө гараа угаах, бусадтай аяга халбага хоол хүнсээ дамжуулан хэрэглэхгүй байх, дутуу боловсорсон хүнс, дутуу болгосон хоол хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Өвчин намдаагч эм – Ойр ойрхон өвчин намдаагч эм хэрэглэх нь ходоодны ханыг нимгэрүүлж түлэх аюултай. Хэрэв өвчин намдаагч хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол хоол идсэний дараа эм хэрэглээрэй. Мөн өвчин намдаагч эмийг алкогольтай хэрэглэхийг хориглодог.
Оношилгоо
Ходоодны шархлааг ходоодны дурангийн шинжилгээгээр баталгажуулж оношилно
Эмчилгээ
Ходоодны шархыг эмчлэхдээ эхлээд эмийн эмчилгээ хийдэг. Эмчилгээнээс 14-21 хоногийн дараа ходоодыг заавал дурандаж, шинжлэх ёстой. Эмчилгээнийхээ үр дүнг шалгах заавал шаардлагатай. Эмчилгээний үр дүн муу гарвал хавдар болсон эсэхийг эдийн шинжилгээ авч болно.
Мөн шаардлагатай гэж үзвэл дурангийн мэс ажилбар хийнэ.
Хувь хүн дур мэдэж хэзээ ч эмчилгээ хийх ёсгүй. Зөвхөн эмчийн зааврыг дагана.