Хөлийн судасны битүүрэл
Хөлийн артерийн судас нарийсч цусны урсгал багасах өвчнийг хөлийн судасны битүүрэл гэнэ. Ихэвчлэн артерийн судсанд тослог бодис хуримтлагдсаны улмаас цусны урсгал удааширдаг ба үүнээс болж хөлд очих цусны урсгал багасна.
Ийнхүү цусан хангамж дутагдсанаас болж сөхөрч унах, хөл хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тамхи татахаа болих, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох зэрэг нь энэ өвчний эдгэрэлтийг хурдасгадаг.
Шалтгаан
Дараах нөхцөлүүд нь энэ өвчнийг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
- Жингийн илүүдэл
- Байнгын суугаа болон зогсоо ажилтай болон хөдөлгөөний дутагдалтай хүмүүс
- Жирэмсэн болон олон төрсөн эмэгтэйчүүдэд
- Венийн судасны хавхлагын төрөлхийн эмгэг
- Дааврын өөрчлөлт /эстроген дааврын ихсэлт/
- Тамхи /венийн шарх үүсгэх муу нөлөөтэй/
- Бодисын солилцооны хам шинж
- Нас ахих тутам венийн хавхлагын үйл ажиллагаа алдагдах
Шинж тэмдэг
- Хөл өвдөх /Алхах, босож явахад хөл өвдөж хэдэн минутын дараагаар өвчин нь намдах байдлаар ажиглагдана/
- Хөл бадайрах, сулрах
- Нэг хөл, нөгөө хөлтэй харьцуулахад илүү хүйтэн байх
- Шагай болон хөл хэсгээр өвдөлт өгч, эдгэрэхгүй байх
- Хөлийн өнгө өөрчлөгдөх
- Хөлийн үс ургахаа болих, унах
- Хөлийн хумс удаан ургах
- Хөлийн арьс хальс шиг гялгар болох
- Тамхи татдаг хүний цусны эргэлт муудсан байдаг тул энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг.
Хүндрэл
Хөлд гэмтэл авч эсвэл хөлд шарх үүсэн эдгэрэхгүй байсаар цусанд халдвар орж энэ байдалд хүрдэг. Цаашилбал зүрхний шигдээс болон харвалт болох аюултай.
Эмчилгээ
Эмийн эмчилгээний үр дүн төдийлөн сайн биш, ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ хийгдэнэ. Хөлийн судасны битүүрлийг эмчлэхэд хоёр үндсэн зорилго тавина.
- Хөлийн өвдөлтийг намдаах, бусад шинж тэмдгүүдийг намдаах
- Судасны нарийсал нэмж үүсэхээс сэргийлэх
Хүндрээгүй үед нь эмчийн хяналтанд эмийн эмчилгээ хийх, венийн жижиг судас хамарсан өргөсөлтийн үед хатаах эмчилгээ хийх ба венийн судас илэрхий өргөсч бүдүүрсэн нөхцөлд мэс засал эмчилгээ хийнэ. Мэс засал эмчилгээнд уламжлалт мэс заслын арга, судсан дотуурх лазер болон өндөр давтамжит долгионы орчин үеийн эмчилгээний аргуудаас сонголт хийх боломжтой.
Орчин үед дурангийн болон судсан дотуурх аргаар мэс засал хийх болсон. Энэ арга монгол улсад 2017 оноос нэвтэрсэн ба дараах давуу талуудтай.
- Зүслэг хийгдэхгүй
- Оёдол тавихгүй
- Мэс заслын сорви үүсэхгүй учир гоо сайхны ач холбогдолтой
- Судас дахин өргөсч, бүдүүрэхгүй буюу дахихгүй
- Өвдөлт бага
- Мэс засал хийлгээд орой нь эмнэлгээс гарч болно.
- Мэс заслын дараа 3 хоноод ажилдаа орж болно
- Нэг сарын дотор 99%-ийн үр дүн үзүүлнэ.
- Нэг цагийн дотор судас бүдүүрлийн өвчнөөсөө салах боломжтой
Дээрх мэс заслыг дараах заалттай үед хийнэ.
- Хөлийн венийн судас нэг буюу хоёр талдаа өргөсч тахиралдсан, явахад хөл бадайрч өвдөх, судас чинэрэх, шилбээр хаван суух зэрэг зовиуртай хүн
- Судасны допплерографын шинжилгээгээр венийн судас 10-20 мм хүрч өргөссөн, цусны урсгал буцаж хаяж байгаа шинж /> 5 сек/ илэрсэн тохиолдолд
Урьдчилан сэргийлэлт
- Удаан хугацаанд зогсох, суухаас зайлсхийх ийм шаардлага гарвал босож явах, хөлөө сойх, хөл доороо ивээс хийх
- Бариу, өсгийтэй гутал өмсөхгүй байх
- Жин нэмэхгүй байх
- Хөл бадайрсан үед хөлөө зүрхний түвшнээс 20 см өргөх
- Шингэн сайн уух, давс хязгаарлах
- Тамхи, архи хэрэглэхгүй байх
- Дасгал хөдөлгөөн сайн хийх /өдөрт 3 км алхах/