Чих шуугих
Чихэнд дүнгэнэх, хонх дуугарч буй мэт чимээ сонсогдох, удаан хугацаагаар шүгэлдэх чимээ сонсогдохыг “чих шуугих” гэнэ. Чихний эсүүд гэмтэхэд чихэн доторх үснүүд хөдлөх төдийд чанга дуу дуугарч буй мэт сонсогдон, мэдрэг болдог байна.
Хэдийгээр энэ нь том асуудал биш боловч нас ахих тусам илүү удаан хугацаагаар чих шуугих нь өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх зэрэг хүндрэлүүдийн эх үүсвэр болох нь бий.
Энэхүү эмгэгийг зөвхөн өөрт сонсогдох болон эмчид болон өөрт сонсогдох чих шуугилт гэсэн хоёр төрөлд ангилж үздэг. Зөвхөн өөрт сонсогдох эмгэг нь дунд, гадна эсвэл дотоод чихнээс үүдэлтэй байж болох бөгөөд хүний тархи мэдрэлийн дохионуудыг дуу чимээ гэж хүлээж авснаар үүснэ. Эмчид болон өөрт сонсогдох эмгэгийн хувьд эмчийн үзлэгээр сонсогдох бөгөөд дунд чихний яс, судасны асуудлуудаас үүдэлтэй.
Шалтгаан
Чих шуугих эмгэгийн шалтгаан нь нарийн тодорхой биш байдаг бөгөөд чихний гэмтэл, зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэн чих шуугих эмгэг үүсдэг гэж үзэж байна. Мөн тархины сонсголын төв гэмтэл авсан бол чих шуугьдаг. Эдгээрээс гадна:
- Нас ахих тусам сонсгол муудах ба 60- с дээш насныханы чих энэ шалтгаанаар шуугих эмгэгтэй болдог.
- Гэнэтийн чанга дуу чимээнд өртсөнөөр чих шуугдаг ба удаан хугацаанд чанга хөгжим сонсох, цахилгаан хөрөөний чимээ сонсох, түгшүүрийн дохио сонсох зэргээс үүдсэн байж болох ба энэ төрлийн шуугилт нь хэсэг хугацааны дараа арилдаг.
- Чихний хулхи нь чихэнд нян үржихээс сэргийлэн чихний хөндийд үүсдэг тослог биет юм. Гэхдээ цэвэрлэж, арчлахгүй удсаны улмаас их хэмжээний хулхи хуримтлагдах нь толгойд ямар нэгэн зүйл хөдөлж буй мэт чимээ сонсогддог.
- Дунд чихний яс сийрэгжин шуугих чимээ өөрт сонсогдсон байж болно.
- Толгой болон хүзүүндээ гэмтэл авснаар нэг чихэнд чимээ сонсогддог.
- Чихэнд шингэн ороход.
- Тэнцвэрийг барих үүрэгтэй тархины хэсэгт хоргүй хавдар үүсч нэг чих шуугих магадлалтай.
- Чихтэй ойролцоох судас нарийсан дуу сонсогдож болно.
- Цусны даралт ихсэх үед чимээ сонсогдож болно.
- Хортой эсвэл хоргүй хавдрын улмаас чих шуугих шинж тэмдэг өгч болно.
- Тархин дахь судасны буруу байрлалаас чих шуугьсан байх боломжтой.
Мөн эмийн гаж нөлөөгөөр чих шуугьсан байж болно. Уг эмгэгт хүргэж болох эмүүдэд антибиотикууд, Хорт хавдрын болон сэтгэл гутралын эсрэг эмүүд, аспирин зэрэг ордог.
Шинж тэмдэг
Ямар нэгэн зүйл дуугараагүй байхад чихэнд шуугих чимээ сонсогддог. Эдгээр чимээнүүд нь хонх, сэрүүлэг дуугарах мэт байх ба, эсвэл амьтны дуу авиа ч сонсогдох мэт илрэх нь элбэг. Зарим үед ямар нэгэн товчлуур дарах, шүгэлдэх чимээ мэт сонсогдож ч болно.
Урьдчилан сэргийлэлт
Ихэнх тохиолдолд чих шуугилтаас урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг ч амьдралын хэв маягаа дараах байдлаар өөрчилснөөр чих, тархиа гэмтээхээс сэргийлнэ.
- Байнгын дуу чимээтэй нөхцөлд ажилладаг бол дуу намсгагч хэрэглэх, чихэвч зүүх
- Чанга хөгжим сонсохгүй байх
- Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Эрүүл зөв хооллох
Оношилгоо
- Сонсгол хэвийн эсэхийг үзлэгээр сонсгол хэвийн эсэхийг шалгах
- Нүдээ хөдөлгөж, эрүүгээ зуун, хүзүү, гар хөлөө хөдөлгөж байгааг ажиглан өөрчлөлт байгаа эсэхийг анзаарах
- Хүзүү болон толгойд гэмтэл авсан бол соронзонрезонанст томографи болон компьютер томографи шинжилгээ хийлгэж гэмтлийг тодорхойлох
- Эмч ямар төрлийн чимээ сонсогддогийг асууж лавлан шалтгааныг тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг хийж болно.
Чих шуугийх эмгэгийг шалтгааныг тодорхойлох нь түүний эмчилгээ ямар байхад чухал нөлөөтэй. Учир нь чих шуугих эмгэгийг эмээр эмчлэх боломжгүй ч шалтгааныг нь эмчлэх боломжтой.
Хэрэв хулхи, чихэнд ус орох зэргээс үүссэн бол хулхийг авах, усыг гадагшлуулах арга хэмжээ авна. Харин тодорхойгүй шалтгаанаар байнгын чих шуугиж өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа бол чихний аппарат зүүх, дуу чимээ багасгагч аппарат зүүх байдлаар зохицуулна.
Хүндрэл
Байнга чих шуугьснаас:
- Нойргүйдэх
- Стрессд орох
- Сэтгэл гутралд орох
- Сэтгэл санаа тогтворгүй болох
- Анхаарал төвлөрөхөө болих зэрэг хүндрэлүүд үүсч болно.