Эстрогений илүүдэл
Эстрогенийг “эм бэлгийн даавар’” , харин тестостероныг “эр бэлгийн даавар” гэдэг. Хэдийгээр уг дааврууд хүйсээр тодорхойлогдон нэрлэгдэж байгаа боловч хоёулаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст байдаг. Дунджаар эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин өндөр, харин эрэгтэйчүүдэд тестостероны түвшин өндөр байдаг байна.
Хүний биеийн даавруудын түвшин хэлбэлзэж байдаг. Тэдгээр нь тэнцвэртэй байгаа үед бие махбод зохих ёсоор ажилладаг. Харин дааврын түвшин тэнцвэргүй тохиолдолд асуудал үүсэх магадлалтай. Эмэгтэйчүүдэд эстроген нь бэлгийн хөгжлийг эхлүүлэхэд чухал бөгөөд эм бэлгийн өөр нэгэн даавар болох прогестероны хамт сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулж, нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлдөг. Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд эстроген болон прогестероны түвшин сарын тэмдгийн мөчлөгийн үе шатаас хамааран өөр өөр байдаг. Эрэгтэйчүүдэд эстроген мөн адил бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
Эстрогений түвшин прогестерон дааврын түвшинтэй харьцуулахад хэвийн бус, их байхыг эстрогений илүүдэл гэнэ.
Эмэгтэйчүүдэд эстроген өндөр байх нь хөх эмзэглэлтэй болох, сэтгэцийн өөрчлөлт болон бусад шинжийг үүсгэдэг. Харин эрэгтэйчүүдэд эстроген хэвийн түвшнээс өндөр байвал үргүйдэл болон эрүүл мэндийн бусад асуудлыг үүсгэдэг.
Шалтгаан
Эстрогений түвшин өндөр байх нь дараах шалтгаантай байж болно. Үүнд:
- Биемахбод эстрогенийг хэт ихээр үүсгэх
- Эстрогенийг эмийн эмчилгээгээр хэт их авах. Жишээлбэл цэвэршилтийн шинж тэмдэг арилгах зорилгоор эстроген орлуулах эмчилгээний үед эстроген асуудал үүсгэх түвшинд хүрч болно.
- Биемахбод эстрогенийг задалж, биеэс зайлуулж чадахгүй байх
Мөн тестостерон болон прогестероны түвшин бага байх нь дааврын тэнцвэрийг алдагдуулж болно.
Эстроген дааврын түвшин ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
- Эм. Даавар эмчилгээ болон жирэмслэлтээс хамгаалах эм
- Таргалалт. Биемахбодийн өөхөн эд эстроген ялгаруулдаг. Өөхөн эд их байх нь эстроген ихсэлтэд хүргэж болно.
- Стресс. Биемахбод стрессийн хариуд кортизол даавар ялгаруулдаг. Их хэмжээний кортизол нь биемахбодийн прогестерон үүсгэх чадварыг бууруулдаг.
- Архи. Архийг ихээр хэрэглэх нь элгэний эстрогенийг задлах чадварыг бууруулдаг.
- Элэгний эмгэг. Элэгний үйл ажиллагаа буурч, эстрогенийг задалж биеэс ялгаруулж чадахгүй тохиолдолд эстрогений хуримтлал үүснэ.
- Синтетик ксенострогенүүд. Эдгээр нь биед орсны дараа эстроген шиг үйлчилдэг хүрээлэн буй орчинд байдаг химийн бодис юм. Эдгээрийг янз бүрийн хуванцарт ашигладаг бөгөөд гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, шампунь, саванд агуулагдаж болно.
Шинж тэмдэг
Эмэгтэйд эстрогений түвшин өндөр тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Сарын тэмдэг хэвийн бус болох (таамаглаагүй хугацаанд сарын тэмдэг ирэх, гарах цусны хэмжээ бага эсвэл их болох)
- Гэдэс дүүрэх
- Хөх эмзэглэлтэй болох, хавагнах
- Хөхөнд бүрхүүлтэй уйланхай бий болох
- Бэлгийн дур буурах
- Сарын тэмдгийн өмнөх хамшинжийн шинж тэмдгүүд ихсэх
- Зан байдал өөрчлөгдөх
- Толгой өвдөх
- Сэтгэл түгшил болон балмагдалд орох
- Жин нэмэх
- Үс унах
- Гар, хөл хүйтэн байх
- Нойрны асуудал
- Нойрмоглох эсвэл ядрах
- Санах ойн асуудлууд
Эрэгтэйд эстроген ба тестостероны зохимжтой тэнцвэр алдагдсан, эстроген өндөр үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.
- Үргүйдэл. Эстроген эр бэлгийн эс боловсроход оролцох бөгөөд эстроген өндөр байх үед эр бэлгийн эсийн түвшин буурч, үр тогтооход асуудалтай болно.
- Хөх томрох. Эстроген нь хөхний эдийн ургалтын дэмждэг учир хөх томроход хүргэдэг байна.
- Бэлгийн сулрал. Эстрогений түвшин өндөр эрэгтэйчүүдэд шодой хөвчрөх болон үүнийг хадгалах хэцүү байдаг.
Оношилгоо
Гол шинжилгээ нь цусан дах дааврын түвшин тодорхойлох юм.
Эстроген дааврын 3 төрөл байдаг.
- Эстрон. Энэ нь цэвэршилт болон цэвэршилтийн дараах үед бие махбодод үүсдэг гол даавар.
- Эстрадиол. Нөхөн үржихүйн жилүүдэд бие махбодид үүсдэг даавар.
- Эстриол. Жирэмсэн үед биемахбодид үүсдэг даавар.
Эмчилгээ
Эмчилгээнд эмийн эмчилгээ, мэс засал болон амьдралын хэв маягийг өөрчлөх багтана.
Эмийн эмчилгээ
- Хэрэв дааврын эмчилгээний улмаас эстроген ихэссэн бол эмч даавар эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх
- Эстрогенд мэдрэг хавдартай өвчтөнд хавдрын эсийг эстрогентэй холбогдохыг саатуулах эм. Жишээлбэл Тамоксифен.
- Андрогенээс эстроген даавар үүсэхийг саатуулах эм ( Ароматаз хориглогч бүлгийн эм)
- Өндгөвчинд эстроген үүсэхийг саатуулах эм
Мэс засал
Хэрэв өвчтөн эстрогенд мэдрэг хавдартай тохиолдолд эмч өндгөвч авах мэс засал (Oophorectomy) санал болгож болно. Эмэгтэй хүнд өндгөвч эстроген дааврын ихэнхийг үүсгэдэг тул өндгөвч авсны дараа эстрогений түвшин буурдаг. Гэвч энэ нь мэс заслын дараах цэвэршилт үүсгэж болно.
Мөн хөх болон өндгөвчийн хавдар үүсэх өндөр эрсдэлтэй тохиолдолд өндгөвч авах мэс заслыг санал болгодог.
Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээллэснээр хөхний хавдрын өндөр эрсдэлтэй хүнд хоёр өндгөвчийг авах нь хавдрын эрсдэлийг 50%-аар бууруулдаг байна.
Мөн өндгөвчийн үйл ажиллагааг идэвхгүй болгоход туяа эмчилгээ хийлгэж болдог.
Амьдралын хэв маяг өөрчлөх
- Эрүүл зөв хооллох – Өөх тос багатай, эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх
- Биеийн жинг бууруулах
- Стрессээ тайлах
- Архины хэрэглээг хязгаарлах
- Синтетик ксеноэстрогенд өртөлтийг багасгах – Байгалийн гаралтай органик хүнс болон даавар агуулаагүй махан бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, хуванцар савлагаат бүтээгдэхүүний оронд ган болон шилэн савлагаат бүтээгдэхүүн сонгох
Эмчилгээ нь шинж тэмдгүүдийг намдааж, хүндрэл үүсэх эрсдлийг бууруулна.
Хүндрэл
Эстрогений түвшин өндөр байх нь зарим өвчний эрсдэлийг үүсгэдэг.
- Өндгөвч, хөх болон умайн хавдрын эрсдэл
- Цус бүлэгнэх, тархинд цус харвах эрсдэл
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах