Гуурсан хоолойн багтраа
Гуурсан хоолойн багтраа бол гуурсан хоолойн булчин чангарч амьсгалахад бэрх болгон бачуурах байдлаар илэрдэг өвчин юм. Өвчин хөдлөх үед гуурсан хоолой агшиж, агаар дамжих зам боогдон амьсгал давчидна. Ханиалгах, шуухитнах, амьсгал давчидах, цээж бачуурах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд хэрэв астма хэт хүндэрвэл хөдөлгөөнийг хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч үе байдаг.
Хэдийгээр багтрааны шинж тэмдгийг зогсоох боломжтой ч энэ өвчнийг амь насанд хүрэх хэмжээний хүнд өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөв эмчилгээ хийснээр өвчнийг өдөөхгүй байж болно.
Насны ангилал
Насанд хүрэгчдийн багтраа өвчин
Багтраа нь аль ч насны хүнд тохиолдож болох боловч 40-өөс доош насныханд элбэг тохиолддог. Мөн гэр бүлийн гишүүд нь астматай байсан бол өвчин тусах магадлал улам өсдөг. Экзем, харшил, багтраа зэргүүд нь ихэвчлэн хамт өдөөгддөг бөгөөд тамхи татах нь астматай хүнд хамгийн буруу зуршил юм.
Багтраа өвчнөөр хэдийд ч, хэн ч өвчилж магадгүй тул хэрэв танд астмын шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай эмчид хандахыг зөвлөе.
Хүүхдийн багтраа өвчин
Сүүлийн жилүүдэд хүүхдүүд багтраа өвчнөөр өвчлөх нь элбэг болсон. Хүүхэд өөрт илрэх шинж тэмдгийг сайн тодорхойлох чадваргүй тул дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаж байх нь зүйтэй.
- Ойр ойрхон ханиалгах. Тоглож байхдаа, унтаж байхдаа эсвэл инээж байхдаа илүү их ханиалгаж байвал астмын анхны шинж тэмдэг байх магадлалтай.
- Тоглож байхдаа амархан ядарч байн байн зогсож амрах
- Бачимдсан байдлаар хурдан амьсгалах
- Цээж өвдөж байна гэж гомдоллох
- Амьсгалах үед нь шүгэлдэж байгаа мэт чимээ гарах
- Амьсгал давчидах
- Хүзүү цээжний булчин чангарах
- Ядарч сульдах
Багтрааны төрлүүд
Харшлын гаралтай багтраа
Харшил багтраа хоёр салшгүй холбоотой бөгөөд багтрааг өдөөдөг хамгийн нийтлэг харшлуудын нэг болох хамрын харшил нь хамар битүүрүүлж, нүдэнд нулимс тунах, хоолой загатнуулж, хамрыг үрэвсэхэд хүргэдэг. Хамрын харшил нь багтрааны өдөөгч болох тохиолдол маш олон байдаг тул эмчийн зааврын дагуу харшлын эм хэрэглэх нь зүйтэй.
Хөдөлгөөний гаралтай багтраа
Дасгал хөдөлгөөн хийх нь багтраатай хүмүүсийн хувьд өдөөгч болдог. Гэвч багтраа өвчин тусаагүй хэрнээ зөвхөн хөдөлгөөн хийх үеэр багтарч эхлэх тохиолдлууд бий. Дасгал хийж эхэлснээс 5-20 минутын дараа багтрах шинж тэмдэг илэрч, амьсгалахад хүндрэлтэй болж байвал эдгээр шинж тэмдгийг зогсоох эмийг эмчийн заавраар хэрэглэж болох юм.
Ханиадны гаралтай багтраа
Ханиалгах нь багтрааны анхны шинж тэмдэг байж болно. Хэдий энгийн ханиад, хамрын дусаалга, чихний өвчин гээд олон зүйлээс болж ханиалгасан байж болох ч ханиад хүндэрч астма болсон тохиолдол элбэг байдаг.
Хэрэв ханиад хүрч эдгэрэхгүй удаан явсан бол, ханиалга намдахгүй хоолой зангирах шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид яаралтай хандана уу.
Ажил мэргэжлийн гаралтай багтраа
Ажлын байрны нөхцлөөс үүдэн багтраа өвчтэй болох тохиолдол бий. Хэрэв та зөвхөн ажил дээрээ байхдаа багтарч байгаагаа ажигласан бол, нулимс гарч, хамраас нус гоожих нь анзаарагдсан бол та энэ төрлийн багтраатай байж болох юм.
Ихэвчлэн амьтан ихтэй газар ажилладаг, үсчин, зураач, мод болон модны үртэстэй ойр ажилладаг бол энэ төрлийн багтраа тусах магадлалтай.
Багтраа өвчинтэй төстэй бусад өвчнүүд
Зарим өвчнүүд багтраа өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй байдаг. Жишээ нь: зүрхний багтраатай бол энгийн астматай төстэй шинж тэмдэг илрэх боловч зүрхний дутагдалтай холбоотой байна. Хөвчний үйл ажиллагааны саатал ч мөн багтраатай адил хоолой боодог. Тиймээс өвчнийг буруу оношлож буруу эмчилгээ хийхгүйн тулд заавал эмчид хандан зөвлөгөө авна уу.
Багтрааны үе шат
- Анхан шатны тасалдсан багтраа
Шинж тэмдгүүд долоо хоногт 2 буюу түүнээс бага давтамжтай илрэх бөгөөд багтарч өвчин хөдлөх нь ховор байна.
- Анхан шатны ойр ойрхон өдөөгдөх багтраа
Шинж тэмдгүүд долоо хоногт 2-оос дээш удаа илрэх боловч өдөр бүр илрэхгүй. Хөдөлгөөн хийхэд өдөөгдөнө. Сард 2-с дээш удаа шөнийн цагаар багтарч эхэлнэ.
- Хөнгөн зэргийн багтраа
Өдөр бүр шинж тэмдэг илэрч, шөнийн цагаар долоо хоногт 1-ээс дээш удаа илэрнэ. Нэг удаа багтрах үзэгдэл нь дараагийн хэд хоногийн хөдөлгөөнийг хязгаарлах нь элбэг тохиолоно. Өдөр тутмын эм хэрэглэх, багтрааны цацлага, амьсгалуур хэрэглэх шаардлагатай болно.
- Хурц хэлбэрийн багтраа
Шинж тэмдэг өдөр шөнөгүй илрэх ба хөдөлгөөний байнгын хязгаарлалт шаардлагатай болно. Ойр ойрхон багтралт явагдах бөгөөд байнгын эмчийн хяналтанд байх хэрэгтэй.
Багтраа өвчний шалтгаан ба өдөөгчүүд
Багтраа өвчтэй хүмүүс агаарт хэт мэдрэмтгий байдаг бөгөөд орчин тойронд байгаа олон зүйлс өвчнийг өдөөх магадлалтай. Эдгээр зүйлсийг өдөөгчид гэнэ. Өдөөгч нь өвчнийг хүндрүүлэх, өдөөж бачуурахад хүргэх хүчин зүйл болдог. Үүнд:
- Ханиад томуу хүрэх
- Үнэртэй ус, ер бусын үнэрт бодисууд агуулсан зүйлс
- Агаарт байгаа ханиадны вирус
- Модны хөвөн, тоос, гэрийн тэжээвэр амьтны үс, агаарын бохирдол, утаа
- Тамхины утаа
- Дасгал хөдөлгөөн
- Цаг агаар: температурын өөрчлөлт, хүйтэн агаар
- Сэтгэлээр унах, стрессд орох, айдастай байх зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд
- Тодорхой төрлийн эм(аспирин гэх мэт)
Шинж тэмдэг
Агаарын бөглөрөл
Хэвийн амьсгалах үед гуурсан хоолойн булчин суларсан байдаг тул агаар чөлөөтэй нэвтэрдэг. Харин астматай хүмүүсийн хувьд харшил өдөөгч хүчин зүйлээс, ханиад хүрснээс эсвэл орчин тойрны санамсаргүй өдөөгчөөс үүдэн гуурсан хоолойн булчин чангарч амьсгалахад хэцүү болно. Ингэж боогдоход исгэрэхтэй төстэй чимээ гарах нь ч байдаг.
Үрэвсэл
Астматай хүмүүсийн гуурсан хоолой улайж хавдсан байдаг. Энэ үрэвсэл нь цаашлаад уушгийг өвчлүүлэх эх үүсвэр болдог. Тиймээс үрэвслийг удааж өөр өвчний эх үүсвэр болгохгүйн тулд яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Агаарын замын өдөөгчид
Багтраа өвчтэй хүмүүс маш эмзэг байдаг. Агаарт байгаа бүхий л жижиг зүйлс өвчний өдөөгч болох магадлалтай. Модны хөвөн, амьтны үс, тоос, утаа, хиншүү хярвас гэх мэт.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв та багтраа өвчтэй бол өдөөхгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Астмыг бүрэн эмчлэх арга замыг одоогоор олоогүй байгаа ч гэнэтийн багтралаас сэргийлж, шинж тэмдгийг намдааж, багтраа өвчнийг хяналтандаа байлгах боломжтой. Дараах зүйлд анхаарал хандуулаарай.
- Харшил хөдлөхөөс сэргийлэх
- Тамхи татахгүй байх
- Ханиад хүрэхгүй байх
- Харшлын вакцин тариулах зэрэг арга хэмжээ авч болох юм.
Гэнэтийн багтраанд орвол юу хийх ёстой вэ?
- Хөргөгчний хөлдөөгчний хүйтэн агаараар 3-5 минут амьсгалах
- Хэвтэж болохгүй босч суух хэрэгтэй.
- Тайвшрах
- Хэрэв зориулалтын амьсгалуур байгаа бол хэрэглэх. 30-60 секундын зайтай, нэг удаа 10 удаа амьсгалах
- Түргэн дуудах (Түргэн ирэх хугацаанд 2-р алхмыг давтах)
- Мэргэжлийн эмчид заавал хандах
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Цагаан гаа
Цагаан гаа нь агаарын замын үрэвслийг намдаах үйлчилгээтэй бөгөөд багтраа өвчний үед чангарсан булчинг сулладаг.
- Тэнцүү хэмжээний цагаан гааны шүүс (цагаан гааны шүүс байхгүй бол 1 амны халбага нунтаг цагаан гааг нэг аяга усанд найруулж болно), зөгийн балыг хольж нэг амны халбагаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. (Анар жимсний шүүс нэмж хийж болно)
- Эсвэл 1 халбага нунтаг цагаан гааг 2 аяга усанд хийж 5 минут буцалгаад ууна.
- Нунтаглаагүй цагаан гааг давстай хольж идэж болно
Сармис
Багтрааны анхан шатны шинж тэмдэг илэрч байгаа үед сармис хэрэглэж болно. Сармис нь ханиалга дарж, хоолой сэрвэгнэхийг зогсоодог.
- 2-3 хумс сармисыг ¼ аяга сүүнд хийж буцалгана.
- Өрөөний температурт хөргөж бүлээнээр нь ууна.
Кофе
Кофе нь кофейнтай учир астмын үед гуурсан хоолойн булчинг суллаж амьсгалахад хялбар болгодог. Хүчтэй өтгөн кофе байх тусам сайн үйлчилнэ.
Гэвч өдөрт 3-аас дээш аяга хар кофе ууж болохгүй!!!