Тэмбүү
Тэмбүү нь цагаан трепонемаар / Treponema pallidum/ үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Үүсгэгчийг анх 1905 онд халдвартай хүний арьсны тууралт болон тунгалгийн зангилаанаас гаргаж авсан. Энэхүү үүсгэгч нь хүчил төрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг бөгөөд амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдраад үхдэг.
Халдвар дамжих зам:
- Хатуу яр
- Шалбарсан гүвдрүү
- Үтрээний шүүрэл
- Үрийн шингэн буюу тухайн хэсэгт өвчин үүсгэхүйц хэмжээний үүсгэгч агуулагдсан байх халдвар дамжихад арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байх хэрэгтэй. Заримдаа гэмтээгүй салст бүрхэвчээр үүсгэгч нэвтэрч болно.
Халдвар дамжих гол зам нь бэлгийн зам байдаг. Ховор тохиолдолд үнэсэлдэх, халдварлагдсан эд зүйлээр / шүдний сойз, тамхины иш, уруулын будаг эмнэлгийн багаж хэрэгслээр дамжина.
Шинж тэмдэг
Тэмбүү өвчин нь өвөрмөц эмнэлзүйн шинжүүдтэй, идэвхтэй болон далд хэлбэрээр явагдана. Олдмол болон жирэмсэн үед ихсээр дамжин урагт нэвтэрвэл төрөлхийн тэмбүү үүсгэнэ. Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртэл хугацааг нууц үе гэнэ. Нууц үе дунджаар 3 долоо хоног орчим байх ба 10-14 хоног хүртэл богиносож, 4 сар хүртэл уртсаж болно. Шинж тэмдэг 3 үе шаттай илэрнэ. Нэг хоёрдугаар үеийн тэмбүү 2 жил хүртэлх хугацаанд халдварлах боломжтой байдаг бол гуравдугаар үеийн тэмбүү халдваргүй байдаг.
Нэгдүгээр шат: Халдвар авснаас хойш 1-12 долоо хоног үргэлжилдэг.
- Хатуу , өвдөлтгүй, халдвартай шарх буюу хатуу яр гарна. Энэ нь шодой бэлгийн уруул орчим байх боловч амаар болон шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орсон бол тэр хэсгээр туурч болно.
- Цавь, хүзүүний тунгалгийн булчирхай томорч болно.
Хатуу яр 1-6 долоо хоногийн дараагаас аяндаа арилна.
Хоёрдугаар шат: Хатуу яр гарснаас хойш 6-24 долоо хоногийн дараа эхэлж
- Бие ялангуяа гарын алга, хөлийн уланд халдвар өндөртэй загатнахгүй тууралт гарах
- Зузаан, саарал эсвэл ягаан нойтон үү төст ургацаг бэлэг эрхтэн болон хошного арьсанд гарах
- Ховор тохиолдолд хэсэг газрын үс халцрах
- Халуурах ядрах
- Толгой булчингаар өвдөх
4-12 долоо хоногийн дараа эдгээр шинжүүд арилна. Ингэснээр энэ өвчин тодорхой бус хугацаагаар шинж тэмдэггүй үе шат руу шилжинэ.
Гуравдугаар шат: Зарим хүнд амьдралынх нь туршид дахин ямар нэгэн шинж илрэхгүй байх магадлалтай ч эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд халдвар авснаас 10-20 жилийн дараа 3-р үе шатанд шилжинэ.
Олон төрлийн шинж тэмдэг илэрч болох бөгөөд зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, булчин сулрах, алхаж чадахгүй болох гол судасны цүлхэн болон хүндрэх боломжтой.
Хүндрэл
- Үргүйдэл
- Урагт халдварлах
- Жирэмсэн эх амьгүй эсвэл төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх
- Сонсгол муудах
- ХДХВ, БЗЛХ –т өртөх эрсдэл өндөр болно.
Оношилгоо
Нэгдүгээр үе шатанд хатуу ярнаас арчдас авч микроскопоор шинжилнэ. Нэг хоёрдугаар үед цуснаас шинжилгээ авч оношлох боловч уг шинжилгээг хийлгэхдээ давхар бусад БЗХӨ-ны үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв гуравдугаар үе шатанд орсон бол тархи нугасны шингэнд тэмбүүгийн үүсгэгч тодорхойлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
- Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтлыг тэвчих
- Бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
- Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж занших
- Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах