Үений мултрал
Олон шалтгааны улмаас үений бүрэн бүтэн байдал алдагдаж, үеийг үүсгэж буй ясны нийлсэн хэсгүүд зөрж байрласан байдаг
Үений мултралыг хэлбэрээр нь хагас болон бүтэн гэж ангилж болдог.
- Бүтэн
Үе үүсгэж байгаа бүх яснууд гадаргаараа зөрж байрласан байна.
- Хагас
Үеийг үүсгэж буй яснуудын гадарга хагас эсвэл дутуу зөрж байрласан байна.
Шинж тэмдэг
- Мултарсан үеийг эрүүл талтай харьцуулж харахад хэлбэр нь өөр болсон байна.
- Мултарсан талын мөч нь эрүүл талын мөчөөс урт эсвэл богиноссон байна.
- Тухайн мөчний чиг өөрчлөгдөн гадагш чиглэлтэй болсон байна.
- Мултарсан үеийг тэмтрэхэд үений тогоо, үений толгой тус тусдаа тэмтрэгдэнэ.
- Өвдөнө.
- Хавдаж хөхрөлт үүснэ.
- Үений идэвхитэй хөдөлгөөн хязгаарлагдана.
- Аль үе мултарснаас хамаарч гарах шинжүүд (жишээлбэл: Эрүү мултарсан бол юм идэж чадахгүй, амаа ангайсан байдалтай байх..,)
Анхны тусламж
Үений мултралыг хамгийн гол нь хөдөлгөөнгүй болгох ёстой.
- Мултарсан үеийг хөдөлгөөнгүй болгон чиг тавих
- Үен дээр хүйтэн жин тавих
- Дарж боох
- Өргөх буюу сойх
Чиг тавих заавар
- Хугарсан хэсэг хувцастай бол хувцасных нь гадуур чиг тавина.
- Чиг нь гулзайж мурийхааргүй хатуу бат бөх зүйл байна.
- Арьс зөөлөн эдийг холгуулахгүйн тулд дотор нь даавуун эсвэл хөвөн (байхгүй бол гар доорх материалаа ашигла. Жишээ нь:ноос ноолууран цамц, ороолт..,) жийргэвч хийнэ.
- Чигийг тавьж боох бөгөөд боолтны чанга сулыг тохируулан боох хэрэгтэй.
Анхаарах зүйлс
Мултралын оруулах гэж оролдох хэрэггүй. Оролдлого хийснээр цусны судас болон мэдрэлийн ширхэгийг гэмтээх аюултай.