Үений мултрал
Үе үүсгэж байгаа яснуудын харьцаа алдагдахыг үений мулралт гэнэ. Үе мултрал нь нийт гэмтлийн дотор 1.5-3 хувийг эзэлдэг. Тэр дундаа дээд мөчдийн мултрал 7-8 дахин илүү тохиолддог байна.
Үений мултралыг хэлбэрээр нь хагас болон бүтэн гэж ангилдаг.
- Бүтэн: Үе үүсгэж байгаа бүх яснууд гадаргаараа зөрж байрласан байна.
- Хагас: Үеийг үүсгэж буй яснуудын гадарга хагас эсвэл дутуу зөрж байрласан байна.
Шалтгаан
- Төрөлхийн мултрал /Ихэвчлэн түнхний үенд нэг болон хоёр талын байна.Хоёр талын түнхний үе мултрахад хүүхэд савалж явдаг./
- Олдмол
- Гэмтлийн улмаас /үений мултралын 85-90 хувь гэмтлийн шалтгаантай байдаг/
- Эмгэгийн улмаас /хавдар, сүрьеэ, үений идээт үрэвсэл, саажилт, үе үүсгэгч ясны үрэвсэл зэрэг орно./
Шинж тэмдэг
- Мултарсан үеийг эрүүл талтай харьцуулж харахад хэлбэр нь өөр болсон байна.
- Мултарсан талын мөч нь эрүүл талын мөчөөс урт эсвэл богиноссон байна.
- Тухайн мөчний чиг өөрчлөгдөн гадагш чиглэлтэй болсон байна.
- Мултарсан үеийг тэмтрэхэд үений тогоо, үений толгой тус тусдаа тэмтрэгдэнэ.
- Үеэр хүчтэй өвдөнө.
- Хавдаж хөхрөлт үүснэ.
- Үений идэвхтэй хөдөлгөөн алдагдана.
- Аль үе мултарснаас хамаарч гарах шинжүүд /Эрүү мултарсан бол юм идэж чадахгүй, амаа ангайсан байдалтай байх г.м эсэргүүцэлтэй тулгарна)
Анхны тусламж
Үений мултралыг хөдөлгөөнгүй болгох нь маш чухал. Үүний тулд:
- Мултарсан үеийг хөдөлгөөнгүй болгон чиг тавих
- Үен дээр хүйтэн жин тавих
- Дарж боох
- Өргөх буюу сойх.
Чиг тавих заавар
- Хугарсан хэсэг хувцастай бол хувцасных нь гадуур чиг тавина.
- Чиг нь гулзайж мурийхааргүй хатуу бат бөх зүйл байна.
- Арьс зөөлөн эдийг холгуулахгүйн тулд дотор нь даавуун эсвэл хөвөн (байхгүй бол гар доорх материалаа ашигла. Жишээ нь:ноос ноолууран цамц, ороолт..,) жийргэвч хийнэ.
- Чигийг тавьж боох бөгөөд боолтны чанга сулыг тохируулан боох хэрэгтэй.
Анхаарах зүйлс
Мултралын оруулах гэж оролдох хэрэггүй. Оролдлого хийснээр цусны судас болон мэдрэлийн ширхэгийг гэмтээх аюултай. Тиймээс яаралтай гэмтлийн эмнэлэгт хандах хэрэгтэй.
Гэмтэлт өртөгчийн биеийн байдлын талаар таны өгч буй мэдээлэл нь үнэн зөв, дэлгэрэнгүй, шуурхай, тодорхой байвал эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах бололцоог олгодог.
Эмчилгээ
Онош бүрэн тогтоосны дараа зохих эмчилгээг хийнэ. Мултралыг ерөнхий болон хэсэг газрын мэдээгүйжүүлэлт хийж засна. Мөн булчин сулруулагч эм хэрэглэдэг.
Мултралыг хугацаа алдалгүйгээр тэр даруйд нь засах хэрэгтэй. Хугацаа алдах тусам үе мултарсан байрлалдаа хэвшиж, мөгөөрс гөлгөр чанараа алдан зөөлөрдөг. Улмаар үений үйл ажиллагаа алдагдах аюултайг анхаарна уу.
Мултралыг аль үенийх болон хэр хүндрэлтэй байгаагаас шалтгаалж 14-60 хоног бэхэлгээ хийдэг.
Эвийн аргаар хэвийн байдалд нь оруулж чадахгүй бол мэс заслын аргаар эмчилдэг.