Аутизм гэж юу вэ?
Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?
Монгол улсын хэмжээнд 800 гаруй иргэн аутизмаар оношлогдсон байдаг. Аутизм нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг. Аутизмын шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.
Аутизмтай хүүхдүүд бусдаас арай өөрөөр ертөнцийг харж, хүлээж авдаг. Тэдний хувьд бусадтай харилцах, үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх хэлбэр ондоо байна. Хэдийгээр энэ нь нийгмийн харилцаанд ороход тодорхой хүндрэлүүдийг учруулах эрсдэлтэй ч аутизмын талаарх ойлголттой болсноор бид өөрийн тусламжийг хүргэж чадах юм.
Аутизмын хүрээний эмгэг дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм”, “аспергерийн хам шинж” зэрэг хэд хэдэн төрлийн аутизмын хэлбэрүүд багтдаг. Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл байна.
Хэл ярианы бэрхшээл
Бусад хүнтэй үр бүтээлтэй харилцах болон өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Баримтууд/ерөнхий шинжүүд:
- Аутизмаар оношлогдсон хүмүүсийн 30% нь өөрийгөө илэрхийлэхдээ хэл яриа ашигладаггүй
- Тэдний 30% нь хүнтэй харилцахын тулд бус хэрэгцээн дээр суурилан харилцдаг
- Хэл ярианы чадвар хангалттай сайн байсан ч харилцан ярианд оролцох сонирхолгүй, өөрийн санаагаа зөв илэрхийлж чаддаггүй
- Харилцан яриаг эхлүүлэх, үргэлжлүүлэн ярих чадваргүй
- Тодорхойгүй сэдвээр ганцаараа удаан ярих
- Хүний хэлснийг давтаж цуурай мэт ярих
Нийгмийн харилцааны бэрхшээл
Бусад хүнтэй хэрхэн яаж биеэ зохистой авч явж харьцахаа төдийлөн сайн ойлгодоггүй. Баримтууд/ерөнхий шинжүүд:
- Хүмүүсийг сонирхдоггүй
- Хүмүүстэй харилцаа тогтоож, хадгалах чадваргүй
- Хариу үйлдэл үзүүлэх чадваргүй
- Хүмүүс хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүй
- Нэрээр дуудахад хариу үйлдэл үзүүлдэггүй
- Зан үйлийг буруу хэрэглэдэг
Туйлшрал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл
Мэдээллийг хүлээж авч боловсруулж ойлгохдоо муу, сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрэм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдал. Баримтууд/ерөнхий шинжүүд:
- Давтагдсан үйл үйлдэл хийдэг, нэг хувийн байдлыг шаарддаг
- Шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо удаан буюу дургүй
- Тодорхой шинэ орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэхдээ муу
- Орчны зарим өдөөгчид хэт мэдрэмтгий байх
- Бүхнийг шууд утгаар хүлээж авдаг
- Ач холбогдолгүй нарийн жижиг зүйлд хэт анхаардаг
- Хөдөлж, эргэлдэж байгаа зүйлийг хэт дурлаж хардаг
- Нэг тоглоомд хэт уягдах, юмсыг өрж жагсаах зэргээр ажиглагдана
Магадгүй та өөрийн хүүхдэд аутизмын хүрээний эмгэг байгаа гэж сэжиглэж байсан бол доорх хяналтын хуудсыг бөглөж үзэхийг санал болгож байна.
Бага насны хүүхдийн аутизмыг шалгах хяналтын хуудас
Та доорх хяналтын хуудсыг бөглөхдөө хүүхдийн тогтмол хийдэг үйлдэл дээр суурилан хариулахыг анхаарна уу. Хэрэв уг үйлдлүүд ховор тохиолддог (жишээ нь та үүнийг нэг, хоёр удаа л ажиглаж байсан) бол үгүй гэж хариулахыг анхаарна уу. 16-30 сартай хүүхдүүдэд зориулагдсан хяналтын хуудас болно.
1 | Таны хүүхэд хөдөлгөөнт тоглоомуудад дуртай юу? Жишээлбэл, савлах, өвдгөн дээр тань сууж тоглох гэх мэтчилэн | Тийм | Үгүй |
2 | Таны хүүхэд бусад хүүхэдтэй тоглох, харилцах сонирхолтой юу? | Тийм | Үгүй |
3 | Таны хүүхэд тоглоомын талбай, тавилга зэрэг дээр авирч тоглох дуртай юу? | Тийм | Үгүй |
4 | Таны хүүхэд нуугдаж тоглох дуртай юу? | Тийм | Үгүй |
5 | Таны хүүхэд хоосон аяганаас ус ууж болон утсаар ярьж буй мэт, хүүхэлдэйгээ хооллох гэх мэт хэлбэрээр тоглодог уу? | Тийм | Үгүй |
6 | Та хүүхэдтэйгээ ярьж байхад тэд таны нүд рүү эгцэлж хардаг уу? | Тийм | Үгүй |
7 | Таны хүүхэд сонирхож байгаа зүйл рүүгээ хуруугаараа зааж харуулдаг уу? | Тийм | Үгүй |
8 | Таны хүүхэд чимээ, шуугианд хэт мэдрэг байдаг уу? | Тийм | Үгүй |
9 | Таны хүүхэд ямар нэгэн зүйлийг харуулахдаа тухайн зүйлийг авчирч харуулдаг уу? | Тийм | Үгүй |
10 | Таныг инээмсэглэхэд хүүхэд тань хариуд инээмсэглэдэг үү? | Тийм | Үгүй |
11 | Хүүхэд тань таны хийж буй үйлдлийг дуурайдаг уу? | Тийм | Үгүй |
12 | Хүүхэд тань алхдаг уу? | Тийм | Үгүй |
13 | Хүүхэд тань нэрэндээ хариу үйлдэл үзүүлдэг үү? | Тийм | Үгүй |
14 | Та хүүхдээ сонсголын асуудалтай байж болзошгүй гэж боддог уу? | Тийм | Үгүй |
15 | Та ямар нэгэн тоглоом руу заахад хүүхэд тань тухайн зүйл рүү хардаг уу? | Тийм | Үгүй |
16 | Таны хүүхэд бусад хүмүүсийн ярьж буй зүйлсийг ойлгодог уу? | Тийм | Үгүй |
17 | Таныг ямар нэгэн зүйл рүү заахад хүүхэд тань тухайн зүгт хардаг уу? | Тийм | Үгүй |
18 | Хүүхэд тань нүүр орчмоо хуруугаараа хэвийн бус хөдөлгөөн хийдэг үү? | Тийм | Үгүй |
19 | Таны хүүхэд хийж буй зүйлдээ таны анхаарлыг татахыг хичээдэг үү? | Тийм | Үгүй |
20 | Ямар нэгэн зүйл тохиолдоход хүүхэд таны хариу үйлдлийг харахаар ширтдэг үү? | Тийм | Үгүй |
Хэрэв хяналтын хуудсыг бөглөх явцад 5 болон түүнээс дээш асуултуудад “ҮГҮЙ” гэж хариулсан бол та мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Ингэснээр та мэргэжлийн оношилгоонд хамрагдах боломжтой юм.
Монгол улсын хэмжээнд аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог СЭМҮТ, ЭХЭШҮТөв түүнчлэн аймаг, дүүрэг бүрд үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс албан ёсоор оношилж, оношийг зохих журмын дагуу тодорхойлж гаргадаг.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж олгох зорилготой. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол та эмч, мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Мэдээллийн эх сурвалж: Монголын Аутизмын холбоо
Хяналтын хуудасны эх сурвалж: Аутизмыг шалгах хяналтын хуудас
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube