Дунд чихний үрэвсэл
Чихний хэнгэрэг болон дотоод чихний хооронд бактери болон вирус орж үрэвсэхийг дунд чихний үрэвсэл гэнэ. Ихэвчлэн бага насны хүүхдийн дунд чих үрэвсэх хандлагатай ажиглагдана. Дунд чихний үрэвсэл болсон үед чих идээгээр дүүрч өвдөлт ихээр мэдрэгдэх бөгөөд антибиотик хэрэглэж эдгээнэ. Үрэвсэл дарагдахгүй удаан хугацаанд явснаар сонсгол муудах аюултай.
Шалтгаан
Дунд чих нь бактерийн эсвэл вирусийн гаралтай халдвар авснаас үрэвсдэг. Ихэвчлэн ханиад томуу, харшлын дараагаар дээрх халдваруудыг авна.
- Евстахын гуурсанд (чих хамрын хөндийг холбосон нарийн суваг) нянгийн халдвар орж бөглөрөх – Дунд чихнээс хамрын хөндий хүртэл байрласан сувгийг евстахын гуурс гэх бөгөөд энэ гуурс нь дунд чихний агаарын даралтыг зохицуулах, чихний агаарыг сэлбэх, дунд чихнээс илүүдэл зүйлсийг гадагшлуулах үүрэгтэй. Евстахын гуурсанд бактери орж үрэвсэн, салст үүсвэл дунд чих шингэнээр дүүрч улмаар чихний үрэвсэл болно. Бага насны хүүхдийн евстахын гуурс нь богино байдаг тул чих нь амархан үрэвсдэг онцлогтой.
- Евстахын гуурс нянгийн бус халдварын дараагаар дахин бөглөрөх – Чих үрэвсэж эдгэрсний дараагаар дахин шингэн хурах магадлалтай.
- Харшлын шалтгаанаар чих үрэвсэх.
- 6 сараас 2 настай хүүхдийг чих үрэвсэх магадлал өндөр ба хөхний сүүгээр бус нэмэлт тэжээлээр хооллодог нярай хүүхдийн чих үрэвсэх хандлага илүү өндөр байдаг.
- Ханиад хүрсний дараагаар евстахын гуурс битүүрч улмаар чих үрэвсэх магадлалтай. Энэ нь хавар, өвлийн улиралд түлхүү тохиолдоно.
- Агаарын бохирдол ихтэй газар ажиллаж амьдардаг байх.
Шинж тэмдэг
Хүүхдэд илрэх шинж тэмдэг
- Хэвтэхэд уйлах, чих өвдөж байна гэж хэлэх
- Чихний дотор талд хатгуулж өвдөх
- Унтахад хэцүү байх
- Ердийнхөөс илүү их уйлах
- Яраглах
- Сонсгол муудах
- Дуу чимээнд мэдрэг байх нь алдагдах
- Тэнцвэрээ олж чадахгүй байх
- 38 градусаас дээш халуунтай байх
- Чихнээс булаг гарах
- Толгой өвдөх
- Хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Насанд хүрэгсдэд илрэх шинж тэмдэг
- Чих өвдөх
- Чихнээс булаг гарах
- Сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хүндрэл
Удаан хугацаанд чих үрэвсэх эсвэл олон удаа дунд чих үрэвсэх нь дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болж болно.
- Сонсгол муудах – Олон удаа чих үрэвссэнээр чихний хэнгэрэг гэмтэж, сонсгол муудах аюултай.
- Хэлд ороход хүндрэл учрах – Бага насны хүүхдийн сонсгол муудсанаар хэлд орохгүй удна.
- Халдвар тархах – Чихний үрэвслийн улмаас ойр тойрны эрхтнүүдэд халдвар тархан ясыг гэмтээх, тархинд халдвар орох, менингит болох аюултай.
- Хэнгэрэг цоорох – Удаа дараалан чих үрэвссэнээс хэнгэрэг цоорч болно.
Урьдчилан сэргийлэлт
- Ихэвчлэн ханиадны дараагаар чих үрэвсдэг тул ханиад хүрэхээс сэргийлэх
- Тамхи татдаг бол тамхинаас гарах, мөн дам тамхидалтанд өртөхгүй байх
- Шинэ төрсөн хүүхдээ аль болох хөхөөр хооллохыг эрмэлзэх, шаардлагагүй бол нэмэлт тэжээл хэрэглэхгүй байх
- Нярай үүхдийг хөхүүлсний дараа 15-20 минут заавал босоо байрлалаар тэврэх, угжаар хооллохдоо хүүхдээ хэвтүүлэхгүй, босоо байрлалтай тэврэх
- Ханиад томуугаар өвчилсөн эсвэл хоолой өвдсөн үед цаг алдахгүй эмчлэх
- Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
- Тоос шороотой газар ажиллаж амьдардаг бол тогтмол маск зүүж хэвших
Зөвлөгөө
- Хүүхдийг хөхүүлсний дараа 15-20 минут заавал босоо байрлалаар тэврэх
- Ханиад томуугаар өвчилсөн эсвэл хоолой өвдсөн үед нэн даруй эмчлэх
- Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
- Тоос шороотой газар ажиллаж амьдардаг бол тогтмол маск зүүж хэвших
- Угжаар хооллохдоо хүүхдээ хэвтүүлэхгүй, босоо байрлалтай тэвэрч байх
- Насанд хүрсэн хүний хувьд бүлээн жин чихэн дээр тавих зэрэг арга хэмжээг авна.
Оношилгоо
Чихний хөндий, хоолой болон хамрын хөндийг зориулалтын гэрэлтэй багажаар харж үзлэг хийнэ.
- Хэнгэрэгний хөдөлгөөнийг хэмжих багаж
- Хэнгэрэгнээс гарах чимээг хэвийн эсэхийг шалгах
- Чихэнд үүссэн идээнээс дээж авч шинжлэх
Эмчилгээ
Хүүхдийн нас, хүйс болон үрэвсэл хэр хүнд байгаагаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.
Зарим тохиолдолд чихний үрэвсэл эмчилгээгүйгээр эдгэрдэг. 6-23 сартай нярайн үрэвсэл 24 цагаас доош хугацаанд дарагдахгүй бол эмчид үзүүлэх, 2-с дээш насны хүүхдийн чихний үрэвсэл 48 цагаас доош хугацаанд дарагдахгүй бол эмчид хандах шаардлагатай гэж үзнэ.
Бүлээн жин тавих, өвчин намдаах эм хэрэглэх зэргээр зовиурыг намдааж болно.
Хэрэв чихний үрэвслээс үүдэн 48 болон түүнээс дээш цагаар халуурвал антибиотик хэрэглэнэ.
Хэнгэргийн цаана байрлах идээг соруулан авах, мөн байнга идээ үүсээд байвал хэнгэргэн хальсанд гадагшлуулах цорго байрлуулдаг.