Уруул тагнайн сэтэрхий
Ургийн эрхтэн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн улмаас уруул хооронд сэтэрч үүссэн эмгэгийг уруул тагнайн төрөлхийн сэтэрхий /УТТС/ гэдэг. Хүүхдийн нүүр эхийн умайд бүрэн бүрэлдээгүйгээс уг гажиг үүсдэг. Уруул тагнайн гажиг нь хамгийн нийтлэг тохиолдох төрөлхийн гажиг бөгөөд удамшлын шалтгаанаас үүдсэн байх боломжтой.
Сэтэрхий уруул, тагнайтай хүүхэд төрүүлэх нь сэтгэлзүйн хувьд цочролд оруулж болох ч хагалгааны аргаар засах бүрэн боломжтой.
Шалтгаан
Эрүүл жирэмслэлтийн үед жирэмсний 2-3 сард ургийн дээд уруул болон тагнай бүрэлддэг.
Мөн ховор тохиолдолд хэвийн төрсөн боловч орчны шалтгаанаас уруул сэтрэх үзэгдэл ажиглагдана.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Удамшил
- Хүйс – Эрэгтэй хүүхдийн уруул сэтэрхий төрөх нь элбэг байдаг бол эмэгтэй хүүхдийн тагнай сэтэрхий төрөх магадлал өндөр байна.
- Эх нь жирэмсний үед архи ууж, тамхи татдаг байсан бол
- Жирэмсний үед хэт тарган байсан бол
- Химийн нөлөөгөөр /химийн эм тариа, химийн хордлого/
- Бактери, нянгийн халдварууд
- Физик хүчин зүйлс / туяа цацраг, механик шалтгаан/
- Эцэг эхийн нас
- Дотоод шүүрлийн өөрчлөлтүүд нь хүүхэд сэтэрхий уруул тагнайтай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинж тэмдэг
- Дээд уруул жижиг сэтэрсэн байх
- Дээд уруулын тал нь байхгүй байх
- Тагнай байхгүй байх
- Тагнай сэтэрсэн байх
Эдгээр шинж тэмдгүүд нь дөнгөж төрсний дараагаар шууд нүдэнд ажиглагдах тул нэмэлт шинжилгээ шаардлагагүй.
Ховор тохиолдолд амны хөндийн хойд хэсэгт тагнай дутуу бүрэлдсэн байх гажигтай хүүхэд төрдөг. Ийм гажиг нь төрсний дараахан мэдэгдэхгүй боловч өсөж бойжих явцад дараах шинж тэмдгээр ажиглагддаг.
- Хооллоход хүндрэлтэй байх
- Юм залгихад хүндрэлтэй байх
- Хахах
- Хамраар хоол, уусан зүйл гарах
- Хамраараа ярих
- Ойр ойрхон чих үрэвсэх
Хүндрэл
Хооллолтын асуудлууд – Сэтэрхий уруултай хүүхдийг хөхүүлэхэд асуудал учрахгүй ч сэтэрхий тагнайтай бол сүүгээ залгиж чадахгүйд хүрнэ.
Чихний үрэвсэл болон сонсголгүй болох – Тагнай сэтэрхий байх нь чихэнд шингэн хурж, сонсголгүй болгоход хүргэдэг.
Шүд ургахад асуудал учрах – Хэрэв буйлны гажигтай төрсөн бол шүд ургахгүй байх, шүд гажигтай ургах болно.
Ярихад хүндрэл учрах – Тагнай нь дуу чимээ гаргахад ашиглагддаг тул сэтэрхий тагнайтай төрсөн бол хамраараа ярьж байгаа мэт сонсогддог.
Хүүхдийн сэтгэлзүйн асуудлууд – Төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд нийгэмшихэд бэрх болох, зан ааш нь өөрчлөгдөх зэрэг асуудлууд тулгарч болно.
Хүндрэл үүсэхэд авах арга хэмжээ
- Хүүхдээ зориулалтын угжаар хооллох
- Ярианы дасгал хийлгэх
- Шүдний гажигтай бол шүдний аппарат зүүлгэх
- Бага наснаас нь шүдний хэвийн ургалтыг хянах
- Чихний үрэвсэлтэй эсэхийг үзүүлэх
- Сонсгол муудсан бол чихний аппарат зүүлгэх
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв нэг хүүхэд тань уруул тагнайн гажигтай төрсөн бол дараагийн хүүхэд ийм гажигтай төрөх магадлалтай. Ихэнх тохиолдолд энэ гажгаас урьдчилан сэргийлэх боломжгүй.
Гэхдээ дараах арга хэмжээг авснаар гажигтай хүүхэд төрөх магадлалыг бууруулна.Үүнд:
- Удамд тань уруул тагнайн гажигтай хүүхэд төрж байсан эсэхийг судлах
- Жирэмсний үед витамин хэрэглэх
- Алкоголь хэрэглэхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Эрүүл хүнс хэрэглэх
- Жирэмсний үед сэтгэл санааг тайван байлгах
Оношилгоо
Жирэмсний үед хэт авиагаар харах – Өсч буй ургийг хэт авиагаар харж биеийн бүтцэд асуудал байгаа эсэхийг тогтооно. Уруул тагнайн сэтэрхий нь ихэвчлэн 13-р долоо хоног дээр ажиглагддаг.
Эмчилгээ
Эмчилгээний гол зорилго нь хүүхдийн хооллох, ярих, сонсох чадварыг дээшлүүлэхэд оршино. Уруул тагнайн гажигтай төрсөн хүүхдийн тухайн нөхцөл байдлаас хамааран дараах хагалгаануудыг хийдэг.
- 12 сартайд нь сэтэрхий уруулын хагалгаа
- 18 сартайд нь сэтэрхий тагнайн хагалгаа
- Шаардлагатай бол хэл яриа сайжруулах, сонсгол сайжруулах хагалгааг 2 болон түүнээс дээш настайд нь хийж болно.
Хагалгааны үеэр хүүхдийг нойрсуулсан байх тул өвдөлт мэдрэгдэхгүй.
- Сэтэрхий уруулын хагалгаа – Сэтэрсэн уруулыг нийлүүлэн оёно.
- Сэтэрхий тагнайн хагалгаа – Сэтэрсэн тагнайг нийлүүлэн оёно.
- Чихний хагалгаа – Сэтэрхий тагнайтай хүүхдийн дунд чихэнд шингэн хурж, сонсгол муудах тохиолдол гардаг. Энэ хагалгаагаар хурсан шингэнийг гадагшлуулах, дахин шингэн хурахаас сэргийлэх арга хэмжээ авна.