Улаанууд
Улаанууд нь /Rubella, Герман улаан бурхан/ вирусын халдвараар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг, арьсны тууралтат халдварт өвчин юм. Энэ өвчнөөр жирэмсэн хүмүүс халдварлахад ургийн төрөлхийн гажиг үүсэх аюултай байдаг. Халдвар улаанууд өвчнөөр өвчилсөн хүний арьсанд хүрэхэд эсвэл агаар дуслын замаар тархана.
Шалтгаан
- Вакцин хийлгээгүй байх – улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын хавсарсан вакциныг манай улсад 2 үе шаттайгаар хийдэг бөгөөд эхний вакциныг 14 сартай, дараагийн вакциныг 6-7 настайд хийдэг.
- А витамины дутагдал – Хэрэв А витамины дутагдалд орсон бол улаанууд өвчин тусах магадлал өндөр байх бөгөөд хүнд хэлбэртэй тусах магадлалтай.
Шинж тэмдэг
Улаанууд өвчний шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас 10-14 хоногийн дараа илэрч эхэлнэ. Үүнд:
- Чихний арын болон хүзүүний тунгалгийн булчирхай томорч эмзэглэл мэдрэгдэх
- Халуурах. Ихэвчлэн 2-3 хоногийн турш халуурдаг.
- Хуурай ханиалгах
- Хамраас нус гоожих
- Нүд үрэвсэх
- Хоолой улайж, өвдөх, сөөх
- Амны дотор хэсэгт олон жижиг цагаан тууралтууд ажиглагдах
- Арьсан дээр ойр ойрхон, олон жижиг улаан тууралтууд бий болох
- Гэнэтийн тууралт – Бага зэрэг товойсон улаан тууралт арьсан дээр туурах бөгөөд тууралт үүссэн хэсгүүд ойр ойрхон загатнадаг. Эхлээд чихний хойд хэсэг, үсний эргэн тойронд туурч эхэлнэ. Дараагийн өдрүүдэд нүүр, амны дотор хэсэг, гар, хөлөөр улаан тууралт гарч 40-41 градус хүртэл халуурдаг.
Улаанууд өвчний улаан тууралт гарснаас хойших 4 хоногт бусдад халдвар тараах магадлал хамгийн өндөр байна.
Хүндрэл
- Чихний халдвар– Улаанууд өвчнөөс үүдэн чих үрэвсэх
- Бронхит, Ларингит– Гуурсан хоолой үрэвсэх
- Хатгалгаа – хатгалгаа болж хүндрэх тохиолдол их байдаг
- Тархи үрэвсэх – Хүнд хэлбэрийн улаанууд өвчин нь тархи үрэвсэж бөөлжих, толгой эргэх зовуурь илэрдэг.
- Жирэмсний хүндрэлүүд – Жирэмслэлтийн үед улаануудаар халдварлах нь зулбах, дутуу төрөх, ургийн төрөлхийн гажиг үүсгэх аюултай. Төрөлхийн дүлий, оюуны хомсдол, нүдний гажиг, зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлалтай.
- Цусны ялтсан эсийн тоо багасах – Цус алдалтыг зогсоох үүрэгтэй цусны ялтсан эсийн тоо буурахад хүргэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Улаанууд өвчин туссан бол дараах арга хэмжээг аваарай.
Халдвар аваагүй хүмүүсээс хол байх – Биеэр улаан тууралт гарсны дараах 4 хоногт бусдад халдвар тараах эрсдэл байдаг тул энэ хугацаанд бусадтай ойртохгүй байх, амны хаалт зүүх хэрэгтэй
Вакцин – Улаанууд, гахайн хавдар, улаан бурхны хавсарсан вакцин хийлгэж байгаагүй бол вакцинд хамрагдаарай. Жирэмсэн болон ойрын 1 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол тус вакциныг хийлгэхгүй.
Зөвлөгөө
- Амрах – Ядарч сульдахгүйн тулд орондоо хэвтэж амрах
- Шингэн юм уух – Өндөр халуурч хөлс ихээр гардаг тул их хэмжээний ус ууж алдсан шингэнээ нөхөх
- Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, витамин уух
- Гэрлээс хол байх – Гэрэлд хэт мэдрэмтгий болдог тул гэрлээ унтраах, өдрийн цагаар нарны шил зүүх зэрэг арга хэмжээг авна.
Эмчилгээ
Халуун бууруулах эм уух: Ибупрофен, напроксен, ацетаминофен зэрэг халууны эсрэг, өвчин намдаах эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
Антибиотик: Хатгалгаа, чихний халдвар зэрэг бактерийн гаралтай өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ. Дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Витамин А: А витамины дутагдалтай хүмүүс улаанууд өвчний халдвар авсан бол хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай байдаг. Тиймээс эмчийн зааврын дагуу А витамины нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай.