Цөсний чулууны талаарх таны мэдэх ёстой зүйлс
Цөс болон цөсний хүүдийн тухайд
Цөсний хүүдий нь элэгний баруун дор байрладаг гялтан хальсаар хучигдсан хөндийт эрхтэн юм. Хоногт 1,5 литр орчим шингэн цөс элгэнд үүсэж боловсрон элэгний ерөнхий цоргоор дамжин цааш явсаар нарийн гэдсэнд нойр булчирхайн цорготой нэгдэн шүүрлээ ялгаруулж хоол боловсруулалтад оролцдог байна. Энэ замыг туулах явцад шингэн цөс нь цөсний хүүдийнд орж хуримтлагдан шимэгдэж 5-10 дахин өтгөрөн хадгалагддаг. Хоол идэх үед хүүдий агшиж амсар нээгдэн нарийн гэдсэнд өтгөрсөн цөс орж өөрийн үүргээ гүйцэтгэнэ.
Тус эрхтэн нь хэд хэдэн шалтгааны улмаас эмгэг байдалд өртөн хүүдий дотор чулуу үүсэхийг цөсний хүүдий чулуужих өвчин гэдэг.
Ямар шалтгааны улмаас цөсний чулуу үүсдэг вэ?
Гол шалтгаан нь цөс зогсонгижилд орж өтгөрөх, цөсний найрлага алдагдсантай холбоотой байдаг. Дээр дурдсанчлан зөвхөн хоол идэх үед цөсний хүүдийн амсар нээгдэн хоол боловсруулахаар цөс нарийн гэдэс рүү урсдаг. Олон жилийн туршид өглөө өлөн явах буюу удаан хугацаанд ходоод хоосон явах, хоолны дэглэм баримтлах гэх мэт шалтгааны улмаас хүүдийнд цөс удаан хугацаагаар хадгалагдаж мөн дахин шинэ цөс орж ирэн улам өтгөрүүлсээр цөсний найрлага алдагдаж цөсний хүүдийн чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг байна.
Дараах хүчин зүйлс мөн цөсний найрлага өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлс болно:
- Нас (Ихэвчлэн 40-өөс дээш нас)
- Удамшил
- Хүйс (эмэгтэйчүүдэд нийтлэг ажиглагдана)
- Хорт зуршил
- Таргалалт
- Буруу хооллолт
- Даавар агуулсан эм тогтмол хэрэглэх
- Элэг, цөсний замын өвчнүүд
- Чихрийн шижин
- Газар зүйн онцлог
Цөсний чулуу эмгэгийн тархалтын тухайд
Хөгжингүй орнуудын нийт хүн амын 10-20% нь цөсний чулуутай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд цөсний хүүдийн чулуу үүсэх нь эрчүүдээс 3 дахин их аж. Аав ээж нь тус өвчнөөр өвдөж байсан бол хүүхдүүд нь өвдөх магадлал 2 дахин илүү байдаг. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар 5 эмэгтэй 10 эрэгтэй тутмын нэг нь тус өвчнөөр өвдөж байна.
Цөс чулуужих үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?
Цөсний хүүдийнд үүссэн чулуу нь хүүдийн ханыг нимгэлж, салст бүрхүүлийг холгож шархлуулж эхэлдэг. Энэ хүртэл ямар ч зовуурь илэрдэггүй бөгөөд 5-10 жил ч үргэлжилж болно.
Үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилбэл хүүдийн хана зузаарч үрэвсэн дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Баруун хавирганы доогуур хатгаж өвдөх, өвдөлт баруун гар, дал, мөр лүү дамждаг онцлогтой
- Гашуун амт амтагдах
- Бөөлжис хүрэх
- Нүдний эвэрлэг шарлах
- Хүндэрсэн үед бүх бие шарлах, халуурах
Цөс чулуужих эмгэгийг цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс ямар хүндрэлүүд үүсэж болох вэ ?
Суваг бөглөрөх
Цөсний чулуу хүүдийнээсээ гарч доош нарийн гэдэс рүү орох замдаа сувгаа бөглөснөөр баруун хавирга орчим маш хүчтэй өвдөн бүх биеэр шарлана. Нийт чулуутай хүмүүсийн 20%-д тохиолдох ба яаралтай мэс заслын аргаар эмчилнэ.
Суваг урагдаж гэмтэх
Чулуу хүүдийнээс гарч сувгийг бөглөхгүй ч урж үрэвсүүлснээр сорвижиж эдгэснээс үүдэж суваг нарийсаж, урагдаж гэмтэх эрсдэлтэй.
Цөсний хүүдий болон суваг идээлэх
Цөсний хүүдий идээлж гэнэт өндөр халуурах, хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд амь насанд халтай тул эмийн болон мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай.
Цөсний чулууг хэрхэн оношлох вэ?
ЭХО шинжилгээгээр цөсний хүүдийнд байгаа чулуу, түүний хэлбэр хэмжээ, байрлал, тоо ширхгийг тогтоож болно. Шаардлагатай тохиолдолд компьютер томографын шинжилгээ хийгдэнэ.
Цөсний чулуу хэдий хэр томордог вэ?
Цөсний чулуу дунджаар 0,5-1 см хэмжээтэй бөгөөд бөөрөнхий, зууван хэлбэртэй байна. Бүтцийн хувьд элсэрхэг ба олон хүүдийнд хэдэн ч тооны чулуу байрлаж байх магадлалтай аж.
Цөсний чулуутайгаа амьдрах боломжтой юу?
Нийт хүн амын 10-20%-д цөсний чулуу үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийг гэмтээх, сувгийг бөглөх, идээлэх зэрэг хүндрэл үүссэн тохиолдолд зайлшгүй авхуулах шаардлагатай. Гэвч цөсний чулуутай гэдгээ мэдсэн ч тодорхой шинж тэмдэггүй тул зохих дэглэмийг мөрдөж, гам барьж өөрийн хүсэлтээр авхуулалгүй амьдрах тохиолдлууд ч бий. Энэ нөхцөлд хэзээ өвдөх нь тодорхойгүй тул эрсдэлтэй юм.
Цөсний чулуу авхуулах нь насжилтад нөлөөлдөг үү?
Мэс засал ямар нэг хүндрэл үгүй, амжилттай болсон тохиолдолд насжилтад нөлөөлөхгүй. Энгийнээр бол цөсний хүүдийг элэгнээс хуулж авснаар хоол боловсруулалтад оролцож байдаг цөсний хадгалах савыг авч байна гэсэн үг юм. Цөс элэгнээс хэвийн ялгарч л байна. Гэхдээ хоол идэх үед ялгарч байдаг цөс маань байнгын тогтмол нарийн гэдэс рүү бага багаар урсаж байдаг. Ингэснээр зарим хүмүүст хагалгааны дараа өтгөн бага зэрэг шингэрч ойр ойрхон гүйлгэх хандлага ажиглагддаг ч амьдралын чанарт төдийлөн нөлөөлдөггүй тул хэвийн амьдрах бүрэн боломжтой.
Цөсний чулууг мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой юу?
Одоогоор тийм боломж үгүй. Зөвхөн нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар эмчилнэ. Сүүлийн үед цөсний хүүдийг авалгүйгээр үлдээн чулууг гаднаас нь бутлах, уусгах мэс заслын аргууд туршигдсаар байна.
Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авах нь зүйтэй вэ?
- Тогтмол зөв хооллох, тэр дундаа өглөөний цайг тогтмол ууж хэвших
- Таргалалтаас зайлсхийж тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Дааврын эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх
- Элэг, цөсний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлэх, цаг алдалгүй эмчлэх
- 30+ насны хүмүүс цөсний чулуугүй байвал улиралд 1 удаа цөс туух арга хэрэглэх (чулуутай үед цөс туух нь сувагт чулуу гацах эрсдэлтэй)
- 1 жил тутам хэвлийн эход хяналтын зорилгоор үзүүлдэг байх
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube