Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгчдийнхээс ялгаатай юу?
Хорт хавдар нь хүний амьдралын бүх үед тохиолдох бөгөөд ямар ч эрхтнийг гэмтээх чадвартай эмгэг юм. Хүний бие 200 гаруй төрлийн 37.2 их наяд эсээс бүтдэг ба эс тус бүр нь өөрийн гэсэн амьдрах хугацаатай байдаг. Өдөр бүр хүний биед тодорхой тооны эс үхэж мөн ижил тооны эс нөхөн төлжиж бий болдог. Харин хорт хавдраар өвчилсөн тохиолдолд өдөр бүр мөхөж байх ёстой эс мөхөлгүй үлдэж хүний биед хортой хавдар үүсгэдэг байна. Хортой хавдрын эсийн энерги зарцуулалт энгийн эстэй харьцуулахад 200 дахин их байдаг нь өвчтөний бие турж эцэх, богино хугацаанд амьдрах чадвараа алдах эрсдэлүүдийг бий болгодог.
Жил бүр дэлхий дахинд 0-19 насны 400 000 гаруй мянган хүүхэд хорт хавдраар оношлогддог. Монгол Улсын хувьд сүүлийн 7 гаруй жилийн хугацаанд жил бүр 100 гаруй хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Энэ дунд цусны болон тархины хорт хавдар, зөөлөн эдийн хавдар, лимфоа буюу булчирхайлаг эсийн гаралтай хавдрууд зонхилон тохиолддог аж. Нийт 16 төрлийн хорт хавдар байдаг ба түүн дотроо 100 гаруй нарийн түвшний хорт хавдраар хүүхдүүд өвдөх эрсдэлтэй.
Эдгээр үзүүлэлтүүд нь хорт хавдар залуужиж байгааг баталж буй. Насны ангиллын хувьд 2017 оны байдлаар хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 40 хувийг 0-4 насныхан, 25 хувийг 5-9 насныхан, 19 хувийг 10-14 насныхан, 17 хувийг 15-19 насныхан эзэлж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт 80 гаруй хувь байдаг бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 15-45%-ийг эзэлдэг. Хөгжиж буй орнуудад эдгэрэлтийн хувь бага байдаг нь хэд хэдэн зүйлээс шалтгаална. Тухайлбал, оношилгоо дутмаг, буруу болон хожуу оношилгоо, эмчилгээ тасалдах, гаж нөлөөний хордлого, хавдрын дахилт зэрэг шалтгаанууд эзэлдэг.
Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгсдийнхээс юугаараа ялгаатай вэ?
Хүүхдийн хорт хавдар нь насанд хүрэгчсдийнхээс ялгаатай байдаг. Учир нь хүүхдийн хорт хавдрын дийлэнх хувийг тодорхойгүй шалтгаан эзэлдэг бөгөөд 5 гаруй хувийг хүрээлэн буй орчин болоод амьдралын хэв маягаас шалтгаалдаг байна. Үүний зэрэгцээ хромосом, генийн гажигтайгаар хорт хавдар үүсэх магадлалтай. Түүнчлэн бага насанд илрээгүй ч хүүхэд том болсны дараагаар ямар нэгэн гэмтэл авсны улмаас суурь хавдар сэдрэх эрсдэлтэй байдаг байна.
Хүүхдийн хорт хавдар эрт оношлогдсон тохиолдолд хавдар жижиг хэмжээтэй, тархалт бага байдаг учраас мэс заслаар авах, түүний дараах эмчилгээ нь сайн үр дүнг өгөх боломжтой. Хавдрын нэг аюултай тал бол хүний биеийн хаана ч аль ч хэсэгт үүсэх чадвартай байдаг. Үүнээс хамаарч илрэх онцлог, үе шат, төрлөөс хамаараад эмчилгээний сонголтууд өөр өөр байх юм. Түүнчлэн тухайн хавдрын тархалт, үе шатаас хамааран амьдрах чадамжийг хэлэлцэж эхэлнэ.
Хорт хавдар удамшдаг уу?
Хорт хавдар нь удамших боломжтой өвчин юм. Хүний удамшлын мэдээлэл хадгалдаг хромосом дотор хавдрын ген оршиж байдаг ба таны генд байж болох тэр хавдрын мэдээллийг идэвхжүүлэх зан үйлээс зайлсхийх шаардлагатай байна.
Хэдийгээр хорт хавдрын тархалт өндөр байдаг ч тэдгээрийн 5-10% нь л удамшлын шинж чанартай байдаг байна. Энэхүү удамшлын хорт хавдрын генийг эцэг эхийн аль нэгээс өвлөж авсан тохиолдолд доорх тодорхой төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Удамшлын шинж чанартай хорт хавдрууд:
- Хөхний хорт хавдар
- Бүдүүн гэдэсний хорт хавдар
- Түрүү булчирхайн хорт хавдар
- Өндгөвчний хорт хавдар
- Умайн хорт хавдар
- Меоанома (арьсны хорт хавдрын нэг төрөл)
- Нойр булчирхайн хорт хавдар
Урьдчилан сэргийлэхийн ач холбогдол
Хорт хавдрын эмчилгээний үр дүн эрт оношилгоо, оновчтой бөгөөд тууштай эмчилгээнээс шалтгаална. Эрт оношилгоо нь эмчилгээний өндөр үр дүн, өвчтөний амь насанд учрах эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл юм.
Үүний тулд эцэг эхчүүд эмнэлгийн үйлчилгээг тогтмол авч хэвших нь зүйтэй. Нүдэнд харагдах шинж тэмдэг илрэх хүртэл эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагддаггүй хандлага нийтлэг ажиглагддаг. Зөвхөн ямарваа нэг эмгэг, тодорхой зовуурьтай үед эмнэлгийн тусламж авахаар үйлчлүүлэх бус урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулах хэрэгтэй юм.
Хүүхдийн хорт хавдар эрт оношлогдсон тохиолдолд хавдар жижиг хэмжээтэй, тархалт бага байдаг тул цаашдын эмчилгээний эерэг үр дүнд хүрэх боломжийг олгодог. Хорт хавдрын хамгийн аюултай чанар бол хүний биеийн бүх хэсэгт үүсэх чадвартай. Иймд, илрэх онцлог, үе шат ба төрлөөс хамааран эмчилгээний сонголт өөр байна. Тухайн хавдар ямар үе шатанд байгаагаас хамааран тухайн хүүхдийн амьдрах чадамж тодорхойлогддог тул эрт оношилгоо маш чухал юм.
Хавдар үүсгэгч генээс гадна, хэдий бага хувийг эзэлдэг ч гэсэн хүүхдийн амьдарч буй орчин хавдар үүсэх эрсдэлийг бий болгох магадлалтай. Тодруулбал, манай улсын хувьд агаарын бохирдол хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн эрүүл мэндэд заналхийлж буй хүчин зүйл. Эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа тул эрүүл мэндэд тавих анхаарлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийн дахин нэг баталгаа юм.
Хүний хамгийн том баялаг бол эрүүл бие юм. Иймд, та хүүхдэдээ бага наснаас нь эхлүүлэн эрүүл амьдралын хэв маягийн хэвшүүлж, эрүүл мэндийг эрхэмлэдэг, эрүүл байхын ач холбогдлыг ойлгодог хүн болгон төлөвшүүлэх нь тэдэнд оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг юм шүү. Үрс бүр эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай амьдрах болтугай.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube