Архины донтолт
Архины донтолт нь хүнд тэсвэрлэшгүй их, өөрийгөө албадан уух эрмэлзлийг төрүүлж, амьдралын бусад зүйлсийг үл хайхрахад хүргэдэг. Эрэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолдох бөгөөд ялангуяа 20-40 насныханд нэн элбэг аж. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь элгийг өвчлүүлэхээс гадна, сэтгэцийн эрүүл мэндийг гэмтээж, тухайн хүний гэр бүл, нийгмийн байр суурийг үгүй хийх аюултай байдаг.
Монгол Улсын хэмжээнд нийт насанд хүрэгчдийн 6.5 гаруй хувь буюу 93 мянга орчим хүн архинд донтох эмгэгтэй болохыг судалгаагаар тогтоожээ.
Шалтгаан
Архины донтолтыг маш олон хүчин зүйл хоршиж үүсгэдэг. Заримдаа архинд донтолт удамших бөгөөд энэ нь зарим талаараа хүүхэд архичин эцэг, эхийн дэргэд өсөх, нөгөө талаараа удамшлаар авсан уух хандлагаас үүдэлтэй. Ичимхий, хямрамтгай эсвэл нийгмээс айх айдастай, сэтгэл гутралтай хүмүүс архи их уух нь бий. Ажлын шаардлагаар бусадтай архи уух тохиолдол олонтаа гардаг хүмүүсийн хувьд донтолтод өртөх эрсдэл ихтэй байна. Стресстэх үедээ ууж байж тайвширдаг хүмүүс яваандаа донтох магадлалтай.
Шинж тэмдэг
Архины донтолт архийг олон жил тааруулж хэрэглэх буюу их ууснаар үүсэх боломжтой. Энэ тохиолдолд:
- Уух хорхой төрж, уусан хэмжээгээ хянаж чадахгүй болох
- Архины нөлөөнд тэсвэртэй болсноор их хэмжээгээр ууж мансуурах
- Сүүлд ууснаас хойш хэдэн цагийн дараа үүсэх хамар битүүрэх, хөлрөх, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Маш их уудаг хүн уухаа зогсоосон тохиолдолд архинаас гэнэт гарснаас үүдэн уналт, таталт өгнө. Ойролцоогоор 2 хоног архи уухгүй байсны дараа халуурах, салгалах, уналт таталт өгөх, баримжаагаа алдах, хий юм үзэх зэрэг архины цагаан солио туссаны шинж тэмдэг илэрч болзошгүй. Шинж тэмдэг 3-4 хоног үргэлжилж, улмаар тухайн хүн маш удаан унтах болно. Туйлын тохиолдолд шок үүсэх бөгөөд энэ нь үхлийн аюултай юм.
Хүндрэл
Спирт нь биед шууд нөлөөлж, олон төрлийн өвчин үүсгэдэг. Архинд удаан хугацаанд донтох нь элэгний ноцтой өвчин үүсэх шалтгаан болж, хоол боловсруулах тогтолцоог гэмтээснээр ходоод гэдэсний шархлаа үүснэ.
Их уудаг хүмүүс муу хооллодог учир В амин дэмийн (тиамины) дутагдалд орж, энэ нь яваандаа тэнэгрэл үүсгэж болно. Хааяа тиамины хурц дутагдлаас болж цус багадаж, будлиу болохын зэрэгцээ алсдаа комд ордог. Хэрэв урт хугацааны турш их хэмжээгээр уувал чухал эрхтнүүд гэмтэж, үхэлд хүргэж болзошгүй.
Архины донтолт нь дараах сэтгэцийн асуудлуудыг үүсгэнэ: сэтгэл түгшил, сэтгэл гутрал, дэмийрлийн эмгэгүүд, амиа хорлох хандлага. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс ерөнхийдөө хувиа бодсон зан төлөвтэй байдаг. Тэд найз нөхөд, гэр бүлийнхнээ үл хэрэгсдэг.
Оношилгоо
Эмч эцсийн оношыг тогтоохоос өмнө өвчтөнөөс асуумж авч хэр зэрэг архи уудаг эсэх болон донтолтын зэргийг тогтооно. Мөн элэг болон бусад эрхтэн гэмтсэн эсэхийг шалгахын тулд нарийвчилсан лабораторийн шинжилгээнүүд хийнэ.
Эмчилгээ
Архины хэрэглээгээ багасгах нь ихэвчлэн хүндрэлтэй байдаг. Бусадтай л ууна гэж цөөлсөн ч тэр бүр бүтэлтэй болдоггүй. Үүний оронд архинаас нэг мөсөн татгалзах хэрэгтэй. Хөнгөн зэргийн донтолттой үед гэрт нь шаардлагатай дэмжлэг үзүүлснээр архинаас гаргах арга хэмжээ авах боломжтой. Сэтгэл түгшлийн эсрэг эмийг хэсэгтээ уулгаж, сэтгэл хөөрөл болон архинаас гарах үеийн бусад шинж тэмдгийг дарах боломжтой.
Архи ихээр уухаа гэнэт зогсооход уналт таталт буюу архины цагаан солио үүсэж болзошгүй. Архины цагаан солионы шинж тэмдэг нь амь насанд эрсдэлтэй тул тухайн хүнийг эмнэлгийн хоргүйжүүлэх тасагт хэвтүүлэх шаардлагатай. Архинаас гаралтын шинж тэмдгийг сэтгэл түгшлийн эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн эмээр дардаг.
Урт хугацааны архины донтолтоос үүссэн урхагыг ходоод гэдэсний шархлааны эсрэг эм, тиамины дутагдалд В амин дэмийн тарилга хийж тус тус хийнэ.
Архинаас гаралтын шинж тэмдгийг эмчилсний дараа эмч архины хорхойсол багасгах, эсвэл архи уусан тохиолдолд таагүй хариу урвал өгдөг. Дахин давтагдахаас сэргийлж ганцаарчилсан, бүлэглэсэн зөвлөгөө өгснөөр архинд донтох асуудлыг шийдвэрлэхэд тус болно.
Өвчний тавилан
Архинд орсноо хүлээн зөвшөөрөх, архинаас гарах үед сэтгэлийн дэм авах нь архинаас гаргах боломжийг нэмэгдүүлдэг. Өөртөө туслах эрмэлзэлтэй хүмүүсийн бүлэгт нэгдэх нь дахиж уух эрсдэлийг бууруулна. Гэхдээ урт хугацааны архины донтолтын дараа хэд хэдэн удаа хоргүйжүүлэх эмчилгээ хийж байж архинаас бүрэн гарах нь бий.
Архины цагаан солио туссан 5 тохиолдлын нь эмчлүүлэхгүй орхивол үхлээр төгсөх аюултай.