Алцхемерийн өвчин
Тархины эсүүд сөнөрөлд орж хэвийн бус уураг (амилойд плак эсвэл зангилаа ороомог) хуримтлагдсанаар Алцхеймерийн өвчин үүсдэг.Үр дүнд нь тархины эд агшиж, оюун ухаан ихэд доройтсоноор тэнэгрэлд орно.
Алцхеймерийн өвчин нь тэнэгрэлийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд Их Британид ойролцоогоор 520 000 хүн уг өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолдоно. 65-аас дээш насны 14 хүн тутмын 1 нь, 80-аас дээш насны 6 хүн тутмын 1 нь уг өвчнөөр шаналдаг. Гэвч залуу хүнд илрэх тохиолдол ч байдаг. Алцхеймерийн өвчин эмэгтэйчүүдэд тохиолдох нь түгээмэл бөгөөд шалтгаан нь тодорхой бус хэдий ч энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс урт байдагтай холбон ойлгож болохгүй юм. Чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин болон цус харвалт зэргийн өвчнүүд Алцхеймерийн өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс эдгээр өвчнүүдийн эрсдэлийг ихэсгэгч тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг амьдралын хэв маягийн хүчин зүйлс мөн Алцхеймерийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Хэдийгээр Алцхеймерийн өвчнийг үүсгэгч зарим нэгэн эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон ч өвчнийг үүсгэж буй шалтгаан тохиолдол бүрийн ихэнхэд тодорхойгүй байна. Цөөн тохиолдолд уг өвчин ураг садны хүмүүст тохиолдох бөгөөд өвчнийг үүсгэхэд оролцдог ген тодорхойлогдсон байна. Тухайлбал 19-р хромосомд байрлалтай APOE гэдэг ген нь өндөр настай хүмүүст Алцхеймерийн өвчин үүсэхэд оролцдог. (хожуу эхлэлтэй Алцхеймерийн өвчин) болох нь тогтоогдсон. Олон янзын бусад ген уг өвчин уг өвчинтэй холбоотой нь илэрсэн ч эдгээр нь ховор бөгөөд ерөнхийдөө 1 000 тохиолдлын 1-д тэдгээрийн оролцоо байдаг хэмээн тооцоологдож байна.
Шинж тэмдэг
Мартамхай болох нь Алцхеймер өвчтэй болохын дохио юм. Нас явахын хэрээр ой санамж муудсанаар сэтгэн бодох чадвар буурна. Санах ой муудсанаар дараах шинж тэмдгүүд ажиглагдана:
- Төвлөрөлт муудах
- Ярьж бичсэн зүйлийг ойлгох чадвар муудах
- Энгийн арифметик үйлдлийг гүйцэтгэж чадахаа болих
- Гадуур тэнэх, танил орчиндоо төөрөх
Эхэн үедээ хүмүүс ихэвчлэн өөрийгөө мартамхай болж байгаагаа мэдэрдэг. Чингээд сэтгэлээр гутарч хямралд орох нь бий. Үүнээс гадна өвчин ужиграх тусам дор дурдсан шинж тэмдгүүд илэрнэ:
- Хөдөлгөөн удааширч, алахдаа тэнцвэрээ алдах
- Сэтгэл тогтворгүй болж, амархан баярлаж, амархан гуних
- Зан төлөв өөрчлөгдөж, өөрийгөө бусдад гадуурхагдаж байна гэж санах
Заримдаа нойр хулжиж, шөнөжин хөрвөөнө. Улмаар хэдэн жилийн дараа ихэнх өвчтөн өөрийгөө хянах чадвараа алдаж хүний гарт орно.
Оношилгоо
Алцхеймерийн өвчнийг оношлох сорил байдаггүй. Эмч тухайн өвчтөнтэй, гэр бүлийнхэнтэй нь өвчний шинж тэмдгийн тухай ярилцана. Уг өвчин тэнэгрэл үүсгэдэг өөр төрлийн өвчнөөс үүсээгүй гэдгийг батлахын тулд сорил хийж болно. Жишээлбэл, цусны шинжилгээгээр В амин дэмийн дутагдал, КТ, СРТ шинжилгээгээр тархины шигдээсээс үүдэлтэй тэнэгрэл, хатуу бүрхүүл доорх цус алдалт, тархины хавдар биш гэдгийг нь баталгаажуулна. Өвчтөний оюуны чадварыг үнэлэхийн тулд ой санамж, бичгийн сорил хийж болно.
Эмчилгээ
Алцхеймерийн өвчнийг эмчлэх арга байхгүй ч эмчлэх арга ч ацетилолинэстаразын дарангуйлагч эм уулгаснаар явцыг нь удаашруулах боломжтой. Алцхеймерийн өвчнийг дагалддаг сэтгэл гутрал, нойр хулжих зэргийг сэтгэлд түгшлийн эсрэг эм уулгаснаар хөнгөвчилж болно. Сэтгэлийн хөдөлгөөнд хэт автсан өвчтөнийг тайвшруулах эмээр тайвшруулна. Ийм хүнийг яваандаа гэр оронд нь эсвэл асрах газар бүрэн асаргаанд оруулах шаардлага гарч болзошгүй. Алцхеймерийн өвчтэй хүнийг асрахад хүндрэлтэйн дээр тухайн өвчтөн түрэмгий зантай болж эхэлбэл асарч хүн багагүй шаналах нь тодорхой. Тиймээс тухайн хүнд сэтгэл санааны дэмжлэг шаардагдана. Дэмжигч бүлгүүд асрагчид туслах хүн явуулж болно.