СРТ, КТ оношилгооны талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Дүрс оношилгоо нь хүний биеийн бүтцийг нарийвчлал сайтай, бодит дүрс мэдээллийг эрсдэл багатайгаар олж авах боломжийг олгодог. Ихэнх аргачлал нь өдгөө компьютержсон бөгөөд эдгээр нь өвчин болоод түүний хүндрэлийг хэмжээг тогтоох тандалтын мэс заслыг үндсэндээ орлох, тухайн эрхтний үйл ажиллагааг хэр сайн явагдаж байгааг хянах зэрэг боломжийг олгох юм. Дүрс оношилгооны хэд хэдэн төрлүүд байх ба чухам ямар арга ашиглах нь биеийн аль хэсгийг харах гэж байгаа, ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байгаа эсэхээс хамаарах аж.
Дүрс оношилгоо дотроо СРТ, КТ нь өртөг өндөртэйд тооцогддог. Тэгвэл тус оношилгоо нь ямар тохиолдолд хийгдэх, ямар эрсдэлтэй байдаг болон юу бэлдэх шаардлагатай зэрэг мэдээллүүдийг нэгтгэн танд хүргэж байна.
СРТ гэж юу вэ?
СРТ буюу соронзон резонанс томограф нь цацраг бус хүчтэй соронзон орон болон радио долгион ашигладаг компьютерээр дэмжигдсэн оношилгооны арга юм. Биеийн бүх хэсгийг өндөр нарийвчлалтайгаар авдгаараа онцлог бөгөөд цацраг ашигладаггүй нь хамгийн том давуу тал нь болж өгдөг. СРТ-ийг тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлт, зүрх болон судасны эмгэг, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эрүүл ба эмгэг үеийн өөрчлөлтүүдийг оношлох боломжтой. Соронзон резонанс томограф нь хэд хэдэн төрөлд хуваагдана:
- СРА буюу соронзон резонанс ангиографи. Энэхүү оношилгоо нь цусны урсгалын эргэлтэд байгаа цусныхтай ойролцоох биеийн эдийн сигналтай харьцуулан харах боломжтойгоороо онцлог
- фСРТ буюу функционал соронзон резонанс томограф. Энэхүү оношилгоо нь харьцангуй шинэ юм. Голчлон судалгаанд хэрэглэгддэг бөгөөд тархины үйл ажиллагааг судлах боломж олгодог . Гэвч цус харвалт, хавдар, Алцхаймэрийн өвчин зэрэг эмгэгийн үеийн тархины үйл ажиллагаа, үр нөлөөг үнэлэхэд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог
СРТ ямар эрсдэлтэй вэ?
Энэ төрлийн оношилгоо нь дүрс оношилгооны хамгийн аюулгүй аргуудын нэг тул мэдэгдэхүйц эрсдэлт хүчин зүйл болон гаж нөлөө байхгүй гэж үздэг. Ионжуулагч цацраг хэрэглэдэггүй тул давтан хийх боломжтой. Гэсэн хэдий ч хүчтэй соронзон хэрэглэдэг тул зарим төхөөрөмжүүд болох зүрхний хэм тохируулагч, чихний имплант, сонсголын аппарат зэргийн үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй. Хэрвээ биедээ ямар нэгэн металлтай, жишээ нь мэс заслын имплант, умайн ерөндөгтэй бол СРТ оношилгоонд орохыг өмнө эмдээ заавал хэлэх ёстой. Оношилгооны явцад соронзон орны нөлөөнд металл нь бие дотор хөдөлж ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэй байна. Түүнчлэн СРТ нь урагт ямар нэгэн нөлөө үзүүлдэг гэж нотлогдоогүй ч жирэмсний эхний гурван сарын хугацаанд уг оношилгоог хийлгэхийг зөвлөдөггүй.
КТ гэж юу вэ?
КТ буюу компьютер томограф нь багц цацраг ашиглан биед хөндлөн зүслэг хийж зураг авдаг аргачлал юм. Ихэвчлэн толгой, их биеийн зураг авахад өргөн хэрэглэдэг. Толгойн КТ нь тархины цус харвалт, толгойн гэмтэл, тархины хавдар зэргийг илрүүлэхэд тустай. Харин цээжний КТ нь уушгины өвчин, хоёрдогч хавдар, зүрх уушгийг цусаар хангадаг судасны эмгэг байдлыг оношлоход ашиглана. Хэвлийн КТ-ийг хавдар илрүүлэх, гэмтлийн шалтгаантай дотуур цус алдалт, эрхтнүүдийн томрол мөн үрэвсэл байгаа эсэхийг илрүүлэхэд ашиглана. Компьютер томографын нэг давуу тал бол СРТ-тэй харьцуулахад ясны зургийг хамаагүй тодоор авдаг. Шаардлагатай тохиолдолд тодосгогч ашиглаж илүү тод харах боломжтой байна. Тодосгогч гэдэг нь будагч бодис бөгөөд эрхтэнд оруулснаар хөндийт болон шингэн агуулсан эрхтнийг бүтцийг илүү тодоор харуулдаг аж.
КТ нь ямар эрсдэлтэй вэ?
Энэхүү дүрс оношилгооны арга нь цацраг ашигладаг тул эсэд нөлөөлж амьдралын явцад хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай. Иймд олон удаагийн давтамжтай орохоос зайлсхийх шаардлагатай юм.
Ямар тохиолдолд эдгээр оношилгоонд хамрагдах шаардлагатай байдаг вэ?
- Олон жил хорт зуршилтай байсан хүмүүс (согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг)
- Тодорхой шалтгаангүйгээр удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядарч, бие сульдах, турж эцэх, суулгах, толгой өвдөх, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх зэрэг зовуурь илрэх
- Олон жил суурь өвчтэй явсан хүмүүс болон элэгний үрэвсэл, хатуурал, уушгины архаг үрэвсэл, чихрийн шижин эмгэгийн үед
- Ямар нэг эмийн эмчилгээ нь үр дүн өгөхгүй, зовуурь арилахгүй байгаа тохиолдолд онош нарийн тогтоож эмчилгээний арга барилыг зөв сонгох зорилгоор
- Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
- ЭХО, рентген, цус, шээс гэх мэт шинжилгээнд ямар нэг сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах зорилгоор
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч, дээр дурдагдсан шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа бол мэргэжлийг эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube