Өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээ
Өмнөх нийтлэлд бид өсвөр насныхны бие махбод, сэтгэл зүйн онцлогийн талаар хуваалцсан билээ. Өсвөр нас нь хүний амьдралын харьцангуй эрүүл үе байдаг. Гэвч хүүхдээс том хүн болох шилжилтийн үе тул эрчимтэй өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хангах нь чухал ач холбогдолтой байна.
Охидын хувьд 10-12, хөвгүүдийн хувьд 12-14 нас нь бие махбодын хувьд өсөлт хамгийн эрчимтэй явагдах үе. Түүнчлэн бэлгийн бойжилт явагддагтай холбоотой хүүхдийн зан ааш, сэтгэл зүй, бие бялдарт их хэмжээний өөрчлөлт орж байдаг нь тэдэнд зовуурьтай мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй. Ихэнх өсвөр насны хүүхдүүд толгой, гэдэс, цээж өвдөж байна гэсэн зовууруудыг түлхүү хэлдэг. Энэ нь хий хоосон “шалтаг” биш юм.
Өсвөр үеийн эрүүл мэндийн нэг онцлог нь аливаа эмгэгээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлийг таньж, тэдгээрийг илрүүлэх, амьдралын зөв хэвшлүүдийг дадал болгоход оршино. Иймд бид өсвөр насныхны зайлшгүй хамрагдах үзлэг, шинжилгээ болоод тэдгээрийн ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Шинжилгээ | Ач холбогдол |
Цусны дэлгэрэнгүй | Цусны нэн чухал үзүүлэлтүүдээр дамжуулан цусанд халдвар, үрэвсэл, цагаан эсийн хавдар байгаа эсэх, харшлын үеийг хянах зэргийг тодорхойлох боломжтой. |
Шээсний ерөнхий | Бөөр, шээсний замын эмгэг, дотоод шүүрлийн, бодисын солилцооны хямрал болоод бусад олон чухал өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой. |
Д витамин | Манай орны газар зүйн байршлаас хамааран иргэд Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Өсвөр насанд өдөр тутамд 400-600 МЕ буюу урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх боломжтой байдаг. Гэвч хүүхдэд чухам ямар хэмжээгээр өгөхийг тодорхойлохын тулд уг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. |
Кальци | Кальци нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд чухал ач холбогдол өгөх эрдсийн нэг байдаг. Нэн ялангуяа өсөлтийн эрчимтэй үед хүүхдийн ясны бах бэт байдал болоод бусад бие махбодын үүргүүдэд эерэгээр нөлөөлөх тул нэмэлтээр хэрэглэх шаардлагатай эсэх, дутал эсвэл илүүдэлтэй байгаа эсэхээ тодорхойлох нь зүйтэй. |
Төмөр | Манай Улсад төмрийн дутал багагүй ажиглагддаг. Төмрийн дутал нь цус багадалт үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд үзүүлэх олон сөрөг нөлөөтэй юм. Иймд, төмөр тодорхойлох шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг зөвлөдөг. |
Хар тугалгын хордолт илрүүлэх | Эрдсийн шинжилгээгээр витамин, эрдэс бодисын хэмжээ тодорхойлохоос гадна хүнд металлын хордлогыг илрүүлдэг. Нийслэл хотод амьдарч буй иргэдийн дунд амьдардаг дүүргээс хамааран төрөл бүрийн хүнд металлын хордлогод орох эрсдэлтэй байдаг аж. Хордлогын үед хүүхэд амархан ядрах, үс унах, хумсны толь нимгэрэх, толгой өвдөх зэрэг нийтлэг шинжүүд ажиглагдана. Иймд, ямарваа нэгэн хүнд металлын хордлоготой байгаа эсэхээ тодорхойлох шаардлагатай. |
Цагаан хорхой | Гэр бүлийн аль нэг гишүүн цагаан хорхойн халдвартай тохиолдолд бусдад нь халдах эрсдэл өндөр байдаг. Иймд, бусдад халдварлахаас болоод өөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг сахих зорилгоор зайлшгүй хамрагдах шинжилгээнүүдийн нэг юм. |
Хеликобактери илрүүлэх | Хеликобактери нь гэдэсний архаг өвчин үүсгэгч нян юм. Цаг алдалгүй илрүүлж, эмчлээгүй тохиолдолд ходоод гэдэсний архаг өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. |
Шүд, амны хөндийн үзлэг | Шүд, амны хөндийн эрүүл ахуйг сахих нь хоол боловсруулах эрхтэн, цаашлаад бодисын солилцоо болон бусад эрхтний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүнчлэн шүд нь хүний нүүрний зөв хэлбэр, гадаад гоо зүйд чухал ач холбогдолтой гэдгийг мартаж болохгүй. Иймд, шүд, амны хөндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал. |
Нүдний үзлэг | Орчин үед ухаалаг утасны ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн хараа муудах, нүдний эмгэг үүсэх зэрэг эрсдэлүүд нэмэгдэж байна. Дан ганц ухаалаг утас бус амьдралын буруу дадал, хүнс тэжээлийн дутагдал зэрэг нь хүүхдийн хараа, нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд, уг үзлэгт тогтмол хамрагдах нь цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. |
Охидын үзлэг | Өсвөр насанд бэлгийн бойжилт эхэлдэгтэй холбоотой охидын менархе (анхны сарын тэмдэг), хөхний булчирхай томрох, дааврын ялгаралт нэмэгдэх зэрэгтэй холбоотойгоор шаардлагатай эмчийн үзлэг, оношилгоонд зөвлөгөө авах зорилгоор хамрагдахыг зөвлөдөг. |
Хөвгүүдийн үзлэг | Хөвгүүдийн хувьд ч мөн адил бэлгийн бойжилт явагдаж эхэлдэгтэй холбоотой бие махбодод гарах өөрчлөлтүүдийн талаарх мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгтэй юм. |
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube