Мундас
Хошного буюу шулуун гэдэсний ойролцоох өөхлөг эдийн идээт үрэвслийг мундас гэнэ. Ихэвчлэн 30-40 насны эрэгтэйчүүд 2 дахин илүү өвчилдөг. Эрчүүдийн илүү өвчилдөг шалтгааныг эрэгтэй болон эмэгтэй хүний аарцаг, хярзангийн бүтэц бага зэргийн ялгаатай байдагтай холбож тайлбарладаг.
Шулуун гэдэсний төгсгөл, хошногоны амсар хэсэгт 4-16 тооны шүүрэл ялгаруулдаг сувагтай булчирхайнууд байрладаг. Булчирхайн сувгаар нян орсноор булчирхайг үрэвсүүлж, шулуун гэдэс орчмын өөхөн эд үрэвсэж идээлэх шалтгаан болдог. Энэ өвчнийг анагаах ухаанд парапроктит гэж нэрлэдэг.
Шалтгаан
- Шулуун гэдэсний булчирхайн үрэвсэл
- Шулуун гэдэсний салстын жижиг гэмтэл (хатсан өтгөн, дутуу боловсорсон хатуу зүйлс) үүссэнээс салстад язралт, цууралт, халзралт үүсэж гэмтсэнээс халдвар дамжих нөхцөл бүрддэг
- Биеийн эсэргүүцэл сулрах
- Ядрах
Шинж тэмдэг
- 38-39 хэмтэй халуурах
- Босож суухад бөгсөн тал өвчтэй, морь, мотоцикл зэргийг унаж чадахгүй
- Үрэвслийн нэвчдэстэй байх тул тэр хэсэгтээ хавдартай
- Шээс хаагдах
- Хордлогын ерөнхий шинжүүд (суулгах, дотор муухайрах, толгой эргэх гэх мэтчилэн)
- Хошногоны амсар орчим хавдаж, улайж маш хүчтэй өвдөлт өгөх
- Шулуун гэдэсний амсарт идээт цорго үүсэх
Оношилгоо
Өвчтөнөөс шинж тэмдгийн асуулга авч, илэрч буй зовуурь, шинж тэмдгүүдийг тэмдэглэнэ. Оношийг баталгаажуулахын тулд хярзанг гадна талаас нь тэмтэрч үзэх, хошногоор хуруу хийж үзэх болон эндосонографи хийж үзнэ.
Эмчилгээ
Эмчилгээний арга нь буглааны байрлалаас шалтгаалан өөр өөр байна. Тодруулбал:
Хошногоны ойролцоох зөөлөн эд, өөхлөгийн идээт үрэвслийн эхний үед үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, антибиотик өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөдөг. Өвдөлт намдаах эмийг тарих буюу лаа хэлбэрээр хэрэглэнэ. Үрэвслийн явц намдахгүй даамжирч буглаа үүссэн тохиолдолд мэс заслын аргаар эмчилдэг.
Арьсан доор буглааг хэсгийн болон ахар сүүлийн мэдээгүйжүүлэлтийн дор Т хэлбэрийн зүслэгээр нээж идээг гадагшлуулан, үхэжсэн эдийг авч антисептик уусмалаар угааж цэвэрлэн гоожуураг, чихээс тавина.
Суудал, аарцаг шулуун гэдэсний байрлалтай буглааг ерөнхий болон перидураль мэдээгүйжүүлэлтийн дор томхон зүслэгээр тогтолтыг сайтар шалгаад буглааны хөндийг сайтар угааж шархаа хагас задгай буюу задгай аргаар эмчилнэ.
Шулуун гэдэсний хурц идээт үрэвслийн үед идээг гадагшлуулах мэс ажилбар хийгддэг бөгөөд эдгэрэлт 50% хүртэл байдаг. Мэс заслын дараа архаг хэлбэрт шилжих нь элбэг. Энгийн хэлбэрийн шулуун гэдэсний идээт цоргыг мэс заслын аргаар бүрэн эмчлэх боломжтой. Шулуун гэдэсний амсрын хүндэрсэн хэлбэрийн идээт цоргыг зарим тохиолдолд хэд хэдэн үе шаттай мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай байдаг.
Урьдчилан сэргийлэлт
- Хувийн ариун цэврийг сахих (өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройд шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж дадах)
- Өтгөн хатах болон гүйлгэлтээс сэргийлэх (өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх шалтгаан болдог)
- Удаан хугацаагаар жорлонд суухаас зайлсхийх (хүндээр бие засмаар санагдах тохиолдолд аль болох түргэн бие засах, суултуурт суугаад 3-5 минут болоод босох)
- Удаан хугацаагаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх (1-2 цаг тутам дор хаяж 5 минут амрах хөнгөн бие тамирын дасгал хийх)
- Ууц нуруу өгзгөө дулаан байлгах
- Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хэрэглэхээс зайлсхийх
- Буруу эмчилгээнээс зайлсхийх