Бэлгийн бойжил саатах
Бэлгийн бойжилт бол хүний бие биологийн хувьд хүүхэд наснаас том хүн болж шилжих чухал үе бөгөөд урт хугацаанд бага багаар явагддаг үйл явц юм. Хэдийгээр хүүхэд бүрд харилцан адилгүй насанд өөрчлөлтүүд илэрч эхлэх ч охидын хувьд ихэвчлэн 8-аас 14 насанд, харин хөвгүүдийн хувьд 9-өөс 15 насанд эрчимтэй хөгжил явагдахыг хэвийн гэж үздэг. Хэрэв хүүхэд бие махбодын хувьд огт шинж тэмдэг үзүүлэлгүй явсаар 14, 15 ба түүнээс дээш насыг хэтэрсэн бол тэдний бэлгийн бойжил саатсан байх боломжтой.
Шалтгаан
- Удам зүйн. Хэрэв эцэг эхийн аль нэг нь бэлгийн саатсан бойжилттой байсан бол хүүхдүүдэд нь ч мөн илрэх боломжтой.
- Дааврын үйл ажиллагаа. Бэлгийн бойжилт нь тархины нарийн үйл ажиллагаа, өнчин тархи болон бэлгийн булчирхайнаас ялгарах дааврын оролцоогоор явагдах бөгөөд охидын хувьд эстроген, хөвгүүдийн хувьд тестостерон гэх дааврууд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв эдгээр дааврууд доголдох буюу хангалттай хэмжээнд ялгарч чадахгүй байвал бэлгийн бойжилт саатах магадлалтай.
- Тэжээлийн дутагдал. Хангалттай хоол хүнс идэхгүй байх, шим тэжээлээр дутмаг хоол хүнсийг голлон хэрэглэх нь өсөлт хийгээд бэлгийн хөгжилд нөлөөлөх эрсдэлтэй. Ид өсөлт хөгжил явагдаж буй өсвөр насныхан их амархан шим тэжээлийн дуталд орох хандлагатай байх ба удаан хугацаанд дэглэм барих, хэт их дасгал сургуулилт хийх, идэх эмгэгтэй байх зэрэг тохиолдлууд ч тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг өндөр хувиар нэмж байдаг.
- Генетикийн өөрчлөлтүүд. Турнерийн хам шинж, Клинефелтерийн хам шинж гэх мэт хромосомын өвчнүүд бэлгийн хөгжлийг удаашруулах, зогсоох боломжтой.
- Архаг, хууч өвчнүүд. Аливаа урт хугацаанд үргэлжилдэг, архаг өвчнүүд биеийн бусад хэсэгт ч үр нөлөөгөө үзүүлж, биеийн өсөлт хөгжилтийг сааруулах эрсдэлийг агуулж байдаг. Чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа, бөөрний өвчнүүд, хадуур хэлбэрийн цусны улаан эсийн өвчин гэх архагших шинжтэй өвчин эмгэг бэлгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой.
- Бусад шалтгаанууд. Идэх эмгэг, химийн болон цацраг идэвхт эмчилгээ, өмнөх үеийн өндгөвч / төмсөгний өвчин, хагалгаа, галатосемиа гэх мэт бодисын солилцооны эмгэг зэрэг бусад хүчин зүйлс үүнд багтана.
Шинж тэмдэг
Охидын хувьд бэлгийн бойжилт дунджаар 8 наснаас эхлэн явагдах бөгөөд 14 ба түүнээс дээш насанд эдгээр шинж тэмдгүүд ИЛРЭХГҮЙ байх тохиолдолд бэлгийн бойжилт саатсан гэж үзнэ. Үүнд:
- Хөх ургах, хөгжих
- Өсөлт хурдсах
- Ташаа өргөсөх, бэлхүүс нарийсах гэх мэтээр биеийн галбирт өөрчлөлт орох
- Суга, умдагны үс ургаж эхлэх
- Сарын тэмдэг үзэгдэж/ирж эхлэх
Харин хөвгүүдийн хувьд 9 наснаас эхлэн бэлгийн бойжилтын анхны шинж тэмдгүүдийг үзүүлж эхлэх бөгөөд 15 нас хүрсэн ч эдгээр шинж тэмдгүүд ОГТ ҮЗЭГДЭХГҮЙ байх тохиолдолд бэлгийн бойжилт саатсаныг илэрхийлнэ. Эдгээрт:
- Төмсөг, бэлэг эрхтний хэмжээ томрох
- Нүүр, суга, бэлэг эрхтэн хавиар үс ургах
- Өсөлт хурдсах
- Мөр өргөсөж, бие махбодод өөрчлөлт гарах
- Хоолой бүдүүрэх
Оношилгоо
Оношилгоо нь бие болон сэтгэл зүйн хувьд бэлгийн хөгжлийн шинж тэмдгүүд илрэхгүй байх, үл мэдэг илрэх зэрэг дээр тулгуурлана. Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд лабораторийн шинжилгээ, рентген зураг гэх мэт оношилгооны арга техникүүдийг ашиглан өөр ямар нэгэн өвчин, бэлгийн бойжилтыг сааталд хүргэж буй цаад хүчин зүйлс байгаа эсэхийг нягтална. Хэрэв цаад нарийн шалтгаан олдвол эмчилгээ түүн дээр нь онцлон явагдах ба ямар нэгэн шалтгаант хүчин зүйлс илрээгүй тохиолдолд тодорхой хугацаанд дахин хүлээхийг санал болгодог байна. Бэлгийн бойжил нь саатсан ихэнх хүүхдүүд энгийн том хүний байх ёстой бие махбод, өндрийн хэмжээнд хүрч чаддаг тул хэт их санаа зовох шаардлагагүй, аюулгүй гэж ойлгож болох юм.
Эмчилгээ
Эмчилгээний хувьд дээр дурдсанчлан цаад учир шалтгааныг нь олж илрүүлэн эмчлэх нэн чухал шаардлагатай бөгөөд хэрэв дааврын дутагдмал байдлаас үүссэн гэж үзвэл хөвгүүдэд тестостерон, охидод эстрегон уухыг зөвлөнө. Үр нөлөө үзүүлж эхэлтэл хэдэн сар уух бөгөөд ямар нэгэн урт хугацаанд илрэх гаж хорт нөлөө байдаггүй онцлогтой. Харин бэлгийн хөгжил явагдаж эхлэх суурь нь тавигдах буюу анхны шинж тэмдгүүдийг үзүүлж эхэлсэн тохиолдолд эмчилгээг зогсоох ба тухайн хүүхдийн өөрийн даавар хөгжлийн явцыг үргэлжлүүлэн явуулах чадамжтай болсон гэж үздэг байна.
Урьдчилан сэргийлэлт
Бэлгийн хөгжил дан ганц бие махбодын гэлтгүй сэтгэл зүйтэй нягт хамааралтай үйл явц тул хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, тайван амгалан байхад нь анхаарах нь зүй. Хэрэв та бэлгийн хөгжил явагдаж эхлэх дөхсөн, эсвэл явагдах үе дээрээ явж байгаа буюу 8–15 насны хүүхэдтэй бол дараах зөвлөгөөг дагахыг хичээгээрэй :
- Хүүхдийн нас, онцлогт нь тохирсон спорт, бие хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцуулж байх
- Зөв хэмнэлтэй унтаж, хангалттай нойр авахын зэрэгцээ эрүүл, тэнцвэртэй хооллохыг уриалах
- Нийгмийн хувьд болоод хувь хүн, бие физиологийн хувьд идэвхтэй байлгахад нь дэмжлэг үзүүлэх