Бамбай булчирхайн үрэвсэл
Бамбай булчирхай нь хоолойн урд, төвөнхийн яг доор байрлах эрвээхэй хэлбэрийн булчирхай юм. Уг булчирхай хавагнахыг бамбай булчирхайн үрэвсэл гэнэ.
Бамбай булчирхай нь зүрх, тархи болон биеийн бусад хэсгийн үйл ажиллагааг хурдасгах эсвэл удаашруулахад нөлөөлөх даавар ялгаруулж бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг.
Бамбай булчирхайн үрэвслийн төрөл бүрийн хэлбэрүүд байдаг боловч бүгд булчирхайг үрэвсүүлж, хаванг үүсгэдэг. Эдгээр нь бамбайн дааврыг хэт их эсвэл хэт бага үүсгэнэ.
20 сая орчим Америкчууд бамбайн эмгэгтэй байна. Бамбай булчирхайн үрэвсэл нь ноцтой эмгэг байж болох бөгөөд эмчилгээ нь өвчний хэлбэр болон илэрч буй шинж тэмдгээс хамаардаг.
Шалтгаан
Бамбай булчирхай хавагнахад олон зүйлс нөлөөлж болно. Вирус, бактерийн халдвар, лити, интерферон зэрэг эм хэрэглэх эсвэл дархлаа тогтолцооны асуудал үүссэн байж болно. Мөн бамбайн үрэвслийн нэг хэлбэр нь хүүхэд төрүүлсний дараа илэрдэг бөгөөд жирэмслэлт бамбай булчирхайд томоохон нөлөө үзүүлдэг байна.
Хамгийн түгээмэл шалтгаанууд:
- Хашимотогийн өвчин. Энэ нь бамбай булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Хүний дархлаа тогтолцоо өөрийн бамбай булчирхай руу довтолж дархлааны урвал өрнөснөөр бамбай булчирхайг хангалттай хэмжээгээр даавар ялгаруулж чадахгүй болтол сулруулдаг.
- Бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл. Энэ хэлбэр ихэвчлэн халдвараар өдөөгддөг. Бамбай булчирхай нь дараах байдлаар ажиллана. Нэгдүгээрт, бамбай булчирхай болон хүзүү орчмоор өвдөнө. Дараа нь булчирхай маш их даавар ялгаруулдаг. Үүнийг гипертироидизм гэнэ. Үүний дараа бамбай булчирхай хэвийн ажиллаж байгаад бамбай булчирхайгаас ялгарах дааврын хэмжээ маш бага болдог. Үүнийг гипотироидизм гэнэ. Харин 12-18 сарын дараа бамбайн үйл ажиллагаа эргэн хэвийн болдог байна.
- Төрсний дараах бамбай булчирхайн үрэвсэл. Энэ хэлбэр нь ялангуяа бамбай булчирхайн асуудалтай байсан эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлсний дараах 1 жилийн дотор илэрч эхэлдэг байна. Эмчилгээ хийснээр ихэвчлэн 18 сарын дотор эдгэдэг.
- Бамбай булчирхайн чимээгүй үрэвсэл. Энэ хэлбэрийн үед шинж тэмдэг илэрдэггүй. Төрсний дараах хэлбэртэй адил бөгөөд эдгэрэлт 18 сар хүртэл үргэлжилдэг. Энэ нь бамбай булчирхай хэт их даавар ялгаруулах үеэр эхэлж, цааш бамбай булчирхай хэт бага даавар ялгаруулах удаан үе
Бамбай булчирхайн үрэвслийн үе шатууд:
- Бамбайн хордлогот үе (Thyrotoxic phase). Бамбай булчирхай хавагнаж, маш их даавар ялгаруулдаг.
- Бамбайн дутагдлын үе (Hypothyroid phase). Дээрх үе шатаас хэдэн долоо хоног, сарын дараа бамбай булчирхайд хангалттай хэмжээний даавар үлдээгүй улмаас дааврын дутагдалд (Гипотироидизм) хүрнэ.
- Эутироид үе (Euthyroid phase). Энэ үед бамбай булчирхайн дааврын хэмжээ хэвийн байх бөгөөд бамбайн хаван арилсны дараа дээрх 2 шатны дунд эсвэл төгсгөлд тохиолдож болно.
Шинж тэмдэг
Түгээмэл илрэх шинжүүд нь ядарч сульдах , хүзүүний доод хэсгээр хавдах, заримдаа хоолойн урд хэсэгт өвдөнө.
Гэвч бусад шинжүүд нь бамбай булчирхайн үл ажиллагаа хангалтгүй (гипотироидизм) эсвэл хэт их (гипертироидизм) байгаагаас хамаарна.
Бамбайн үйл ажиллагаа хангалтгүй үед илрэх шинжүүд:
- Ядарч сульдах
- Сэтгэл хямрал
- Жин нэмэх
- Арьс хуурайших
- Өтгөн хатах
- Булчин өвдөх
- Хүйтэнд тэсвэргүй болох
Бамбайн үйл ажиллагаа хэт их үед илрэх шинжүүд:
- Сэтгэл түгших ба уурлаж бухимдах
- Жин буурах
- Нойргүйдэл
- Зүрх дэлсэх
- Булчин сулрах
- Халуунд тэсвэргүй болох
Оношилгоо
- Цусны шинжилгээ. Цусаар эргэлдэх бамбайн дааврын түвшин нь уг булчирхайн үрэвслийн өвөрмөц хэлбэрийг оношлоход тусална.
- Цацраг идэвхт иод шингээлтийн шинжилгээ (Radioactive iodine uptake test). Энэ нь бамбай булчирхайд иод хуримтлагддагт үндэслэсэн шинжилгээ юм. Шинжилгээний үед цацраг идэвхт иодыг үрэл эсвэл шингэн хэлбэрээр өгдөг. Үүнээс 24 цагийн дараа бамбай булчирхай хэр хэмжээний иод шингээн авсныг хэд хэдэн цэгт шалган үнэлдэг.
- Бамбай булчирхайн зураг авхуулах. Шинжилгээний үед цацраг идэвхт иодын тун уух ба хүзүү хэсгийг ил гарган төхөөрөмжөөр бамбай булчирхайн зургийг авхуулдаг.
- Улаан эсийн тунах хурд ( ESR). Уг үзүүлэлт бамбай булчирхайн цочмогдуу үрэвслийн үед ихсэж болно.
- Хэт авиан шинжилгээ. Бамбай булчирхайд зангилаа бий эсэх, томрол, цусны урсгалын өөрчлөлт, бүтэц болон нягтралыг үнэлж болно.
Эмчилгээ
Бамбай булчирхайн үрэвслийн хэлбэрээс эмчилгээ хамаарна.
- Бамбай булчирхайн дутагдлыг (Гипотироидизм) ихэвчлэн нийлэг аргаар гарган авсан бамбайн даавар уулгаж эмчилдэг. Бодисын солилцоо эргэн хэвийн болоход эмч уух тунг тааруулж болно.
- Бамбай булчирхайн дааврын илүүдэл (Гипертироидизм)- ийн эмчилгээ үрэвслийн хэлбэр болон илэрч буй шинж тэмдгээс хамаарна.
- Зүрхний цохилт олширч, зүрх дэлсэх үед бета-хориглогч бүлгийн эм ууж болно (эмчийн заавраар)
- Бамбай булчирхайн дааврын эсрэг эм бэлдмэл (эмчийн заавраар)
- Зарим тохиолдолд цацраг идэвхт иодыг булчирхайг агшаах болон шинж тэмдгийг бууруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэж болдог (эмчийн заавраар)
- Бамбай булчирхай өвдөж байвал эмч аспирин, ибупрофен зөвлөж болно. Мөн хүчтэй өвдөлтөд өөр арга хэрэглэж болно.
- Ховор тохиолдолд мэс засал эмчилгээ нь бусад эмчилгээ үр дүнгүй тохиолдолд шаардагдаж болдог.