Арьсны үрэвсэл
Арьс нь хамгаалах, дулаан зохицуулах, ялгаруулах, хүрэлцэх мэдрэхүйн үүргийг гүйцэтгэхээс гадна витамин Д-ийн солилцоонд оролцдог хүний хамгийн том эрхтэн юм. Гэвч гадны нөлөө болон удамшлын хүчин зүйл зэрэг олон шалтгааны улмаас арьсанд үрэвсэл үүсдэг. Арьсны үрэвсэл нь дотроо мөн олон хэлбэртэй байх бөгөөд нийтэд нь дерматит гэнэ. Арьсны үрэвсэл хэдэн ч настай хүнд тохиолдож болно. Харин экзем нь бага насны хүүхдэд түлхүү илэрч байна.
“Арьсны өвчин судлалын үндэсний төв”-өөс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийж, тандалт судалгаа явуулдаг. Уг судалгаагаар цэцэрлэгийн насны 30 хүүхэд тутмын 3-5 нь арьсны өвчтэй гэсэн дүгнэлт гарсан.
ШАЛТГААН
Арьсны үрэвслүүдээс дараах төрлийн эмгэгүүдийн тархалт хамгийн их байна. Үүнд:
- Экзем – Энэ төрлийн үрэвсэл нь арьсанд бактерийн халдвар орох болон орчны нөлөөгөөр үүсдэг.
- Хүрэхэд үүсэх үрэвсэл – Харшилдаг бодис болон биетүүдэд хүрэхэд үрэвсдэг учраас харшилдаг зүйлд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Хайрст үрэвсэл – Биеийн тослог булчирхайд нянгийн халдвар орох, мөөгөнцрөөс үүдэлтэйгээр үүсдэг.
Арьсны үрэвсэл үүсгэх хүчин зүйлс
- Харшил болон гуурсан хоолойн багтраа – Зарим зүйлийн харшилтай , гуурсан хоолойн багтраа өвчтэй , удамшлын нөлөөгөөр арьс үрэвсэж болно.
- Ажил мэргэжлийн нөлөө – Зарим төрлийн химийн бодистой нөхцөлд олон жил ажилласан, эсвэл металл зүйлтэй харьцах ажил хийдэг бол хүрэхэд үүсэх арьсны үрэвсэлтэй болдог.
ШИНЖ ТЭМДЭГ
Дээрх арьсны үрэвсэлт өвчнүүдийг энгийн хүн ялгаж оношлох боломжгүй. Тиймээс дараах шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн арьсны эмчид үзүүлж нарийн оношлуулах шаардлагатай.
- Экзем – Нярай үеэс эхэлж ажиглагдах бөгөөд ихэвчлэн нугалардаг арьснууд болох тохойн дотор тал, өвдөгний хойд хэсэг, хүзүүний урд хэсэгт үрэвслийн шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчний үед арьс маш ихээр загатнадаг тул маажиж, арьс хагарч шингэн ялгардаг.
- Хүрэхэд үүсэх арьсны үрэвсэл – Биеийн аль нэг хэсэг нь зарим төрлийн бодис, биетүүдэд хүрэхэд харшилж улайх, цэврүү үүсэх хэлбэрээр үрэвслийн шинж тэмдэг илэрдэг. Жишээ нь: саван угаалгын нунтаг, металлын харшил гэх мэт.
- Хайрст үрэвсэл – Тослогийн булчирхай ихтэй биеийн хэсгүүд буюу нүүр, цээжний дээд хэсэг, нуруугаар тууралт, толбо гардаг. Мөн хуйханд их хэмжээний хаг үүсэх нь хайрст үрэвслийн шинж тэмдэг байж болно. Нярай хүүхэд өвчлөх нь элбэг.
Эдгээр үрэвслийн үед арьсаа олон удаа маажиж, шархлаа үүсгэснээр халдвар авах, цаашилбал аюултай нөхцөл үүсэх эрсдэлтэй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Арьсны өвчтэй хүмүүсийн хувьд байнгын арчилгаа маш чухал. Ялангуяа арьсаа хуурайшуулахгүй байх нь арьс үрэвсэхээс сэргийлэх хамгийн сайн арга юм.
- Халуун биш бүлээн усанд ойрхон зайтай орох, элдэв химийн бодисгүй чийгшүүлэгч, биеийн тос түрхэх
- Нярай хүүхдэд болж өгвөл элдэв саван, угаалгын бодис хэрэглэхгүй буцалсан бүлээн цэвэр усаар угаах, арьсыг маш сайн чийгшүүлэх хэрэгтэй
- Мөн бусад төрлийн харшилтай бол харшил төрүүлэгч хоол хүнс, биетээс хол байж дэглэм барих нь зүйтэй
- Үрэвслийн эсрэг тосон түрхлэгийг эмчийн заавраар хэрэглэх ёстой
- Дур мэдэн замбараагүй хэрэглэх нь эмийн гаж нөлөө, дасал үүсгэх сөрөг талтайг анхаарна уу
- Арьс загатнах үед хүйтэн, нойтон жин тавьж загатнааг намдаах боломжтой
- Загатнасан хэсгийг маажих тусам шүүс гарч халдвар орох магадлал нэмэгдэх тул маажихгүй байхыг хичээгээрэй
- Хатуу, бариу хувцас өмсөх нь арьсыг улам загатнуулдаг тул даавуун материалтай хувцас өмсөх
- Стрессд орохгүй байхыг хичээх, стрессээ цаг тухайд нь зөв арга замаар тайлах хэрэгтэй
- Д витаминыг эмчийн жороор нэмэлтээр уухыг зөвлөж байна
ОНОШИЛГОО
- Арьсан дээр гарсан тууралт нь ямар хэлбэр хэмжээтэй байгааг мэргэжлийн арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авч үрэвссэн хэсгээс арчдас авч шинжилүүлэх шаардлагатай.
- Өвчний шинж тэмдэг маш нарийн, олон талтай. Энгийн хүмүүс ялгаж мэдэх боломжгүй учир эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
ЭМЧИЛГЭЭ
Эмэн эмчилгээ, тосон түрхлэг, шарлага зэргийг үрэвслийн шалтгаан, хэмжээнээс хамаарч хэрэглэдэг. Арьсны үрэвсэл нь хүний дархлаатай салшгүй холбоотой учир дархлаа дэмжих, дээр дурдсан шалтгаануудын эсрэг арга хэмжээ авах нь чухал юм. Гам дэглэм алагдах үед дахих магадлалтай учир өвчний талаар зөв мэдлэг мэдээлэлтэй байж, эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй.