Нүдний эвэрлэгийн шарх
Нүдний эвэрлэг нь нүдний урд хэсгийг хучих хагас дугуй хэлбэртэй, нимгэн, тунгалаг бүрхүүл юм. Эвэрлэг бүрхүүлийн ил шархлааг эвэрлэгийн шарх гэнэ. Энэ нь ихэвчлэн халдварын шалтгаантай байдаг. Эвэрлэгийн шарх нь байнгын гэмтэл, мөн эмчлүүлэхгүй бол хараа алдагдалд хүргэж болно. Иймээс эвэрлэгийн шархтай байж болзошгүй эсвэл нүдний асуудалтай байгаа үед нүдний эмчид хандах хэрэгтэй.
АНУ-д жил бүр 30,000-75,000 хүнд эвэрлэгийн шарх тохиолддог байна. Мөн эвэрлэг шилжүүлэн суулгалтын 12% нь эвэрлэгийн шархнаас шалтгаалсан байдаг.
Шалтгаан
Эвэрлэгийн шарх дараах шалтгаантай байж болно.
- Халдвар
Бактерийн халдвар. Энэ нь эвэрлэгийн шархны хамгийн түгээмэл шалтгаан юм. Контакт линзийг бүрэн цэвэрлэдэггүй эсвэл линзтэй унтдаг хүмүүст илүүтэй тохиолддог.
Вирусийн халдвар. Хомхой, бүслүүр үлд өвчний үүсгэгч вирусүүд эвэрлэгийн шархлаа үүсгэж болно.
Мөөгөнцрийн халдвар. Эвэрлэгээ гэмтээж ургамал, ногооноос халдвар авсан тохиолдолд үүсэж болно.
Шимэгчийн халдвар. Агаар, ус, хөрсөнд байдаг шимэгч нь линзийг ариутгасан уусмалаар бус, крантны усаар угаах үед халдварлаж болно.
- Эвэрлэг шалбарах. Энэ үед бактерийн халдвар орж болно.
- Эвэрлэгийн түлэгдэл. Нүдэнд химийн бодис оруулсан үед эвэрлэг идэгдэж түлэгддэг.
- Хүнд зэргийн нүд хуурайшилт
- Зовхи хаагдахтай холбоотой асуудлууд. Нүд бүрэн хаагдахгүй байх нь нүд хуурайшихад хүргэж, энэ нь эвэрлэгийн шарх үүсгэж болно.
- Аутоиммун өвчнүүд. Зарим аутоиммун өвчнүүд эвэрлэгийн шархлаат үрэвсэл үүсгэдэг.
- А витамины дутагдал. Энэ нь эвэрлэг хуурайшилт үүсгэдэг.
Шинж тэмдэг
- Улайсан, нулимстай, цус хурсан нүд
- Нүд өвдөх (хүнд байж болно)
- Нүднээс идээ эсвэл бусад ялгадас гарах
- Нүдэнд ямар нэгэн юм орсон юм шиг мэдрэгдэх
- Нүд гэрэлд өвдөх
- Нүд бүрэлзэх
- Зовхи хавагнах
- Нүдний эвэрлэгт цагаан эсвэл саарал толбо бий болох (Зарим эвэрлэгийн шарх харахад хэт жижиг байж болно. Үүнийг нүдний шинжилгээгээр илрүүлж болно)
Эвэрлэгийн шарх ихэвчлэн нэг нүдэнд тохиолддог. Түүнчлэн энэ шарх нь байнгын хараа алдагдал, эвэрлэг урагдахад хүргэх болон нүдний эдийг сөнөөх тул эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай. Эвэрлэгийн шархыг цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол хараагүй болох эрсдэлтэй.
Оношилгоо
- Завсарт гэрэлт микроскопоор нүд шинжлэх
- Эвэрлэг бүрхүүлийг туяарагч будгаар будаж шарх илрүүлэх
- Халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээ авах
Эмчилгээ
Эвэрлэгийн шархыг халдварын эсрэг эм эсвэл эм хэрэглэх боломжгүй бол мэс заслаар эмчилдэг.
Халдвар үүсгэгчээс хамааран эмийг сонгож хэрэглэнэ. Антибиотик (бактерийн халдварын үед), мөөгөнцрийн эсрэг (мөөгөнцрийн халдварын үед) болон вирусийн эсрэг эм (вирусийн халдварын үед) агуулсан нүдний дусаалга, зарим тохиолдолд эмийг уух эсвэл нүдний ойролцоох тарилга хэлбэрээр хэрэглэдэг.
Мөн өвдөлт намдаах эм уух болон үрэвсэл намдаах даавар агуулсан нүдний дусаалга зөвлөж болно. Даавар агуулсан нүдний дусаалга зааврын дагуу хэрэглээгүй тохиолдолд халдварыг дордуулж болох тул эмчийн зөвлөсөн дагуу хэрэглэх нь чухал юм.
Ихэнх эвэрлэгийн шарх 2-3 долоо хоногийн дотор эдгэрдэг.
Эвэрлэгийн халдвар эдгэрсний дараа харах чадварыг хязгаарласан сорви үүсэх нь түгээмэл байдаг. Энэ тохиолдолд сорви эмчлэх нүдний лазер эмчилгээ (Phototherapeutic keratectomy) хийлгэж болдог.
Эмийн эмчилгээнд үр дүнгүй эсвэл эвэрлэгт гүн сорви үүссэн тохиолдолд эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал (Corneal transplant) шаардагдаж болно.
Эвэрлэг шилжүүлэн суулгасны дараа үүсэж болох хүндрэлүүд:
- Донорын эд ховхрох
- Нүдний халдвар
- Эвэрлэг хавагнах
- Болор цайх эсвэл нүдний даралт ихсэх өвчин
Хүндрэл
Эвэрлэгийн шархыг эмчлүүлээгүй тохиолдолд дараах хүндрэлийг үүсгэж болно.
- Харах чадварт саад учруулах сорви үүсэх
- Хүнд зэргийн хараа алдагдал, сохрол
- Харааны гажиг (Астигматизм)
- Болор цайх эсвэл нүдний даралт ихсэх өвчин
- Халдвар тархсан тохиолдолд нүдээ алдах (ховор)
Урьдчилан сэргийлэлт
Нүдний эвэрлэгийн шархнаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь нүд гэмтсэн эсвэл эвэрлэгийн шархны шинж тэмдэг илэрвэл шууд нүдний эмчид хандах юм.
Контакт линз хэрэглэх нь эвэрлэгийн шарх үүсэх хамгийн эрсдэлт хүчин зүйл болдог. Контакт линз хэрэглэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Нүдэндээ хүрэхээс өмнө гараа үргэлж угаах
- Контакт линзийг зүүхийн өмнө болон дараа нь сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэх
- Контакт линз зүүж байхдаа унтахгүй байх, орой бүр линзийг авч байх
- Контакт линз зүүсэн үед усанд сэлэх, шүршүүрт орохгүй байх
- Эмнэлгийн бус эх сурвалжтай газраас линз худалдаж авахгүй байх
- Нүд цочирч байвал контакт линз зүүхгүй байх
- Контакт линзний хайрцгийг зохих уусмалаар цэвэрлэж ариутгах
- Линзний хугацааг уртасгахад халдвар авах эрсдэл нэмэгддэгийг анхаарах
- Линзийг хэзээ хаях, солих талаар нүдний эмчтэй зөвлөлдөх
- Нүд гэмтээх эрсдэлтэй зүйл хийх эсвэл тийм ажилтай бол үргэлж хамгаалалтын нүдний шил зүүж байх хэрэгтэй.