Нүдний эрүүл ахуйг хэрхэн зөв хангах вэ?
Хүний биеийн хамгийн нарийн бүтэцтэй, ертөнцийг харах цонх, гадаад орчинтойгоо шууд харилцах эрхтэн бол нүд юм. Эргэн тойрон дахь зүйлсийг гэрлийн тусламжтайгаар харах чадвартай бөгөөд энэ нь маш нарийн физиологи буюу бие анатомийн талаас нь тайлбарладаг. Хайхрамжгүй гаргасан үйлдэл нүдний олон төрлийн өвчлөл үүсэх эрсдэлт хүчин зүйл болохын зэрэгцээ, тоогоогүй орхисон тохиолдолд хараа муудах хүртэл хүндрэх эрсдэлтэй юм.
Энэ удаагийн нийтлэлээр бид “Сондра” нүдний эмнэлгийн Г.Нуржайнар эмчтэй нүдний эрүүл ахуйг хэрхэн зөв хангах талаар ярилцсан юм. Тэрээр нүдний дусаалга хэрхэн сонгох, нүдний эвэрлэг бүрхэвчийн гэмтэл нь уртдаа ямар сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй зэрэг сонирхолтой мэдээллийг бидэнтэй хуваалцлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа нүдний эрүүл ахуйн талаарх ойлголтоос эхлэх нь зөв болов уу?
– Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Нүд бол хүний хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтнүүдийн нэг. Нэн ялангуяа нүдний эрүүл мэндийн асуудал хөндөгдөхөд hygiene буюу эрүүл ахуй хамгийн нэгдүгээрт яригдана.
Нүдний эрүүл ахуй маш амархан алдагддаг. Наанадаж бохир гараар хүрэх, эмэгтэйчүүдийн хувьд нүдний будаг, багс зэргийг сольж хэрэглэх төдийд алдагдана. Үүнд нөлөөлж байгаа зүйл нь зовхинд байдаг мейбомын булчирхай юм. Энэхүү тосны булчирхайнаас ялгардаг шингэн тос нь нүдний гадаргуугийн чийгшилд чухал үүрэгтэй.
Дээд зовхины ирмэгт дунджаар 20-40, доод зовхины ирмэгт дунджаар 20-30 ширхэг тосны буюу мейбомын булчирхай байдаг. Уг булчирхай нь нулимсан давхаргыг гаднаас нь хучиж байдаг тосон давхарга юм. Бүтцийн хувьд олон төрлийн лав эфир, холестерины эфир, (O-ацил)-ω-гидрокси тосны хүчил (OAHFAs) ба тэдгээрийн эфир, ацилглицерол, чөлөөт тосны хүчил (FFA), холестерин, бага хэмжээгээр бусад липидүүдээс бүрддэг. Эдгээр нь ууршилтаас хамгаалан нүд хуурайшихаас сэргийлж байдаг. Харин энэ булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдсөн тохиолдолд нүд хуурайших, зовхи үрэвсэх мөн тухайн тосны булчирхай амархан бөглөрч товчирсон өвдөг (Chalazion) үүсэх зэрэг асуудлууд бий болно.
– Өдөр тутмын амьдралд саад учруулахгүй шинж тэмдгүүдийг хүмүүс тоохгүй орхидог. Эдгээр нь ямар эрсдэлд хүргэх магадлалтай вэ?
– Дийлэнх хүмүүст нүд улайх, нүд аргах, нулимс гарах, нулимсны сувгийн бөглөрөл зэрэг асуудлууд ажиглагддаг. Зарим тохиолдолд нүдэнд гаднын биет орсны улмаас шинж тэмдэг илэрч нүдний хамгийн гаднын бүрхүүл болох эвэрлэгт гэмтэл, шархлаа мөн үрэвслээс үүдэлтэй хараанд нөлөөлж болдог. Нөгөө талдаа ямар ч зовуурь илрээгүй боловч нүдний уг буюу торлог бүрхүүлийн асуудал ч тохиолдоно. Эдгээрийг ялган оношлохын тулд зайлшгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Учир нь нүдний үзлэг бусад эрхтний үзлэгээс ялгаатай нь микроскопын тусламжтайгаар нүдийг бүтнээр үнэлэх боломжтой юм. Тиймээс зовуурь, шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд өөрөө интернэтээс хайхгүй, хүнээс асуулгүй цаг гаргаад мэргэжлийн эмчид үзүүлэх нь хамгийн зөв сонголт.
Түүнчлэн Монголд иргэдийн дунд нүдний өөх түгээмэл тохиолддог. Иргэд энэ тохиолдолд интернэтээс хайж байгаад “өөх хайлуулдаг” гэх нүдний дусаалга аваад хэрэглэж байгаад хүрээд ирдэг. Тэдгээр нь мэдээж үнэтэй, гэвч үр дүнгүй. Одоогийн байдлаар нүдний өөх шимэгдүүлдэг, хайлуулдаг дусаалга гэж байхгүй. Өвчтөнд зовуурь байгаа тохиолдолд зөвхөн мэс заслын тусламжтайгаар л нүдний өөхжилтийг эмчилж болно. Тиймээс иргэдийг ч гэсэн үүнийг анхаараасай гэж хүсэж байна.
– Анзаарахад зах зээлд маш олон төрлийн нүдний дусаагуур байдаг болсон. Эдгээрийг дур мэдэн хэрэглэж болдог уу?
– Нүд хуурайшлаа, улайлаа гээд хүмүүс дур мэдэн дусаагуур хэрэглэх хандлага ажиглагддаг. Иргэд дийлэнхдээ эмийн сангаас хиймэл нулимс авч хэрэглэвэл болно гэсэн ойлголттой байдаг. Гэвч маш олон төрлийн нулимс худалдаанд байдаг. Дур мэдэн сонгон авахгүйгээр эдгээрээс зөвхөн тухайн хүнд индивидум буюу өөрт нь тохирох дусаалгыг сонгох нь зүйтэй.
Мөн нүдний улайлтыг бууруулдаг дусаалгыг сүүлийн үед маш их хэрэглэх болсон. Тухайн дусаалгуудын зарим найрлага нь нүдний судсыг агшаах үйлчилгээтэй байдаг. Мэдээж энэ нь нүдийг хэсэг хугацаанд цагаан болгож харагдуулна. Гэвч үйлчилгээний хугацаа дууссаны дараагаар эргээд л хуучин улайсан байдалдаа очдог. Хүмүүс үүнийг юу гэж хардаг вэ гэхээр их сайн нүд цайруулдаг эсвэл нүд амраадаг гэсэн ойлголттой байдаг. Гэвч ямар журмаар цагаарч байгаа вэ гэдгийг төдийлөн анхаардаггүй. Иймэрхүү дусаалгыг тогтмол хэрэглэхэд тохиромжгүй юм.
– Таны зүгээс нүд хуурайшихад ямар дусаалга хэрэглэхийг зөвлөдөг вэ?
– Дусаалгын хувьд Preservative free буюу нөөшлөгч бодисгүй байх нь хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Энэ нь нүдэнд гаж нөлөө үзүүлэхгүй мөн хуурайшилтын асуудлыг шийдэж өгнө. Нөөшлөгч бодисгүй гэдэг нь хугацаа уртасгагчгүй, өдөртөө ашиглах хугацаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Тиймээс нэг аваад задалчхаад олон өдөр дамнан хэрэглэж болохгүй юм.
Эсрэгээрээ with Preservative буюу нөөшлөгч бодистой нь бензалконийн хлорид (BAK), хлорбутанол, натрийн перборат, тиомерсал, динатриум эдетат, оксихлоро комплекс (SOC) гэх мэтчилэн бодисуудыг агуулсан байдаг. Эдгээр нь дусаалгыг саванд тодорхой хугацаанд хадгалах зорилготой юм. Ийм бодистой дусаалгыг хадгалах хугацаанаас хэтрүүлж хэрэглэх, таг нээгдсэнээс хойш удаан хугацаанд хадгалан санахаараа нэг дусаадаг тохиолдолд цитотоксик эффект буюу нүдний эвэрлэг бүрхүүлийн эпителийн давхаргад хор уршгаа үзүүлж болно. Хэрэв нөөшлөгчтэй дусаалга авлаа гэхэд өдөрт 4 удаагаас хэтрүүлэхгүй дусаахыг зөвлөдөг.
– Ярилцлагын төгсгөлд гоо сайхны хэрэгсэл болон нүдний эрүүл ахуй сэдвийг дурдах нь зөв болов уу.
– Дээр дурдсанчлан зовхины арьс маш нимгэн байдаг тул тухайн хэсэгт хэрэглэгдэж буй арчилгааны болон нүүр будалтын бүтээгдэхүүн бүтцийн хувьд ялгаатай байна. Жишээ нь нүүрний тосны найрлага илүү өтгөн бүтэцтэй байхад зовхины тос илүү шингэн, зөөлөн бүтэцтэй байна. Түүнчлэн зовхины тосыг ядам хуруугаараа түрхэхийг зөвлөдөг. Мөн нэг анхаарах зүйл нь тос түрхэж байна гээд зовхины ирмэгээрээ их зузаан түрхээд байдаг, бас make-up буюу нүүрний будгаа дутуу арилгах эсвэл огт нүүрээ угаахгүй унтах зэрэг нь мейбомын булчирхайн бөглөрөл үүсэх эрсдэлийг бий болгодог. Мейбомын буюу тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд бөглөрөл үүсгэхгүй байхын тулд халуун бүлээн жин тавихыг зөвлөнө. 40 орчим градус усыг саванд хийн эсвэл хэрэглэгдээгүй цэвэр алчуураар дунджаар 5-7 минут орчим зовхинд орой унтахаас өмнө 1 удаа жин тавихыг зөвлөж байна.Үүний зэрэгцээ нүдний багсыг илүү зөөлөн үстэй байхаар сонгох нь зүйтэй бөгөөд хэт их үрэлгүй, зөв техникээр будах хэрэгтэй.
Эмэгтэйчүүд маань нүүр будах хэрэгслээ сольж хэрэглэх хандлага түгээмэл ажиглагддаг. Нүдний будаг сольж хэрэглэнэ гэдэг нь өөрөө нүдний эрүүл ахуй алдагдаж байна л гэсэн үг юм шүү. Тиймээс бүтээгдэхүүн сольж хэрэглэхгүй байх тал дээр анхаарч, заагдсан ашиглалтын хугацаагаар ашиглаж хэвшээрэй гэж зөвлөе.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube