Түрүү булчирхайн үрэвсэл
Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг. Түрүү булчирхай нь давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй, дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй булчинлаг эрхтэн юм. Уг булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
Түрүү булчирхайн үрэвслийн төрлүүд
- Хурц хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Энэ төрлийн үрэвсэлд халуурч, биеэвгүйцэх, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Архаг хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Бактери нь антибиотикоор бүрэн дарагдаагүй бол дахин үрэвсдэг (антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэн эмчилгээ үр дүнгүй эсвэл бактериэмэнд дасах).
- Хурц хэлбэрийн бактерийн бус гаралтай үрэвсэл – Хамгийн элбэг тохиолдох бөгөөд үрэвслийн шалтгаан нь тодорхойгүй байдаг.
- Шинж тэмдэггүй үрэвсэл – Бусад шалтгааны улмаас шинжилгээ өгөхөд санамсаргүй байдлаар илэрдэг үрэвсэл юм. Өвдөлт өгдөггүй, эмчилгээ хийх шаардлагагүй байдаг.
Шалтгаан
Түрүү булчирхайн үрэвсэл нь дэлхий даяар маш өргөн тархсан өвчин юм. Насанд хүрсэн эрчүүдийн 70 орчим хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа байдаг. Хурц хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн бактерийн гаралтай үүсдэг. Шээсэнд агуулагддаг бактери түрүү булчирхайд орж үрэвсүүлдэг. Мөн дараах шалтгаантай байж болно.
- Бактерийн бус гаралтай буюу дархлал, мэдрэлийн өвчний үед
- Түрүү булчирхай болон ойролцоох хэсгээр гэмтэл авсан бол
- Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, БЗХӨ-үүдийн үед
- Үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэлтэй зогсонгшил
- Удамшил гэх мэт олон шалтгааны нөлөөгөөр үрэвсдэг.
Шинж тэмдэг
- Шээс тасалдах, бие засахад хүндрэл учрах, шээсний хүч сул байх
- Бие засахад өвдөлт өгөх
- Шөнөдөө шээх,ойр ойрхон бие засах, дүлж шээх
- Хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөлт өгөх
- Шодой төмсөг хавиар өвдөх
- Дур тавихад өвдөх, хөвчрөл сул байх, хурдан дур тавих
- Сэтгэл зүйн хувьд стресстэй, уур уцаартай, өөртөө итгэх итгэл буурах
- Ханиад хүрсэн мэт болох зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг
Хүндрэл
- Цусанд бактерийн халдвар орох
- Төмсөгний хойно байрлах суваг үрэвсэх
- Түрүү булчирхай идээлэх
- Үрийн шингэн хэвийн бус болох улмаар үргүйдэлд хүрэх
- PSA (түрүү булчирхайн өвөрмөц антигений) хэмжээ ихсэж, хавдарт шилжих аюултай.
Оношилгоо
Ямар шалтгааны улмаас түрүү булчирхай үрэвсэж, хэр хүндэрснийг тодорхойлсны дараагаар эмчилгээ хийгдэх бөгөөд эмчилгээнээс өмнө дараах шинжилгээнүүдийг өгнө.
- Цусны шинжилгээ
- Шээсний шинжилгээ
- Давсгаа суллаж чадаж байгаа эсэхийг шинжлэх
- Хэт авиан шинжилгээ
- Түрүү булчирхайг хуруугаар тэмтэрч үзэх
Урьдчилан сэргийлэх
- Луувангийн шүүс уух, улаан лооль, хад, усан үзэм, тарвас зэрэг жимснүүдийг идэх болон шүүс хийж уух
- Шүүрхий мах идэхгүй байх
- Удаан суухгүй байх
- Дугуй болон морь унахгүй байх
- Алкоголь, каффеин, хүчиллэг хүнс, халуун ногоотой хоол зэргээс татгалзах
- Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
- Түрүү булчирхай орчимд массаж хийж цусан хангамжийг сайжруулах
Эмчилгээ
Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чиглэсэн өөр өөр тактиктай байдаг. Антибиотик эмчилгээ хийхдээ тухайн үрэвсэл үүсгэгч нянд мэдрэг эмийг сонгох хэрэгтэй.
- Түрүү булчирхайн эмүүдийг шулуун гэдэсний лаа хэрэглэх
- Булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэх
- Түрүү булчирхайн массаж хийх эмчилгээнүүд нь үр дүнтэй