Цавины ивэрхий
Цавины доод хэсгийн булчин төрөлхийн дутуу хөгжилтэй байх эсвэл цавины сувгийн суларсан хэсгээр гэдэсний аль нэг хэсэг, эд ивэрэн гарч ирэхийг цавины ивэрхий гэнэ. Ивэрхий нь байрлалаасаа хамаарч цавины гуяны гэх мэт янз бүр байдаг.
Хэвлийн хөндий нь цавь орчимдоо тусгай завсартай байдаг бөгөөд үүнийг цавины суваг гэдэг. Цавины сувагт судас, мэдрэлийн ширхэг, эрэгтэйчүүдэд үрийн шингэний унжуурга, эмэгтэйчүүдэд умайн холбоос зэрэг байрлана.
Ивэрхийтэй хүмүүсийн ихэнх нь хэвлийн гялтан хальс бүрэн хаагдаагүй төрснөөс үүдэн хэвлийн хананы дутагдалд орж ивэрхий үүссэн байдаг.
Ивэрхий төрөлхийн байх нь түгээмэл боловч заримдаа гэмтэл, бусад шалтгааны улмаас олдмолоор үүсэх тохиолдолд ч бий.
Насанд хүрсэн хүмүүсийн ивэрхий өвдөж эмзэглэх зовиур ихтэй. Ялангуяа ханиах, доош тонгойх, хүнд зүйл өргөх зэрэгт өвдөлт улам нэмэгдэх хандлагатай. Харин хүүхдэд хуйхнагны аль нэг тал эсвэл хоёр талд нь овойж томбойж харагдана.
Шалтгаан
Цавины ивэрхийг үүсгэх тодорхой нэг шалтгаан үгүй ч доорх нөхцөлүүдээс үүдсэн байж болно. Үүнд:
- Хэвлийн булчингийн эсвэл гялтангийн төрөлхийн дутмагшил
- Хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдэх, ихсэх
- Хэвлийн хананд сул зай үүсэх
- Шээс ялгаруулалт болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн өөрчлөгдөх
- Архаг ханиалгалт, бронхит
- Таргалалттай хүмүүс
- Жирэмслэлт /жирэмсэн эмэгтэйн хэвлийн дотоод даралт нэмэгддэг/
- Хүчний дасгалыг хамгаалалтын бүс зүүхгүйгээр хийх
Нөлөөлөх хүчин зүйлс
- Хүйсийн онцлог. Эрэгтэй хүн илүү өрдөг.
- Дутуу эсвэл жин багатай төрсөн байх
- Цагаан арьстан
- Хөгшрөлт. Нас ахих тусам хэвлийн булчин сулардаг.
- Гэр бүлийн өвчлөл. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн ивэрхийтэй байсан бол.
- Уушги зүрхний өвчтэй байх. Уушги зүрхний эмгэгээс үүдэлтэй архаг ханиалгалтаас үүдэн хэвлийн булчин сулрах, эсвэл цавины суваг тэлэгддэг.
- Архаг өтгөн хаталт /гэдэсний хөдөлгөөний алдагдлаас үүдсэн өтгөн хаталт эсвэл түгжрэл/
- Өмнө нь ивэрхийтэй байсан, ивэрхийгээ эмчлүүлж байсан бол. Багадаа ивэрхийтэй байсан бол өвчлөх магадлал хамгийн өндөр юм.
Шинж тэмдэг
Цавины ивэрхийтэй хүмүүст доорх шинжүүд нийтлэг илэрнэ. Үүнд:
- Умдаг ясны хажуу хэсэгт овойж товойж харагдах. Ялангуяа босч зогсоод ханиах, найтаах үед илүү ихээр овойж харагдана.
- Ивэрч овойсон хэсэг халуу дүүгэх эсвэл өвдөж эмзэглэлтэй байх
- Цавь орчмоор хөндүүрлэх. Тонгойх болон ханиах, дүлэх зэрэгт өвдөлт ихэснэ.
- Заримдаа төмсөгний орчмоор хавдах, өвдөх. Төмсгөнд уруудах гэдэс ивэрч орсон үед илэрдэг.
Хүүхэд цавины ивэрхийтэй байх үед илрэх шинжүүд
Дөнгөж төрсөн хүүхдийн хэвлийн булчин сул байдаг тул ивэрхий үүсэх нь амархан байдаг. Мөн нүдэнд ил харагддаг. Тухайлбал,
- Цавинд овойж харагдах
- Хүүхдийн хуйхнаг хавдсан мэт том харагдах
- Заримдаа зөвхөн уйлах, сүүндээ хахаж цацахад, гэдэс дүүрэнгэтэхэд нь цавинд эсвэл хуйхнагт ивэрхий нь овойж үзэгддэг.
Цавины ивэрхий хавчигдсан үед доорх шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:
- Дотор муухайрах, бөөлжих
- Халуурах
- Гэнэт огцом өвдөлт мэдрэгдэж маш хурдан нэмэгдэх
- Ивэрхийн овойж ивэрсэн хэсгийн арьсны өнгө өөрчлөгдөн улаан, ягаан эсвэл хар болох
- Гэдэс гүрвэлзэхээ болих, хийгээ гаргаж чадахгүй байх
Мөн дараах шинж тэмдэг илрэх нь амь насанд аюултай учир яаралтай түргэн тусламж дуудахыг анхааруулж байна. Үүнд:
- Ивэрсэн хэсэг улам томрох
- Өвдөлт зовиур нэмэгдэх
- Өтгөн болон хийгээ гаргаж чадахгүй байх
- Овойж ивэрсэн хэсгийн арьсны өнгө өөрчлөгдсөн бол.
Оношилгоо
Мэс заслын эмч үзлэг хийн шаардлагатай тохиолдолд доорх шинжилгээнүүдийг хийлгэнэ.
- Хэвлийн хэт авиан шинжилгээ
- Хэвлийн компьютер томографи
- Соронзон резонанст томографи
Эмчилгээ
Ивэрсэн хэсэг томрох, өвдөлт шаналгаа улам нэмэгдвэл мэс засал хийлгэх шаардлагатай болдог. Мэс заслаар бүрэн эдгэрэх боломжтой. Ивэрсэн хэсгийн хэмжээ жижиг байвал эмч ажиглахыг зөвлөнө.
Ивэрхийн хагалгаанд нээлттэй мэс засал болон дурангийн мэс засал гэсэн мэс заслын хоёр аргыг ашигладаг.
Дурангийн мэс заслын арга нь нээлттэйгээ бодвол өвчтөнд зовиур шаналгаа багатай, хурдан эдгэрдэг зэрэг давуу талтай. Гэхдээ хагалгааны хүндрэл үүсэх, ивэрхий дахих гэх мэт эрсдэлийг дагуулдаг.
Мэс заслын эмчилгээний дараа үүсч болох хүндрэлүүд
- Цус хурах, шархан доор шингэн хуримтлагдах
- Шээс хаагдах
- Шарх халдварлагдах
- Мэдрэл гэмтвэл мэдрэлийн архаг өвдөлт үүсэх
- Төмсөгний артери гэмтвэл төмсөг хатингарших
- Ивэрхий дахих
Хүндрэл
- Ивэрхий хавчигдах – Ивэрхийн агууламж болох гэдэс, сэмж эсвэл чацархай цавины сувганд хавчигдан цусан хангамж нь боогддог. Энэ тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийнэ.
- Үхжилт – Хавчигдсан агууламж 1-2 цагийн дараагаас үхжиж эхэлдэг. Энэ нь амь насанд маш аюултай.
Урьдчилан сэргийлэлт
Төрөлхийн гажгаас үүссэн цавины ивэрхийд өртөхөөс сэргийлэх боломжгүй ч олдмол ивэрхийн эрсдэлийг бууруулах боломжтой. Жишээлбэл:
- Илүүдэл жингээ хасах
- Ширхэглэг ихтэй хүнс хэрэглэх. Жимс, хүнсний ногоо, бүхэл үр хэрэглэх нь өтгөн хатахаас сэргийлдэг.
- Хүнд зүйл өргөхдөө болгоомжтой байх, өргөхөөс зайлсхийх. Хүнд юм өргөх шаардлага гарвал өвдгөө нугалж бөхийж байх хэрэгтэй.
- Тамхиа хаях. Тамхи нь маш олон өвчний суурь шалтгаан болдог. Ялангуяа архаг ханиалгалт үүсгэх нь ивэрхийтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг.
- Ивэрхийн даруулга хэрэглэх. Хэрэв та ивэрхийтэй бол хүндрэл үүсэхээс сэргийлж зориулалтын даруулга зүүж заншаарай.