Атопын дерматит
Атопын дерматит нь харшлын гаралтай арьс, салстын эмгэг юм. Гол төлөв гурван сартайгаас дээш насны хүүхдүүдэд тохиолддог боловч насанд хүрэгчдэд ч мөн илэрч болно. Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд атопын дерматит зарим хүчин зүйлд үзүүлж буй дархлаа тогтолцооны хариу урвал болох бие махбодын шинж чанар хэмээн тодорхойлдог.
Шалтгаан
Атопын дерматитийн шалтгаанууд дотор удамшлын болон перинаталь буюу жирэмслэлтээс шалтгаалах хүчин зүйл, хүрээлэн буй орчны шинж чанар, нярайн арчилгаа зэрэг багтана.
- Жирэмсний хүндрэл – жирэмсэн үеийн эхийн хордлого, халдвар, жирэмслэлтийн үед тодорхой эм хэрэглэх, хорт зуршил, хоол тэжээлийн эмгэг, ургийн гипокси (эд, эрхтэнд хүчилтөрөгч хангалтгүйн улмаас хүүхдийн биед эмгэг үүсэх процессыг хэлнэ)
- Удамшил. Аав ээжийн аль нэг нь харшилд өртөмтгий бол хүүхдэд мөн өвлөгдөх хандлагатай байна
- Төрөх үеийн хүүхдийн жин хэт бага эсвэл хэт их байх
- Угжаар хооллох
- Хоол боловсруулах тогтолцооны бичил орчны тэнцвэрт байдал алдагдах
- Хүүхдийн буруу асаргаа, биеийн хэмтэй холбоотой эмгэг, хоол тэжээлийн дутагдал
- Сэтгэл санааны хямрал
Шинж тэмдэг
- Эхлээд хацар, дараа нь гар, хүзүү, хөл, чихний ард тод улаан толбо гарах
- Шингэн агуулсан жижиг цэврүүнүүд гарч ирэх
- Арьс идээших
- Арьс хүчтэй загатнах, хуурч унах
- Хөмсөг орчмын арьс хогжруутах, хуурайших
- Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчлэн тууралт гарах
- Хүүхэд тайван бус, уйламтгай болох, биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх
Өсвөр насныханд 12 наснаас эхлэн ихэвчлэн нүүр, биеийн дээд хэсгээр арьс хуурайшиж, хуурах шинж тэмдэг илэрдэг. Харин насанд хүрэгчдэд ихэвчлэн гар, хөл, дух, хүзүү болон биеийн бусад хэсгүүдийн арьс өртдөг байна. Арьсан дээрх илрэх шинж тэмдгүүд нь нүдний улайлт, нүдний салст бүрхэвч үрэвсэх, нулимс гоожих, нүдний салст бүрхэвч хүчтэй загатнах зэрэг зовууруудтай дагалдаж болно.
Оношилгоо
Атопын дерматит нь эмнэл зүйн оношилгоо нь түүний төрлөөс хамаарна. Өвчтөнд гол төлөв цус, шээсний (ерөнхий ба биохими) лабораторийн шинжилгээ, өтгөнд дисбиозыг илрүүлэх шинжилгээг төлөвлөдөг.
Зөвлөгөө
Хүүхдийн амьдралын эхний жилд атопын дерматитийг үр дүнтэй эмчлэхийн тулд дараах төрлийн эмчилгээг хийх боломжтой:
- Хөхөөр хооллох, зайлшгүй нэмэлт сүү хэрэглэх тохиолдолд сайтар нягталж сонгох
- Эмчийн заалтаар хүүхдийг эмийн ургамлын хандтай усанд оруулах
- Харшлын эсрэг эм хэрэглэх (харшил төрөгч хүчин зүйлээс хамааран мэргэжлийн эмч тодорхойлно)
- Эмчийн заавраар арьсны үрэвслийн эсрэг тос түрхэх
- Ашигтай бактери хэрэглэх (эмчийн заавраар)
- Хэт ягаан туяанд шарах (эмчийн заавраар)
Нэгээс дээш насны хүүхдэд харшил төрөгч агуулсан хоол хүнс өгөхөөс зайлсхийж тусгай хоолны дэглэм баримтлах шаардлагатай.