Глютений өвчин
Целиак буюу глютений өвчин нь үр тарианд агуулагдах глютен уургийг хэрэглэхэд дархлаа урвал өрнөж, 12 хуруу гэдэсний салстыг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг эмгэг юм. Энэхүү өвчин глютен агуулсан хоол хүнс болох амуу тариа, улаан буудай, хөх тариа, арвай зэргээр өдөөгддөг.
Хүүхдэд 4 сартайгаас өмнө глютен агуулсан хүнс өгөхөд целиак өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг бол 7 сартайгаас нь хойш өгөхөд өртөх эрсдэл бага байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг хөхөөр хооллох нь энэ өвчин тусах эрсдэлийг маш бага болтол бууруулж, өртөхөөс хамгаалдаг байна.
Шалтгаан
Глютений өвчин нь хувь хүний генийн өртөмтгий байдлыг үндсэн дээр бий болдог гэж үздэг. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүсийн нарийн гэдэсний хана гэмтсэний улмаас хоол тэжээлийн бодис шимэгдэж чадахгүйд хүрдэг. Хэрхэн гэмтэж буй механизм нь тодорхойгүй ч дархлаа тогтолцооны гажуудлын улмаас глютен уургийн эсрэг үүссэн эсрэг бие нөхцөлдүүлдэг гэж үзнэ.
Үүний улмаас шимэгдэлт алдагдан маш олон шим тэжээлийн бодисын дутагдалд хүргэдэг. Уг өвчин ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолдох бөгөөд заримдаа гэр бүлийн гишүүд өвчлөх тохиолдол байдаг тул генетикийн хүчин зүйлстэй холбоотой гэж үздэг.
Шинж тэмдэг
Нялх хүүхэд ихэвчлэн 3-4 сартайд арвай буудайн хольцтой бүтээгдэхүүн хоол тэжээлд хэрэглэж эхэлснээс глютений өвчний хам шинж анх илэрдэг. Глютен агуулсан хоол хүнсээр хооллох үед хүүхдэд дараах нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ:
- Уйлагнах
- Хэвлий хэсгээр томрох
- Суулгах
- Хоолны дуршил алдагдах
- Биеийн жингийн хоцрогдол
- Булчингийн сулрал
- Өсөлт удааширч, жин нэмэгдэх
Насанд хүрэгчдэд ихэвчлэн 30-60-аас дээш насанд шинж тэмдэг илэрч эхэлдэг. Гэвч зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байх ч тохиолдол бий. Шинж тэмдэг бүхий глютений өвчний үед дараах шинжүүд илэрнэ:
- Их хэмжээтэй, нэхүүн үнэртэй, тосны хольцтой өтгөнөөр хүндрэх
- Гэдэс дүүрэх, хуржигнах
- Жин алдах
- Заримдаа тогтвортой загатнаатай улаан тууралт өвдөг, хонго, мөр, тохойгоор гарах
- Архаг ядаргаа
Оношилгоо
Хэрэв эмч таныг глютений өвчтэй гэж сэжиглэсэн тохиолдолд цусны шинжилгээ авч эсрэг биеийг илрүүлэн оношийг бататгах болно. Мөн нарийн гэдэснээс эсийн шинжилгээ аван микроскопоор шинжилнэ. Нялх хүүхдэд хатуу хоол идэж эхэлсний дараагаар шинж тэмдгүүд илэрвэл глютений өвчин байна гэж сэжиглэнэ. Ихэнхдээ бусад өвчний нөхцөл байдлыг шинжилж байх үед оношлогддог. Глютений өвчний үед дурангаар авсан гэдэсний жижиг эдийг микроскопоор харахад гэдэсний хана хавтгай болсон байдаг аж.
Эмчилгээ
Глютений өвчний үед глютен уураг агуулсан хоол хүнсийг хэрэглэхгүй байх, хоол судлаачаас өөрт тохирох зөвлөгөөг авах шаардлагатай. Мөн улаан буудай, хөх тариа, арвайн гурил огт хэрэглэхгүй байх. Түүнчлэн гич, паста, салатны амтлагч, маргарин зэргээс зайлсхийх нь зүйтэй. Пивоноос мөн татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээрт глютен агуулагдана.
Глютен агуулсан хоол хүнсийг хэрэглэхээ болих нь эмгэгийн үед илрэх шинж тэмдгийг багасгаж, арилдаг. Гэсэн хэдий ч глютений өвчин нь насан туршид хадгалагдан үлдэх ба дахин глютен хэрэглэх үед сэдэрч болно.
Мөн та нэмэлтээр өөрт шаардлагатай байгаа витамин, эрдэс бодисыг хэрэглэж болно.