Бэлгийн замын мөөгөнцөр
Бэлгийн замын мөөгөнцөр нь ихэвчлэн Candida albicans мөөгөнцрөөр үүсгэгдэх эмгэг юм. Кандида нь хүний биед байх мөөгөнцрийн нэг хэлбэр ба тодорхой шалтгааны улмаас тоо ихсэх үед биед таагүй шинж тэмдгээр илэрнэ. Өвчний үед үтрээ болон гадна бэлэг эрхтэн дээр тууралт гарах, үтрээний ялгадас өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр ажиглагддаг. Эмэгтэйчүүдийн 75%-д нь амьдралын туршид дор хаяж нэг удаа тохиолддог. Харин эрэгтэйчүүдийн 3-11% нь энэхүү эмгэгээр өвчилдөг байна.
Шалтгаан
Бэлгийн замын мөөгөнцөр нь үтрээ болон бэлэг эрхтэн орчим мөөгөнцөр хэт их өсөж үржсэнээс үүдэлтэй байна. Мөөгөнцөр дараах шалтгааны улмаас үржиж болно:
- Жирэмсний үед үтрээний хүчиллэг орчин болон дааврын өөрчлөлтөөс шалтгаалах
- Антибиотик болон дааврын эм хэрэглэх, химийн эмчилгээ хийлгэх
- Стресс
- Халдварт өвчин, чихрийн шижин, дархлаа сулрах зэргээс үүдэх
- Үтрээний салстын гэмтэл
- Candida tropicalis болон бусад мөөгөнцрийн халдвар авах
- Тэнцвэргүй хооллолт
- Синтетик, хатуу, биед тухгүй дотуур хувцас өмсөх
- Бэлэг эрхтний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгснөөс үүдэх
- Таргалалт
Бага насны хөвгүүдэд ариун цэвэр сахих дадал зуршил хангалттай хөгжиж амжаагүй байдаг тул уг эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг. Дунд болон түүнээс дээш насны эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх эрсдэлээрээ хоёрт эрэмбэлэгддэг байна.
Үтрээний ялгадас гарах нь үтрээний салст бүрхэвчийг чийгтэй байлгадаг хэвийн үйл явц бөгөөд хэмжээ нь сарын тэмдгийн мөчлөг, сэрэл зэргээс хамаарч өөр өөр байна. Тухайлбал, мөчлөгийн эхний хагаст тунгалаг, утаслаг, харин овуляцийн дараа цагаан, наалдамхай болдог. Энэ нь дотуур хувцсан дээр хатах, бүдэг шаргал толбо үлдээх зэргээр ажиглагдана. Уг үтрээний ялгадас нь жирэмслэлтийн үед их хэмжээгээр ялгарах бөгөөд ямар нэгэн эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй.
Шинж тэмдэг
- Үтрээний ялгадас их хэмжээгээр ялгарах, ээдэм, тараг хэлбэрийн ялгадас гарах, өнгө, үнэрт өөрчлөлт орох
- Үтрээ болон гадна бэлэг эрхтэнд загатнах, өвдөх, хорсох
- Бэлгийн харьцаанд ороход тавгүй мэдрэмж төрөх
- Гадна бэлэг эрхтэн хавагнах, шарх, шалбархай үүсэх
- Бэлэг эрхтний дотор болон гадна хэсэгт хурц улаан тууралт гарах бөгөөд заримдаа умдаг, цавь, гуяа зэрэг хэсгүүдэд өргөн тархана
- Цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдана
Шинж тэмдэг нь хэдэн цаг, эсвэл хэдэн өдөр, долоо хоног, ховор тохиолдолд сар үргэлжилж болох юм. Түүнчлэн бэлгийн харьцаанд ороход шинж тэмдэг даамжирна.
Оношилгоо
Бэлгийн замын мөөгөнцрийн оношилгоонд лабораторийн шинжилгээ хамгийн чухалд тооцогдоно:
- Үтрээний наалдцын шинжилгээ
- PCR (Полимеразын Гинжин Урвал). Уг шинжилгээний тусламжтайгаар мөөгөнцөр болон түүнтэй хавсарч тохиолддог зарим нууц халдвар болох хламид, микоплазм, уреаплазм зэргийг нарийвчлан тогтоодог
- Микробиологийн иж бүрэн шинжилгээ
- Бактериологийн шинжилгээ
Зөвлөгөө
- Дархлаагаа дэмжиж, тэнцвэртэй тэжээллэг хооллох
- Сул чөлөөтэй хувцас өмсөж, нийлэг бус даавуун дотуур хувцас хэрэглэх
- Дотуур хувцсаа индүүдэж өмсөж хэвших
- Бэлэг эрхтэн орчимд химийн найрлагатай, хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх
- Давстай усанд орох. Савангаас зайлсхийж, бэлэг эрхтнийг угаахдаа савангүй цэвэрлэгч эсвэл усан суурьтай тос хэрэглэх
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх
- Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө, бассейнд орохгүй байх
- Бэлгийн замын мөөгөнцөр нь дахих хандлагатай байдаг тул эмчилгээг эмчийн заавраар тууштай хийх шаардлагатай
- Гэдэсний микрофлорийг сэргээж ашигтай бактери уух
- Бэлгийн хавьтагчийг эмчилгээнд заавал хамруулах
- Хагас жил тутамд эмчийн үзлэгт хамрагдаж хэвших