Буугаагүй төмсөг
Төмсөг нь зууван хэлбэртэй хос эрхтэн бөгөөд эр бэлгийн эс боловсруулах, тестостерон хэмээх даавар нийлэгжүүлэх үүрэгтэй. Хэвийн үед хүүхэд төрөхөөс өмнө төмсөг нь хэвлийгээс хуухнаг руу буусан байдаг. Харин төрөхөөс өмнө нэг эсвэл хоёр төмсөг хуухнагтаа буугаагүй байхыг буугаагүй төмсөг буюу крипторхизм гэнэ. Буугаагүй төмсөг нь тархалтын хувьд нийт эрэгтэй төрөлтийн 1.5%-ийг эзэлдэг буюу ойролцоогоор 100 төрөлт тутмын нэгд тохиолдох магадлалтай байна.
Урагт 5-6 долоо хоногтойд хүйсийн ялгаа гарч, 7-8 долоо хоногтойд эрэгтэй ургийн хэвлийд төмсөг үүсэж эхэлнэ. Харин 28 дахь долоо хоногтойгоос хэвлийгээс цавины сувгаар дамжин аажмаар доошилж, 35-40 долоо хоногтойд хуухнагт бууна. Ойролцоогоор 100 эрэгтэй хүүхэд тутмын 4-ийх нь нэг төмсөг буугаагүй байдаг бол хоёр төмсөг буугаагүй тохиолдол ховор байна.
Буугаагүй төмсөг нь хүүхдэд ямар нэгэн зовуурь, шаналгаа мэдрэгддэггүй.
Шалтгаан
Хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн ердөө 3%-д төмсөг буугаагүй байдаг бол дутуу төрсөн хүүхдэд энэ тоо 30 хүртэлх хувьд тохиолддог. Крипторхизмын шалтгаан тодорхой болоогүй ч удамшил нөлөөлдөг. Тодруулбал, хүүхдийн аав эсвэл нэг гэр бүлийн бусад хүүхдийн төмсөг буугаагүй байсан тохиолдолд тохиолдох магадлал өндөр байх аж. Харин дараах хүчин зүйлс крипторхизм үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал:
- Эхийн жингийн илүүдэл
- Чихрийн шижин
- Жирэмсний хугацаанд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх
Оношилгоо
Хүүхдийг төрмөгц эмчийн үзлэгээр буугаагүй төмсгийг оношлох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл эход харуулна. Тэмтрэхэд хуухнагт төмсөг мэдрэгдэхгүй бөгөөд энэ тохиолдолд төмсөг хэвлийд эсвэл цавины сувагт байж болно. Түүнчлэн төмсгийн хатингаршил (маш жижиг хэмжээтэй) эсвэл төрөлхийн төмсөггүй тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй.
Ихэнх тохиолдолд хүүхдийн төмсөг нь хүйтэнд болон хүрэлцэхэд хэвлий рүү буцаж ордог учраас буугаагүй төмсгийг тодорхойлоход багагүй төвөгтэй байдаг. Гэвч та санаа зовниж байгаа бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Эмчилгээ
Дийлэнх тохиолдолд төмсөг ямар нэг эмчилгээгүй амьдралын эхний 3-4 сард өөрөө хуухнагтаа бууна. Харин үүнээс хойш хугацаанд буугаагүй бол заавал хүүхдийн мэс заслын эмчид хандахыг зөвлөдөг. Учир нь 3-4 сараас хойших хугацаанд төмсөг өөрөө буух магадлал маш бага болдог.
Буугаагүй төмсгийг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ. Хагалгааг орхидопекси гэх бөгөөд энэ нь төмсгийн хавсралт эсвэл байрлалыг өөрчлөхөд чиглэсэн мэс заслын арга юм. Орхидопексийг 6 сараас 1 насны хооронд, оройтлоо гэхэд 2 наснаас өмнө заавал буулгах заалттай байдаг.
Хагалгааны үр дүн маш өндөр. Нэг төмсөг буулгасан тохиолдолд үр тогтоох чадвар бараг 100% хадгалагддаг бол 2 төмсөг буулгахад 65% байна. Иймд, хагалгааны дараа хүүхдийн мэс заслын эмчийн байнгын хяналт шаардлагатай.