Бүслүүр херпес
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
Шалтгаан
Урт хугацааны туршид далд байсан салхин цэцэг ба бүслүүр херпесийн вирус нь цусны халдвар, хорт хавдар, дааврын эмчилгээ, хими эмчилгээ, ХДХВ-ын халдвар зэрэг дархлаа тогтолцоог дарангуйлсан үед идэвхждэг. Гол төлөв нугасны арын эврийн ёзоорын нугалам хоорондын зангилааг үрэвсүүлнэ. Түүнээс гадна мэдрэлийн зангилаа, тархины эд, дотор эрхтнүүдийг гэмтээх эрсдэлтэй.
Шинж тэмдэг
Нууц үе маш олон жилээр үргэлжилдэг. Эмнэлзүйн илрэлийн хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:
Арьсны хэлбэр:
- Халуурах
- Толгой өвдөх
- Хоолны дуршил буурах
- Тууралт гарах, загатнах (ихэнх тохиолдолд цэврүүт тууралт хавирга хоорондын мэдрэлийн дагуу гарна)
Нүдний хэлбэр:
- Гассеровын зангилааны үрэвслийн улмаас үүсэх учир нүдний салст бүрхүүл, хамар болон хацрын арьсанд цэврүү гарна
Чихний хэлбэр:
- Чихний дэлбээ, гадна сувганд цэврүүл тууралт гарах
- Цөөн тохиолдолд нүүрний мэдрэлийн саа үүснэ
- Энэ хэлбэрийн үед нүдний эвэрлэг болон солонгон бүрхүүлийн үрэвсэл, нүлдний дараот ихсэх эмгэг зэрэг тохиолдох талтай
Үхжилт хэлбэр:
- Энэ үед арьс гүн гэмтэж сорви үүсэх ба нянгийн халдвараар хүндрэх нь элбэг
Менингоэнцефлатын хэлбэр:
- Ихэнх тохиолдолд арьсны хэлбэрийн шинж тэмдгүүдээр эхлэх ба цаашид 2-21 дараа менингоэнцефлатын шинжээр илэрнэ. Энэ үед нас баралт 60%-тай байдаг байна.
Ургаль мэдрэлийн зангилааны үрэвслийн хэлбэр:
- Өтгөн хатах
- Суулгах
- Горнерийн хам шинжүүд илэрнэ
Оношилгоо
Дээр дурдсан эмнэлзүйн өвөрмөц шинжүүдэс гадна, гэрэлтэгч дуран авиа болон ийлдэс судлалын аргын тусламжтайгаар вирус, түүний эсрэг биеийг PCR-аар вирусийн ДНХ-ийг тодорхойлно.
Түүнчлэн, цэврүүт тууралт гараагүй үед илрэх хүчтэй өвдөлтийн шинжгүй зүрхний бах, уушгины гялтангийн үрэсвэл, уушгины шигдээс, бөөрний цочмог өвдөлт, цочмог мухар олгой зэргээс ялган оношлох шаардлагатай. Харин цэврүүт тууралт гарсан тохиолдолд херпес вирусийн бусад халдвар, ёлом, арьсны шүүдэст эмзэглэл зэргээс ялган оношилно.
Эмчилгээ
Бүслүүр херпестэй өвтөнийг илчлэг сайтай, витаминаар баялаг хоолоор хооллож, өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг сахина.
Урьдчилан сэргийлэлт
Zostavax вакциныг 60-аас дээш насны хүмүүст тарьж бүслүүр херпесээс урьдчилан сэргийлэх боломжтой. Харин энэ вакциныг желатин, неомиун болон вакцины бүтэц дэх нэгдэлд мэдрэг хүмүүс болон лейкеми, лимфом, цусны болон ясны чөмгийн хорт хавдраар өвчилсөн хүмүүс, Т эсийн тоо 200-аас багатай, ХДХВ/ДОХ-той өвчтөн, стероидыг өндөр тунгаар хэрэглэж байгаа хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Бусад хүмүүс дархлаа сулрах аливаа нөхцөлөөс зайлсхийж, эрүүл мэндэдээ анхаарах шаардлагатай.