Бэлгийн сулрал
Бэлгийн сулрал гэдэг нь бэлгийн хавьталд орох үеэр бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй байх өвчин юм. Заримдаа бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй тохиолдол байх бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл байдаг. Бэлгийн сулрал байнга тохиолдож байгаа бол стресс, өөртөө итгэх итгэлгүй байдал, сэтгэл зовоосон бусад зүйлсээс шалтгаалсан байх талтай. Бэлэг эрхтэн хэт их хөвчрөх эсвэл огт хөвчрөхгүй байх зэрэг нь бусад өвчнөөс үүдэлтэй ч байж болзошгүй тул эмчид хандаарай.
Хэрэв бэлгийн сулралын тухай сэтгэл зовнисон асуудал байгаа бол санаа зоволтгүй эмчид хандах нь зүйтэй. Бусад өвчнөөс үүдэлтэй бол суурь өвчнийг анагаах, эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг.
Шалтгаан
Эр бэлэг эрхтний хөвчрөл нь тархи, дааврууд, сэтгэл санаа, мэдрэл, булчин, судас зэргүүдийг хамардаг. Энэ бүгдийн аль нэг нь асуудалтай бол бэлгийн сулрал тохиолддог байна. Стресс болон сэтгэл зүйн тогтворгүй байдал нь бэлгийн сулралыг улам дордуулна. Зарим тохиолдолд сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй байхаас бэлгийн сулрал үүсдэг.
Бие махбодын хувьд дараах өөрчлөлтүүд нь бэлгийн сулралд хүргэдэг.
- Зүрхний өвчин
- Судасны хатуурал
- Холестрины хэмжээ их байх
- Цусны даралт өндөр байх
- Чихрийн шижин
- Илүүдэл жинтэй байх
- Бодисын солилцооны өөрчлөлт
- Бэлэг эрхтэн сорвижих
- Зарим төрлийн эм тарианууд
- Тамхи татдаг байх
- Нойргүйдэл
- Алкоголийн зохисгүй хэрэглээ
- Нойр булчирхайн хорт хавдар
- Нугас болон аарцагны мэс засалд орсон бол бэлгийн сулрал үүсдэг.
Сэтгэлзүйн дараах өөрчлөлтүүд нь бэлгийн сулралд хүргэх магадлалтай.
- Сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй байх
- Стрессд орох
- Дотно харилцаанд асуудал үүсэх зэрэг орно.
Шинж тэмдэг
- Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх
- Бэлэг эрхтэн хөвчирч байгаа боловч удалгүй сулрах
- Бэлгийн хавьталд орох хүсэл буурах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
Хүндрэлүүд
- Сэтгэл хангалуун бус бэлгийн амьдрал
- Стресс, өөрөөсөө ичих
- Дотно харилцаанд орохоос зайлсхийх
- Хамтрагчаа жирэмсэн болгох боломжгүй болох зэрэг хүндрэлүүд үүсч болдог.
Зөвлөгөө
Дараах байдлаар амьдралын хэв маягаа өөрчлөх нь бэлгийн сулралын эмчилгээг түргэсгэдэг.
- Тамхинаас гарах
- Илүүдэл жингээ хасах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Алкоголиас татгалзах
- Хамтрагчтайгаа ярилцах
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Сармис хэрэглэх
Сармис нь цусны эргэлтийг сайжруулж, бэлгийн сулралд тодорхой нөлөө үзүүлдэг.
Өдөрт 3-4 хумс сармис дангаар нь идэж байх
Эсвэл өдөр бүр 3-4 хумс сармисыг алтан шаргал болтол нь хуурч иднэ.
Бүйлс буюу Алмонд самар хэрэглэх
Алмонд нь мэдрэлийн системийг идэвхжүүлж сэрэл өдөөх үйлчилгээтэй. Мөн витамин Е, цинк, хүхрийн агууламжтай.
1 цайны халбага алмонд самрыг 1 аяга бүлээн усанд хольж унтахаасаа өмнө ууж байх
Эсвэл унтахаасаа 30 минутын өмнө нэг атга алмонд самар идэж хэрэглэнэ.
Сонгино хэрэглэх
Сонгино нь мөн сэрэл өдөөх үйлчилгээтэй бөгөөд үрийн шингэний хэмжээг нэмэгдүүлдэг.
2 зүсэм цагаан сонгиныг алтан шаргал өнгөтэй болтол нь хуурч 1 цайны халбага зөгийн балтай хольж иднэ.
Эсвэл 2ш бүтэн сонгиныг бүлээн усанд хийж 2 хоног дарна. Бэлтгэсэн сонгинын ханднаас ½ аягаар өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Лууван
Лууван нь сэрэл өдөөх үйлчилгээтэй хүнсний ногоо юм.
Өдөр бүр 1 аяга лууангийн шүүсийг унтахаас өмнө уух
Эсвэл өдөр бүр луувангийн салат хийж идэж болно.
Эмчилгээ
Бэлгийн сулралын шалтгаан, хүндэрсэн байдлаас хамаарч өөр өөр эмчилгээ хийдэг. Үүнд:
Эмийн эмчилгээ
- Виагра, Циалис, Стаксин гэх зэргийн бэлэг эрхтний булчинг чангаруулж цусны эргэлтийг сайжруулах эмийг эмчийн заавраар ууна. Гэвч эдгээр эмнүүдийг элэгний өвчтэй, цусны даралт өндөр, бөөрний өвчтэй бол хэрэглэхийг хориглодог.
Бусад эмчилгээ
- Бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах тариа тарих
- Бэлэг эрхтэнд хөвчрөл сайжруулах лаа хийх зэрэг арга хэмжээ авдаг.
- Бэлэг эрхтний вакум шахуурга ашиглаж цусан хангамжийг сайжруулах
Мэс ажилбарын арга
Хэрэв дээрх эмчилгээний аргууд үйлчлэхгүй бол мэс заслын аргаар бэлэг эрхтэнд төхөөрөмж суулгаж эсвэл цусны эргэлт сайжруулах хагалгаа хийдэг.
Сэтгэлзүйч дээр очих
Сэтгэлзүйн өөрчлөлтөөс үүдсэн бэлгийн сулралыг сэтгэлзүйч дээр тогтмол очин эмчилгээ хийлгэж эмчилнэ.