Дунд чихний үрэвсэл
Чихний хэнгэрэг болон дотоод чихний хооронд бактерийн болон вирус орон үрэвсэхийг дунд чихний үрэвсэл гэнэ. Ихэвчлэн бага насны хүүхдийн дунд чих үрэвсэх хандлагатай байдаг.
Дунд чихний үрэвслээс үүдэн чих идээгээр дүүрэн өвдөлт ихээр мэдрэгдэх бөгөөд антибиотик хэрэглэж эдгээнэ. Үрэвсэл дарагдахгүй удаан хугацаанд явснаар сонсгол муудах аюултай.
Шалтгаан
Дунд чих нь бактерийн эсвэл вирусийн гаралтай халдвар авснаас үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн ханиад томуу, харшлын дараагаар эдгээр халдваруудыг авах магадлалтай байна.
- Евстахын гуурсанд (чих хамрын хөндийг холбосон нарийн суваг) нянгийн халдвар орж бөглөрөх – Дунд чихнээс хамрын хөндий хүртэл байрласан сувгийг евстахын гуурс гэх бөгөөд энэ гуурс нь дунд чихний агаарын даралтыг зохицуулах, чихний агаарыг сэлбэх, дунд чихнээс илүүдэл зүйлсийг гаргах үүрэг гүйцэтгэнэ. Евстахын гуурсанд нян орж үрэвсэн, салст үүсвэл дунд чих шингэнээр дүүрч улмаар чихний үрэвсэл болдог. Бага насны хүүхдийн евстахын гуурс нь богино байдаг тул чих нь амархан үрэвсдэг байна.
- Евстахын гуурс нянгийн бус халдварын дараагаар дахин бөглөрөх – Чих үрэвсэж эдгэрсний дараагаар дахин шингэн хурах магадлалтай.
- Харшлын шалтгаанаар чих үрэвсэх
Нөлөөлөх хүчин зүйлс
- Нас – 6 сараас 2 настай хүүхдийг чих үрэвсэх магадлал өндөр байдаг.
- Ханиад хүрэх – Ханиад хүрсний дараагаар евстахын гуурс битүүрч улмаар чих үрэвсэх магадлалтай.
- Угжны нярай – Хөхний сүүгээр бус нэмэлттэжээлээр хооллодог нярай хүүхдийн чих үрэвсэх хандлагатай байдаг.
- Улирлын нөлөө – Хавар өвлийн улиралд ханиад хүрэх магадлал өндөр байдаг тул чих үрэвсдэг.
- Агаарын бохирдол ихтэй газар ажиллаж амьдардаг байх зэрэг нь нөлөөлнө.
Шинж тэмдэг
Хүүхдэд
- Хэвтэхэд уйлах, өвдөж байна гэж хэлэх (чих өвдөх)
- Чихний дотор талд хатгуулж өвдөх
- Унтахад хэцүү байх
- Ердийнхөөс илүү их уйлах
- Яраглах
- Сонсгол муудах
- Дуу чимээнд мэдрэг байх нь алдагдах
- Тэнцвэрээ олж чадахгүй байх
- 38 градусаас дээш халуунтай байх
- Чихнээс булаг гарах
- Толгой өвдөх
- Хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Насанд хүрсэн хүнд:
- Чих өвдөх
- Чихнээс булаг гарах
- Сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хэрэв дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.
Хүндрэлүүд
Удаан хугацаанд чих үрэвсэх эсвэл олон удаа дунд чих үрэвсэх нь дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болж болно.
- Сонсгол муудах – Олон удаа чих үрэвссэнээр чихний хэнгэрэг гэмтэж, сонсгол муудах аюултай.
- Хэлд ороход хүндрэл учрах – Бага насны хүүхдийн сонсгол муудсанаар хэлд орохгүй удна.
- Халдвар тархах – Чихний үрэвслийн улмаас ойр тойрны эрхтнүүдэд халдвар тархан ясыг гэмтээх, тархинд халдвар орох, менингит болох аюултай.
- Хэнгэрэг цоорох – Удаа дараалан чих үрэвссэнээс хэнгэрэг цоорч болно.
Урьдчилан сэргийлэлт
Ханиад томуу хүрэхээс сэргийлэх – Ихэвчлэн ханиадны дараагаар чих үрэвсдэг тул ханиад хүрэхээс сэргийлэх
Тамхины утаагаар амьсгалахгүй байх – Тамхи татдаг бол тамхинаас гарах, мөн дам тамхидалтанд өртөхгүй байх
Хүүхдээ хөхөөр хооллох – Шаардлагагүй бол нэмэлт тэжээл хэрэглэхгүй байх, дор хаяж 6 сар хөхөөр хооллох
Зөвлөгөө
- Хүүхдийг хөхүүлсний дараа 15-20 минут заавал босоо байрлалаар тэврэх
- Ханиад томуугаар өвчилсөн эсвэл хоолой өвдсөн үед нэн даруй эмчлэх
- Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
- Тоос шороотой газар ажиллаж амьдардаг бол тогтмол маск зүүж хэвших
- Нярай хүүхдийн чих үрэвссэн бол шар тос халааж хөвөнд уусгаад чихийг бөглөнө.
- Насанд хүрсэн хүний хувьд бүлээн жин чихэн дээр тавина.
- Угжаар хооллохдоо хүүхдээ хэвтүүлэхгүй, босоо байрлалтай тэвэрч байх зэрэг арга хэмжээг авна
Оношилгоо
Чихний хөндий, хоолой болон хамрын хөндийг зориулалтын гэрэлтэй багажаар харж үзлэг хийнэ.
- Хэнгэрэгний хөдөлгөөнийг хэмжих багаж
- Хэнгэрэгнээс гарах чимээг хэвийн эсэхийг шалгах
- Чихэнд үүссэн идээнээс дээж авч шинжлэх
Эмчилгээ
Хүүхдийн нас, хүйс болон үрэвсэл хэр хүнд байгаагаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.
Хүлээх – Зарим тохиолдолд чихний үрэвсэл эмчилгээгүйгээр эдгэрдэг. 6-23 сартай нярайн үрэвсэл 24 цагаас доош хугацаанд дарагдахгүй бол эмчид үзүүлэх, 2-с дээш насны хүүхдийн чихний үрэвсэл 48 цагаас доош хугацаанд дарагдахгүй бол эмчид хандах шаардлагатай гэж үздэг.
Өвдөлтийг намдаах – Бүлээн жин тавих, өвчин намдаах эм хэрэглэх зэргээр зовиурыг намдааж болно.
Антибиотик – Хэрэв чихний үрэвслээс үүдэн 48 болон түүнээс дээш цагаар халуурвал антибиотик хэрэглэдэг.
Мэс засал – Хэнгэргийн цаана байрлах идээг соруулан авах, мөн байнга идээ үүсээд байвал хэнгэргэн хальсанд гадагшлуулах цорго байрлуулдаг.