Нүдний болор цайх
Нүдний болор цайх нь болор дотор уураг ихээр хуримтлагдан булингартуулж, нүд бүрэлзэх, бүүдийх, нүд харанхуйлах зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм.
Ялангуяа 60 болон түүнээс дээш настай хүмүүст зонхилон тохиолддог. Болрын цайлт нь хэд хэдэн төрөлтэй байдгаас хамгийн элбэг тохиолддог нь:
- Болрын цөмийн цайралт
Цайралт нь болрын гол цөм хэсгээс эхэлдэг. Уг цайралт нь ойрын хараа муу байх, түүнийг засалгүйгээр удаан хугацаанд явснаас болж үүсдэг. Цөмийн цайралтын үед юмс шар туяатай харагдах, хараа бүдэг болох, холын хараа муудаж эхлэх, шөнийн хараа алдагдах, нүд гялбах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
- Болрын гадаргуугийн цайралт
Болрын гадаргуу хэсгээс дотогш төврүү чиглэсэн байдлаар цагаарна. Энэ үед нүд маш их гялбах, ойрын хараа муудаж эхлэх, бүрсийж бүүдийж харагдах зэрэг шинжүүд ажиглагдана.
- Болрын бүрхүүлийн арын цайрал
Болрын ар хананы хэсэгт жижиг хэмжээтэйгээр үүсч эхэлдэг цайралт юм. Бусад хэлбэрээсээ илүүтэйгээр залуу хүмүүс өвчилдөг ба хурдан нэмэгдэж даамжрах хандлагатай байдаг. Өвчтөнд хурц гэрэл хараа өөрчлөгдөх, ойрын хараа огцом муудах, нүд гялбах, харах хэсэг жижгэрэх гэх мэтчилэн зовиур үүсдэг.
- Төрөлхийн болрын цайлт
Энэ төрөл нь удамшлын буюу генийн, ураг эхийн хэвлийд байх үед халдвар авах эсвэл гэмтсэн тохиолдолд бий болдог.
Шалтгаан
Ихэнхдээ болор цайх нь нас ахих эсвэл гэмтэл бэртэл авсны улмаар нүдний болор дотор уураг ихээр үйлдвэрлэгдэн хуримтлагдан, эд эс өөрчлөгдсөнөөр үүсгэдэг байна.
- Эхийн хэвлийд халдвар авах, гэмтэх
- Бусад төрлийн өвчин эмгэгийн нөлөөллөөр (Жишээлбэл: Чихрийн шижин, торлог бүрхэвчийн эмгэг)
- Нүдний гэмтэл
- Хорт бодисын нөлөөллөөр (хэт ягаан туяа, цацраг идэвхт бодис..,)
- Кортикостеройд болон Диуретик эмийн нөлөөллөөр (удаан хугацаагаар хэрэглэсэн)
- Нүдний мэс засал
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Насжилт (60-аас дээш нас)
- Таргалалт
- Цусны даралт ихэсдэг байх
- Нарны гэрэлд удаан хугацаагаар байх
- Нүдний өвчнүүд
- Архи согтууруулах ундааг хэт их хэрэглэх
- Тамхи татах зэрэг нь болор цайх өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсээр байдаг.
Шинж тэмдэг
Болрын цайлт нь удаан явагддаг учраас нүдний хараанд өөрчлөлт орох хүртэл хүмүүс огт анзаардаггүй. Мэдэлгүй явсаар байгаад сохрох ч тохиолдол байдаг.
60-аас дээш насанд харах талбайд бүдэг толбо, эсвэл хэсэг газар нь балласан юм шиг харагдах, бүрсийж бүүдийж харагдах шинж илэрч байгаа бол болрын цайлт үүссэн байж болзошгүй гэдгийг анхаараарай.
- Хараа бүдэг болох
- Бүүдийж бүрсийж харагдах
- Ойрын хараа муудах
- Гэрэлтүүлэг багатай орчинд хараа өөрчлөгдөх (шөнө)
- Өнгө өөрчлөгдөж харагдах
- Шөнө оройн цагаар машин барьж чадахгүй байх (гэрэл нүд нэвт гялбах мэт санагдах)
- Юмс давхарлагдаж харагдах
- Өдрийн турш нүд гялбах, гэрэлд маш мэдрэг болох
- Нүдний шил, контакт линз зүүсэн ч нөлөөлөхгүй байх
- Юм уншихад гэрэл цацарч харагдах
- Гэрлийг тойрсон хүрээ цацраг харагдах
Урьдчилан сэргийлэлт
Болор цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам одоогоор тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч маш удаан хугацаанд үүсдэг өвчин учраас доорх зүйлсийг зуршил болгох нь ач тустай гэж үздэг.
- Нүдний эмчид 2 жил тутамд үзүүлж байх, хэрэв та 50-аас дээш настай бол жил бүр үзүүлэх
- Бусад өвчлөлийг эмчилж хянах
Бусад өвчин эмгэг буюу ялангуяа чихрийн шижин нь болор цайх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул ямар нэг өвчин эмгэг бий бол эмчлүүлж, эмчийн хяналтад орох хэрэгтэй.
- Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүл
- Жимс, хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх
- Нарны шилийг зүүж хэвших (нарнаас хэт ягаан туяа ялгардаг ба шил зүүснээр нүдийг хамгаалах боломжтой)
- Тамхи татахаа болих
- Алкохолийн төрлийн зүйлийн хэрэглээг багасгах
Эмчилгээ
Таны хараа эмчийн зөвлөснөөр шил болон контакт линз зүүгээд засарч байвал маш сайн хэрэг. Харин үгүй бол болрын цайлт нь таны өдөр тутмын амьдралд бэрхшээл үүсгэн нөлөөлөх тул мэс засал зайлшгүй хэрэгтэй болно.
Мэс заслаар цайсан болрыг авч хиймэл болор орлуулан суулгадаг. Болор солих мэс засал нь аюул багатай хэдий ч халдвар орох, цус алдах зэрэг хүндрэл гарч болно. Мэс заслын дараа нийт хагалгаанд орсон өвчтөний 95%-д нь харааны асуудал бүрэн шийдэгддэг. Харин цөөн тохиолдол буюу өөр нүдний эмгэг хавсарсан хүмүүсийн хараа бүрэн зүгээр болоогүй байдаг. Энэ үед болрыг дахин авч, тохирох харааны шилийг зөвлөдөг.
Мөн болор солих хагалгаа нь торлогийн хууралт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Зөвлөгөө
- Өөрийн хараанд яг тохирсон нүдний шил эсвэл контакт линз зүүх
- Ямар нэг зүйл унших шаардлага гарвал томруулдаг шил ашиглах
- Гэрийнхаа гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эсвэл илүү олон чийдэнтэй гэрэл тавих
- Өдрийн цагаар гадуур явахдаа гялбааг бууруулахын тулд өргөн хүрээтэй саравчтай малгай өмсөх, эсвэл туяаны хамгаалалттай нарны шил зүүж хэвших
- Шөнө машин барихаас татгалз