Салхин цэцэг
Салхин цэцэг бол ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолддог /Varicella zoster virus/ вирусийн гаралтай халдварт өвчин юм. Халдварын эх уурхай нь салхин цэцэг болон херпесээр өвдсөн хүмүүс. Тэд халдвар авсан өдрөөс эхлэн хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойш 5 дахь өдрийг дуустал вирусийг гадаад орчинд ялгаруулна. Вирус дэгдэмхий шинж чанар ихтэй тул өвчтөнтэй хамт байсан өвчлөөгүй бүх хүмүүсийг өвчлүүлнэ. Урьд нь салхин цэцэгээр өвчлөөгүй хүүхэд бүслүүр херпестэй өвчтөнтэй хамт байхад салхин цэцгээр өвддөг.
Голдуу агаар дуслын замаар дамжин халдварладаг энэ өвчин нь намар өвлийн улирал ихэнхдээ тохиолдог бөгөөд өвчлөлийн дархлаа тогтвортой.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш 10-21 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг. Хүүхэд ихэвчлэн бага зэрэг халуурч, толгой өвдөж эхэлдэг. Насанд хүрэгчдэд ихэвчлэн томуу төст шинж илэрдэг.
- Улаан толбо гарах
- Улаан толбо 24 цагийн дотор шингэнээр дүүрч цэврүүт тууралт болно.
- Бүх бие, үсэн дотор тууралт гарна, загатнана
- Толгой өвдөх
- Ядарч сульдах
- Хоолонд дургүй болох
- Гэдэс өвдөх
- Бөөлжих
Цэврүү тууралт 2 дахь хоногоос хагарч 5 дах хоног гэхэд тавшиж эдгэнэ. Салхин цэцэгтэй хүн тууралт гарахаас 2 хоногийн өмнө эхлэн халдвартай байх ба хамгийн сүүлийн тууралт гарснаас хойш 6 хоногийн дараа халдваргүй болно.
Хүндрэл
Хамгийн түгээмэл хүндрэл бол цэврүү бохирдож бактерийн халдвар болох юм. Мөн уушгины хатгалгаа, тархины халдвар зэрэг ховор тохиолдоно. Дөнгөж төрсөн нярай болон дархлаа султай хүмүүст салхин цэцэг хүндрэх эрсдэлтэй. Ховор тохиолдолд халдвар авсан жирэмсэн эмэгтэйд ургийн гажиг үүснэ.
Оношилгоо
Салхин цэцгийг ихэвчлэн тууралтаар нь оношилно. Хүүхдүүд хөнгөн өвчлөдөг тул хэвтрийн дэглэм сахих , энгийн аргаар халуун бууруулж эмчлэх боломжтой. Хүүхдүүд ихэнхдээ маажиж бохирдуулдаг тул хумсыг авах хэрэгтэй. Маажиж бактерийн халдварт өртсөн үед байнгын сорви тогтдог. Өөр дагалдах өвчингүй эрүүл хүүхдэд гарсан тууралт нь эхний тууралт гарснаас хойш 10-14 хоногт сорвигүй эдгэнэ.
Эмчилгээ
Салхин цэцгийн халдварын үеэр амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэнэ. Өвчний явцаас хамаарч хэвтрийн дэглэм сахина. Эмийн эмчилгээнд үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэлт
Салхин цэцэгтэй өвчтөнтэй хамт байсан хүмүүсийг 11-12 хоног хянана. Бусдад тараахаас сэргийлэх зорилгоор гэрээс гарахгүй байх хэрэгтэй. Салхин цэцгээр нэг өвдсөн бол насан туршийн дархлаа тогтоно. Салхин цэцгийн вакцин байдаг боловч товлолт дархлаажуулалтад хамаардаггүй. Харин цэцгийн халдвар өндөр эрсдэлтэй, дархлаа муутай хүмүүс, эмнэлгийн ажилчдад вакцин хийнэ.