Төвөнхийн үрэвсэл
Хоолойны төвөнх хэт их ачаалан, үрэвсэж, халдвар авахыг ларингит гэнэ. Төвөнх дотор хоолойны хөвч байрладаг. Хэвийн нөхцөлд хоолойны хөвч нь нээгдэж, хаагдаж байдаг бөгөөд энэ хөдөлгөөнөөс чичрэлт үүсэн дуу гардаг. Харин төвөнх үрэвссэн үед дууны хөвч хавдаж, хөвчнөөс гарах дуу өөрчлөгдөн хоолой сөөж сонсогдоно. Зарим тохиолдолд хэт их үрэвссэнээс дуу гарахаа ч больдог.
Төвөнхийн үрэвсэл нь богино хугацаанд үргэлжлэх буюу хурц хэлбэртэй, урт хугацаанд үргэлжлэх буюу архаг хэлбэртэй байж болно. Төвөнхийн үрэвслийн ихэнх тохиолдолд үрэвсэл нь удаан хугацаанд орилж хашхирах, вирусийн гаралтай халдвар авснаас үүддэг. Удаан хугацаанд үрэвсэлтэй явах нь бусад өвчнөөс үүдэлтэй байх талтай.
Шалтгаан
Хэрэв ханиадны дараа төвөнх үрэвссэн бол, удаан хугацаанд орилж хашхирсан бол төвөнхийн үрэвсэл нь хэсэг хугацааны дараа эмчилгээгүйгээр эдгэрдэг.
Харин 2 долоо хоногоос дээш хугацаанд үрэвсэх нь архаг хэлбэрт шилжсэний тэмдэг бөгөөд харшил, тамхи татах, дууны хөвчөө гэмтээх, химийн бодисоор амьсгалах, алкоголь их хэмжээгээр хэрэглэх, дууны хөвчөө үргэлж удаан хугацаагаар ажиллуулдаг (дуучин, багш г.м) бол энэ байдлаар төвөнх үрэвссэн байж болно.
Ховор тохиолдолд хорт хавдар, уушгины хавдар, хоолойгоо гадны шалтгаанаас гэмтээх зэргээс үүдэн төвөнх үрэвсдэг.
Нөлөөлөх Хүчин Зүйлс
- Амьсгалын замын халдварт өвчин туссаны дараа
- Тамхи татдаг байх
- Алкоголь их хэмжээгээр хэрэглэдэг байх
- Химийн бодистой ойр ажилладаг байх
- Хоолойгоо удаан хугацаагаар ашигладаг байх
Шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд төвөнхийн үрэвсэл нь хэдэн долоо хоногийн хугацаанд хоолой сөөх байдлаар илэрч байгаад эдгэрдэг. Харин вирусийн бус гаралтай бол дараах шинж тэмдгүүд ажиглагдах буюу удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай байна.
- Хоолой сөөх
- Дуу гарахгүй болох
- Хоолой загатнах
- Хоолой хуурайшиж өвдөх
- Гуурсан хоолой үрэвсэн улайх
- Хуурай ханиалгах
Хэзээ эмчид хандах вэ?
Хэрэв хоолой сөөж, төвөнх үрэвсэх нь хоёр долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандаарай. Мөн дараах шинж тэмдэг илрэх нь аюултай нөхцөл юм.
Насанд хүрсэн хүний хувьд:
- Амьсгалахад хүндрэл учрах
- Цустай ханиалгах
- Халуун буухгүй байх
- Хоолой маш ихээр өвдөх
- Юм залгиж чадахгүй байх
Хүүхдэд:
- Амьсгалахад шүгэлдэж буй мэт чимээ сонсогдох
- Ердийнхөөс илүү их шүлс гоожих
- Юм залгиж чадахгүй байх
- Амьсгалахад бэрх болох
- 40 болон түүнээс дээш хэмтэй халуурч байгаа нөхцөлд яаралтай эмчид хандаарай.
Хүндрэлүүд
Хэрэв халдвар авснаас төвөнх үрэвссэн бол биеийн бусад хэсгүүдэд халдварлах аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Тамхи татахгүй байх
- Дам тамхидалтанд өртөхөөс зайлсхийх
- Алкоголь уухгүй байх
- Халуун ногоотой хоол идэхгүй байх
- Талх, жимс, ногоотой хоол идэж байх
- Хоолойгоо ойр ойрхон засахгүй байснаар төвөнхийн үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Зөвлөгөө
Дууны хөвчид хэт ачаалал өгөхгүйн тулд дараах арга хэмжээг аваарай.
- Хүүхдийн төвөнх хавагнаж, хоолой сөөн, амьсгал давчдан, амнаас нь их хэмжээний шүлс эсвэл хөөс гарвал яаралтай хөргөгчний хөлдөөгч онгойлгон хүйтэн агаараар амьсгалуулна(15 орчим минут). Мөн түргэн дуудна. Хүйтэн агаар нь бачуурал тавиулна. Гэртээ агаарын солилцоо заавал хийнэ.
- Чийглэг агаараар амьсгалах – Гэр болон оффисын өрөөнд агаар цэвэршүүлэгч авч тавих
- Аль болох удаан хугацаагаар хоолойгоо амраах – Удаан хугацаанд ярьж, орилсон бол хоолойгоо амраах
- Шингэн зүйл их хэмжээгээр уух – Өдөрт дор хаяж 6-8 аяга ус ууж байх
- Хоолойгоо чийгшүүлэх – 1 аяга бүлээн усанд ½ цайны халбага давс хийж хутган хоолойгоо орой бүр зайлах
- Химийн бодистой агаараар амьсгалахгүй байх
- Харшил өдөөгч хүнснээс татгалзах
Оношилгоо
- Дууны хөвчийг дурангаар харах
- Дууны хөвчөөс арчдас авч шинжлэх
Эмчилгээ
Архаг хэлбэрийн төвөнхийн үрэвслийн үед үрэвслийн шалтгааныг тодорхойлж суурь өвчнийг эмчлэх байдлаар эмчилгээ хийнэ. Антибиотик болон үрэвсэл дарах үйлчилгээтэй бусад эм уухыг эмч тань зөвлөж болно.