Цөсний чулуу
Цөсний чулуу нь цөсний хүүдий дэх цөс өтгөрөн бөөгнөрсөнөөс үүснэ. Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Цөсний чулуу нь элсний ширхэг шиг жижгээс гольфийн бөмбөг шиг том ч байж болно. Мөн тоо хэмжээ, бүтцийн хувьд янз бүр байдаг.
Цөсний чулууны төрлүүд:
- Холестеролын чулуу – Хамгийн нийтлэг тохиолддог энэ төрлийн чулуу нь ихэвчлэн шар өнгөтэй байна. Цөсний уусгаж чадаагүй холестерол бөөгнөрч үүсдэг.
- Пигмент чулуу – Хүрэн бор эсвэл хар өнгийн энэ чулуу нь элэгнээс хэт их билирубин ялгарснаас үүдэлтэй байна.
Шалтгаан
- Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх – Хэвийн нөхцөлд элэгнээс ялгарсан холестеролыг цөс нь задлах чадвартай байдаг. Харин элэгнээс цөсний задалж чадахгүй хэмжээний их холестерол ялгарвал хатуулаг ширхэгүүдүүсч цаашлаад чулуу болно.
- Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх – Элэгний хатуурал эсвэл зарим төрлийн цусны өвчнүүд нь элэгнээс их хэмжээний билирубин ялгаруулах шалтгаан болдог. Энэ нь цаашлаад цөсний чулууг үүсгэнэ.
- Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх- Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна.
Дараах нөхцөлүүд нь цөсний чулуутай болох магадлалыг нэмэгдүүлнэ:
- Эмэгтэй хүнд элбэг тохиолддог
- 60-с дээш насны хүнд
- Илүүдэл жинтэй бол
- Өөх төс ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол
- Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол
- Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол
- Чихрийн шижинтэй бол
- Маш огцом жин хассан бол
- Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол
- Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.
Шинж тэмдэг
Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх
- Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх
- Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах
- Арьс, нүд огцом шарлах
- Халуурах
- Бие дагжин чичрэх
- Хүзүүний баруун талаар өвдөх
- Нуруу өвдөх зэрэг ордог.
Өвдөлт нь хэдэн минутаас хэдэн цаг ч үргэлжилж болно.
Хүндрэлүүд
Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэх аюултай. Энэ тохиолдолд хүчтэй өвдөж, халуурах шинж тэмдэг илэрнэ.
Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох аюултай бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.
Цөсний хүүдийн хорт хавдар – Цөсний чулуутай хүмүүс цөсний хүүдийн хорт хавдар тусах магадлалтай байдаг ч цөсний хүүдийн хорт хавдар нь маш ховор тохиолддог өвчин юм.
Урьдчилан сэргийлэлт
- Өглөө өдрийн хоолыг заавал идэх – Хоолой сойх, өглөө өдрийн хоолыг цаг тухайд нь идэхгүй байх нь цөсний чулуу үүсэх хамгийн том шалтгаан болно.
- Бага багаар жин хасах – Гэнэт их хэмжээгээр жин хасах нь биед сөрөг нөлөөтэй.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Илүүдэл жинтэй бол жин хасах зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн болон эмийн бус эмчилгээ, дэглэм сахих!!!
Лимоны шүүс
Лимоны шүүс нь элэгнээс ялгаруулах холестеролын хэмжээг бууруулдаг бөгөөд цөсний чулуунаас үүдэлтэй өвдөлтийг намдаах үйлчилгээтэй.
- Өдөр бүр 4ш лимоны шүүсийг шахаж өлөн ходоодон дээр ууж араас нь 1 аяга ус ууна. Энэ байдлаар 7 хоногийн турш хэрэглэнэ. (энэ арга нь ходоодны хүчил ихэсдэг хүмүүст тохиромжгүй)
- Эсвэл 4 цайны халбага лимоны шүүсийг 1 аяга бүлээн усанд найруулж өлөн ходоодон дээр ууна. Энэ байдлаар 1 сар хэрэглэнэ.
Гааны навч
Гааны навч нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сайн бөгөөд цөсний урсгалыг сайжруулдаг бөгөөд цөсний чулуунаас үүдэлтэй цочмог өвдөлтийг буруулна.
- 1 аяга ус буцалгаад 1 цайны халбага хатаасан гааны навч хийж 5 минут буцалгаад 1 цайны халбага зөгийн бал хийж бүлээнээр нь ууна. Энэ мэтчилэн өдөрт 2 удаа, 4-6 долоо хоногийн турш хэрэглэвэл ойр ойрхон хүчтэй өвдөлт өгөх нь намдана.
Ногооны шүүс
Цөсний чулуутай хүн шарсан хуурсан, өөх тостой хоол бага хэрэглэх хэрэгтэй. Ногооны шүүс уух нь элгийг цэвэршүүлж, дархлаа сайжруулах сайн нөлөөтэй бөгөөд цөсний хүүдийг бэхжүүлнэ.
- 1ш даршлаагүй өргөст хэмх, 2ш том лууван (жижиг бол 3-4 байж болно), ¼ манжинг бутлагч машинаар (mixer)-ээр буталж өдөрт 2 удаа ууна. Энэ мэтчилэн 2 долоо хоногийн турш уухад 1 курс эмчилгээ болдог.
Багваахай цэцэг
Багваахай цэцэг нь тараксацин гэх агууламжтай бөгөөд энэ нь элэг, цөсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Мөн элгийг цэвэршүүлж, хуримтлагдсан өөхийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.
- 1 цайны халбага хатаасан багваахай цэцгийн үндсийг аяганд хийнэ. 1 аяга халуун ус дээрээс нь хийгээд 5 минут идээшүүлнэ. Бага зэрэг зөгийн бал хийж 2-3 долоо хоногийн турш өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
Лийр
Лийр нь цөсний чулуунаас үүдэлтэй өвчнийг намдаах, хлостеролын цөсний чулууг зөөлрүүлэх нөлөө үзүүлдэг.
- Хасаг аяга лийрийн шүүсийг хагас аяга халуун устай холино. 2 цайны халбага зөгийн бал хийж хутгаад 2 долоо хоногийн турш өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
- Эсвэл 2ш лийрийг хальсалж 20 минут жигнээд бүлээнээр нь өдөрт 2 удаа, 2 долоо хоногийн турш идэж хэрэглэнэ.
Вино/Дарс
Вино нь цөсний чулуу үүсгэх магадлалыг эрс бууруулдаг. Орой бүр 1 жижиг хундага вино уухад цөсний чулуутай болох магадлалыг 33%-иар бууруулдаг болохыг судлаачид нотолжээ.
Мөн огцом өвдөлтийг намдаадаг тул өвдөлт өгснөөс 20 минутын дотор 1 хундага вино уухыг зөвлөе.
Оношилгоо
Дараах шинжилгээ, зургуудыг ашиглан цөсний чулуутай эсэх, чулууны хэмжээ, бөглөө үүсгэж буй эсэхийг тодорхой оношлодог.
- Хэт авиан шинжилгээгээр чулуутай эсэх, хүүдийн хананы зузаарал зэргийг харах боломжтой.
- Компьютер томографийн зураг авахуулж цөсний чулууг бодитоор харах
- MRI зураг авахуулж ямар нэгэн сувгийг хааж бөглөрөл үүсгэж байгаа эсэхийг шалгах
- Цусны шинжилгээ хийж нойр булчирхайн үрэвсэл, шарлалт болон цөсний чулуунаас үүдэж болох бусад хүндрэлүүд байгаа эсэхийг шалгах
Андуурагдах эмгэгүүд
- Нойр булчирхайн цочмог үрэвсэл
- Мухар олгойн үрэвсэл
- Бүдүүн гэдэсний үрэвсэл
- Хэвлийн гялтан хальсны үрэвсэл
- Хэвлийн хөндийн хавдрууд
- Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа
Эмчилгээ
Цөсний чулуу нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг ба ийм үед эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрэв ямар нэгэн цорго, сувгийг бөглөж, шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бол, огцом өвдөлт өгч байгаа бол тухайн үед нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
- Цөсний чулууг авах хагалгаа – Цөсний чулуу дахин дахин үүсэх тохиолдол элбэг байдаг тул цөсний хүүдийг бүтнээр нь авах тохиолдол элбэг байдаг. Цөсний хүүдийг авч цөсийг шууд нарийн гэдэсрүү урсахаар болгох ба энэ нь өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөхгүй. Харин ойр ойрхон гүйлгэх магадлалтай.
- Цөсний чулууг хайлуулах эм уух – Цөсний чулууг хайлуулах эмийг бусад эмийн адилаар залгиж уудаг. Гэвч чулуу нь хэдэн сарын дараа эсвэл хэдэн жилийн дараа ч уусч дуусаж болно. Зарим хүнд үйлчлэхгүй байх тохиолдол байдаг. Хагалгааны аргаар авахад эрүүл мэндийн шаардлага хангахгүй бол эм уух аргыг ихэвчлэн хэрэглэдэг.