Доод мөчдийн венийн судасны эмгэг
Доод мөчдийн венийн судасны эмгэг үүсэхэд венийн судас бүдүүрч томорно. Биеийн аль ч хэсгийн венийн судас бүдүүрч болох боловч ихэвчлэн хөлийн судсанд эмгэгийн үеийн шинж тэмдэг түлхүү илэрдэг. Учир нь босч зогсох, алхах зэрэгт биеийн доод хэсгийн венийн судсанд даралт ихээр өгдөг байна.
Доод мөчдийн венийн судасны эмгэгийн зарим тохиолдолд томорч бүдүүрсэн судас нь гоо сайхны хувьд л хүндрэл болдог бол зарим хүмүүст өвдөлт мэдрэгдэнэ. Хэт томорсон судсууд хагарах аюултай байдаг тул яаралтай эмчид хандахыг зөвлөнө.
Шалтгаан
Артерийн судас нь зүрхнээс цусыг биеийн бусад хэсгүүдэд тараах үүрэгтэй байдаг бол венийн судас нь биеийн бусад хэсгүүдээс цусыг зүрхрүү хураана. Хөлнөөс зүрхэнд очиж буй венийн судас биеийн доод хэсгээс дээш урсаж байгаа тул ачаалал илүү авдаг. Мөн хөлийн венийн том судасны хавхлага гэмтсэн, үрэвссэн, хавхлагын дутагдал үүссэн бол хөлийн судасны бүдүүрэл явагдана.
- Нас ахих тусам биеийн судасны уян хатан чанар алдагддаг тул судас сунаж томрох магадлал өндөр болно.
- Зарим эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн үеэр хөлийн судас томрох үзэгдэл ажиглагддаг. Жирэмслэлтийн үеэр биед агуулагдах цусны хэмжээ ихэсгэдэг ч хөлнөөс аарцагруу очих цусны урсгалыг удааширч, багасдаг. Хөлийн судас томрох үзэгдэл жирэмслэлтийн эхэн үед ажиглагдаж, ураг томроход өвдөлт өгч эхэлдэг байна. Энэ байдал төрсний дараа 3-12 сарын дараа хэвийн болдог.
- Удамшлаас шалтгаалж доод мөчдийн венийн судасны эмгэг үүсч болно.
- Илүүдэл жинтэй байх.
- Таны ажил зогсоо байрлалд удаан байхыг шаарддаг бол.
Шинж тэмдэг
Энэ өвчний үеэр өвдөлт мэдрэгдэхгүй байж болно. Бусад шинж тэмдгүүдийг дурдвал:
- Судасны өнгө хар хөх, тод нил ягаан болж тодрох
- Судас томорч, гарт мэдрэгдэхүйц хэмжээний товойх
- Томорсон судаснууд орооцолдсон утас шиг харагдах
- Хөл хүндэрч, янгинаж өвдөх
- Хөлийн булчин хатгах, янгинаж, бадайрах, шөрмөс татах
- Удаан хугацаанд зогсоход улам хүчтэй өвдөх
- Томорсон хэсгээр загатнах
- Томорч бүдүүрсэн судаснаас цус гарах
- Шагайны эргэн тойронд арьс үрэвсэх, судас томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
- Шагайны ойролцоо судас томорсон бол зүрх судасны бусад өвчинтэй холбоотой байх нь элбэг байдаг.
Хүндрэл
- Шархлаа – Арьсан доор маш их өвдөлт өгч шархлаа үүсч болох бөгөөд шагайны судас томорсон бол ихэвчлэн энэ байдал үүсдэг.
- Бүлэн (нөж) – Томорсон судасны хананд үүссэн бүлэн нь бага багаар тасарч цусны эргэлтэнд орон, энд тэнд очиж судас бөглөх аюултай.
- Цус алдалт – Хэт томорсон судсууд хагарах аюултай байдаг. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Оношилгоо
Оношилгооны хувьд харьцангуй шинж тэмдэг тодорхой эмгэг юм. мэргэжлийн эмч оношийг нарийн тавьж эмчилгээ эхлүүлэхийн тулд байдлаар шинжилнэ.
- Судас тэмтрэх – тэмтрэхдээ дээд болон доод мөчинд хоёуланд нь тэмтэрсэн үзлэг хийх ба судасны дүүрэлт, чинэрэлт, лугшилт, уян хатан чанар, доргионы байдлыг үзнэ.
- Судас чагнах – судасны нарийсал, цүлхэн, гематом шунт, артери-венийн шунт.
- СТ болон MRI шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Доод мөчдийн венийн судасны эмгэг үүсч эхэлж байгаа тохиолдолд эмчилгээний зориулалт бүхий бариу оймс өмсөж томорсон судсыг товойхоос сэргийлэх ба ингэснээр цусны эргэлт сайжирна. Харин эмгэг хүндэрсэн тохиолдолд
- Томорсон судасны ханыг сорвижуулах тариа хийх бөгөөд хэдэн долоо хоногийн дотор хэвийн болдог.
- Томорч бүдүүрсэн судсыг хүчтэй туяагаар шарж арилгах лазер эмчилгээ хийнэ.
- Венийн судсаар гуурс оруулж бөөгнөрсөн бүлэнг соруулж авах, эсвэл өргөссөн судсыг хуулж авах мэс засал хийнэ.
- Бүлэн хайлуулах эм хэрэглэх зэрэг эмчилгээнүүдийг хийж болно.
Урьдчилан сэргийлэх
Доод мөчдийн венийн судасны эмгэгээс сэргийлэх зорилгоор дараах дасгалын тогтмол хийгээрэй.
- Шагайг эргүүлэх
Нэг хөл дээрээ зогсон нөгөө хөлийн шагайг эргүүлэх хэрэгтэй. хөл тус бүр 10 удаа эргүүлээрэй.
- Туслах материал ашиглан хөлөө сунгах
Дасгалын дэвсгэр ашиглан суугаад нэг хөлөө нөгөө хөлний доогуур оруулан түгжинэ. Дээгүүр тавигдсан хөлөөрөө резинээ хөлийнхөө тавхайгаар сунган татана. хөл тус бүр 10- 15 удаа хийгээрэй.
- Өлмий дээрээ алхах
Энэ нь гэрийн ажлаа хийнгээ хийж болох хялбархан дасгал юм. хөлийнхөө өлмий дээр алхаарай. Энэ эь таны хөлийн улыг амраах болно. 5-15 минут алхах буюу ядрах хүртэл үргэлжлүүлэн яваарай.
- Сандал ашиглах дасгал
Эхлээд сандал авч, ард нь зогсоно. Нэг хөл дээрээ зогсохдоо өлмий дээрээ зогсон нөгөө хөлөө өргө. Энэ дасгалыг хөл бүр дээр 10-15 удаа давтан хийнэ. Таны өвдөгний эргэн тойрон дахь булчингууд ажиллах болно.
- Цэгэн массаж
Хэрвээ та удаан хугацаагаар алхсан бол хөл дээрээ хоёр хуруугаа хөлийн хуруунуудын дундах цэгийг хуруугаараа дарж 15 минут хүртэл массаж хийнэ. Хамгийн хялбар бөгөөд хурдан үр дүнгээ өгдөг юм.
- Бөмбөг ашиглах дасгал
Бөмбөгөөр хөлөө тайвшруулах дасгал хийх. Теннисний бөмбөг эсвэл түүнтэй ижил диаметртэй бөмбөлөг олох. Сандал дээр суугаад бөмбөгийг нэг хөл доороо тавиад алхаарай. Хөлийн ядаргааг гаргаж, массажлах болно.
- Хурууны үенүүдэд хийх дасгал
Өдөр бүр хуруундаа дасгал хийх хэрэгтэй. Хөлийнхөө хурууг дээш нь доош нь гэсэн дарааллаар 10-15 удаа хийгээрэй. Гайхалтай үр дүнтэй дасгал нь таны хөлийг бүрэн амраах болно.