Меньерийн өвчин
Меньерийн өвчний шалтгаан тодорхойгүй ч дотоод чихний шингэний даралт хэт ихэссэнтэй холбоотой байх боломжтой. Үүний улмаас гэнэт сонсгол алдагдах, толгой эргэх, хүнд тохиолдолд унах тэнцвэр алдагдах хүртэл шинжүүд илэрдэг.
Ихэнх тохиолдолд зөвхөн нэг чих гэмтэх боловч хоёр чих хоёул өвчлөх боломжтой. Уг өвчнөөр голдуу 20-иос 60 насны хүмүүс өвчилдөг бөгөөд нэг гэр бүлийн гишүүдийн дунд тохиолдох хандлагатай байдаг. Меньерийн өвчин нь цаашлаад тогтвортой сонсголын алдагдалд хүргэдэг.
Шалтгаан
- Тархины гэмтэл
- Гадна болон дунд чихний эмгэг
- Харшил
- Архи, тамхины хэрэглээ
- Стресс
- Зарим төрлийн эмийн бодисын гаж нөлөө
- Таргалалт
- Амьсгалын замын эмгэгийн хүндрэл
- Мигрень гэх мэт шалтгаан меньерийн өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог
Шинж тэмдэг
Меньерийн өвчин гэнэт хөдлөх бөгөөд хэдэн минутаас эхлүүлээд хэдэн өдөр хүртэл үргэлжилж эргээд алгуур намддаг. Дараах шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:
- Гэнэт толгой эргэх, тэнцвэр алдагдах
- Дотор муухайрах, бөөлжих
- Хэвийн биш, огцом нүдний хөдөлгөөн
- Өвчтэй чихэнд хангинасан эсвэл дүнгэнэсэн чимээ сонсогдох
- Ялангуяа нам давтамжтай авиаг муу сонсох
- Чих дотроосоо шахагдсан мэдрэмж төрөх буюу өвдөх гэх мэт
Меньерийн өвчний хөдлөл хоорондын зай нь хэдэн өдрөөс хэдэн жилийн хооронд байж болно. Чих шуугих шинж тэмдэг зөвхөн өвчний хөдлөлийн үед төдийгүй байнга тогтвортой илэрч болно. Өвчний хөдлөл хооронд дотор муухайрах, толгой эргэх шинжүүд эргээд арилах хэдий ч сонсголын алдагдал тогтвортой байх бөгөөд ихэвчлэн өвчний хөдлөлтэй холбоотойгоор улам даамжирдаг.
Оношилгоо
Эмч танд сонсголын сорил хийнэ. Эмч мөн өөр өөр температуртай хий болон усыг чих рүү хийж тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааг шалгах, дулааны сорил хийнэ . Зарим тохиолдолд чихний мэдрэлийн ширхэг нь хавдраар дарагдвал Меньерийн өвчинтэй ижил шинжүүд илэрдэг. Тиймээс КТ, СРТ зэрэг шинжилгээнүүдээр хавдар байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Эмчилгээ
Эмч танд дотор муухайрах шинжийг намдаах эмийн жор бичиж өгж болно. Мөн дараагийн өвчний хөдлөлөөс сэргийлэх, дотор муухайрах, толгой эргэх шинжүүдийг намдаахын тулд гистамины эсрэг эм уухыг зөвлөж болно. Заримдаа шээс хөөх эмүүдийг дараагийн хөдлөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг.
Меньерийн өвчний үед өөрөө өөртөө туслах тодорхой алхмууд байдаг. Тухайлбал: дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах буюу чихээ бөглөж, нүдээ анин хэвтэх хэрэгтэй. Өвчний хөдлөл хооронд аль болох стресст орохоос зайлсхийх хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулах аргууд мөн ач тустай байдаг.
Толгой эргэх шинж тэмдэг үргэлжлэн илэрч буй, сонсгол нь илэрхий муудсан, хүнд хэлбэрийн үед бусад эмчилгээний сонголтуудаас санал болгоно. Эдгээр эмчилгээний нэг нь гентацимин бөгөөд энэ антибиотикийг дунд чихний доторх ясан төөргийг мэс заслын аргаар авах аргууд багтана.
Өвчний тавилан
Меньерийн өвчний шинж тэмдэг эмийн эмчилгээнд ихэвчлэн сайжрах бөгөөд өвчний хөдлөлийн давтамж болон хүндийн зэрэг нь хэдэн жилээс намдах хандлагатай байдаг. Гэхдээ өвчний хөдлөлтэй холбоотойгоор сонсголын чадвар улам муудах бөгөөд үр дүнд нь тогтвортой сонсголын алдагдалд хүргэдэг боловч таг дүлий хэлбэр ерөнхийдөө тохиолддоггүй.