Паркинсоны өвчин ба парксонизм
Дофамин ялгаруулах мэдрэлийн системд гэмтэл үүссэний улмаас гар салгалах , хөдөлгөөн удаашрах, биеийн тэнцвэр алдагдал шинж тэмдэг бүхий тархины архаг эмгэгийг паркинсоны өвчин гэнэ.
Хэвийн үед тархины хар бодисын эсүүд дофамин гэх нейротрансмиттер (мэдрэлийн импульсийг зөөвөрлөгч химийн нэгдэл) нийлэгжүүлэх бөгөөд энэхүү нэгдэл нь өөр нейротрансмиттер болох ацетилхолинтой нэгдэж булчингийн хөдөлгөөнийг хянаж хөдөлгөөн булчингийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Харин Паркинсоны өвчний явцад дофамин ба ацетилхолины харьцаа алдагдсанаар булчингийн хөдөлгөөнөө хянах чадвар буурна. Өвчний шалтгаан тодорхой бус боловч зарим тохиолдолд удамшлын шинжтэй байх нь бий.
Паркинсоны өвчний шинж тэмдгүүд өөр төрлийн өвчин, аль эсвэл зарим төрлийн эмээс үүдсэн тохиолдолд үүнийг паркинсонизм гэж нэрлэдэг. Толгой олон удаа гэмтэх, сэтгэцийн зарим нэгэн өвчнийг эмчлэх явцад солиорлын эсрэг үйлчилгээтэй эм хэрэглэсний дараа паркинсонизм үүсэж болно.
Шинж тэмдэг
Уг өвчний шинж тэмдгүүд алгуур буюу хэдэн сар, жилээр бүрэлдэж бий болно. Паркинсонизм нь шалтгаанаасаа хамаараад аажимдаа, эсвэл гэнэт илэрнэ. Үүнд:
- Ихэвчлэн амарч байх үед гар, хөл чичирч, дөрвөн мөч салгалах
- Булчин хөшиж, хөдлөхөд хүндрэлтэй болох
- Хөдөлгөөн удаашрах
- Гараа хаялахгүй, хөлөө чирч алхах
- Нүүрний хувиралгүй болох
- Бөгтийх
Өвчин даамжрахын хэрээр бие хашиж, гар салгалах тул ажил хийхэд хүндрэлтэй болно. Улмаар хэл яриа удааширч, ярих дургүй болоод юм залгихад хоолойд тээглэх нь элбэгшинэ. Тухайн хүн сэтгэлээр гутрах нь олонтаа. Паркинсоны өвчтэй хүмүүсийн 30 орчим хувь нь алсдаа тэнэгрэлтэй болдог ч тэнэгрэл нь өндөр настай өвчтөнд илрэх нь элбэг тул уг өвчин дан ганц Паркинсоны өвчнөөс үүдэлтэй гэж үздэггүй.
Оношилгоо
Паркинсоны өвчин нь аяндаа илрэх тул анхан шатанд нь оношлох барагтай бол боломжгүй юм. Эмч таныг үзэж, КТ, СРТ хамруулан оношоо баталгаажуулах боломжтой.
Авч болох арга хэмжээ
Паркинсоны өвчнийг эмчлэх тусгай жор үгүй боловч эм, физик эмчилгээ, орчин үед ихэд дэлгэрч буй мэс заслын аргаар шинж тэмдгийг хөнгөвчлөх боломжтой. Эмийн хэрэглээнээс үүдэлтэй паркинсонизм илэрсэн тохиолдолд эмч таны ууж буй эмийг өөрчилнө. Уг өвчний шинж тэмдэг 8 долоо хоногийн дараа ихэвчлэн үгүй болно. Өвчний шинж тэмдэг ажиглагдсан хэвээр байвал танд паркинсонизмын эсрэг эм бичиж өгнө.
Эмийн эмчилгээ. Паркинсоны өвчний анхан шатанд шинж тэмдэг нь хөнгөн байх тул эм уулаа ч төдийлөн үр дүнтэй биш байна. Тиймээс энэ шатанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй. Яваандаа ацетилхолины зарим төрлийн үйлчилгээг бууруулах, дофамины хэмжээг өсгөх буюу эдгээрийг хослуулах арга аргаар тархин дахь химийн бодисын зохистой харьцааг хангаснаар өвчний шинж тэмдгийг хөнгөвчилж, эмийн эмчилгээгээр тухайн хүний хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
Паркинсоны өвчнийг үндсэндээ дофаминтай ижил үйлчилгээтэй бодис бүхий эмээр эмчилнэ. Эдгээр эмийн бэлдмэлүүд нь гар хөл салганах, хөдлөхөд бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгийг багасгахад тустай.
Физик эмчилгээ. Физик эмчилгээгээр хөдөлгөөний гажиг, хэл ярианы эмчилгээгээр хэл яриа, залгиурын эмгэгийг эмчлэх боломжтой. Эдгээр эмчилгээг гэртээ хийх боломжгүй тохиолдолд хөдөлмөрийн эмч таны үе мөчийг хөдөлгөж, дасгал хийлгэж тусламж үзүүлэх боломжтой.
Мэс заслын эмчилгээ. Паркинсоны өвчнөөс өөр ноцтой өвчин эмгэггүйн дээр уг өвчний шинж тэмдгийг эмээр эмчлэх боломжгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх боломжтой юм. Мэс ажилбар хийснээр салгалуулж байгаа эдийг авна. Түүнчлэн гэмтсэн тархины эсийг шинэ эдээр солих, тархийг электрон импульсээр өдөөх зэрэг шинж төрлийн аргачлалуудыг өдгөө туршиж байна.
Та өөрийнхөө ерөнхий эрүүл мэндээ анхаарч амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал юм. Уян хатан байхын тулд өдөр бүр алхаж, энгийн дасгал хийж занших шаардлагатай. Найз нөхөд, гэр бүл, дэмжигч бүлгүүдээс сэтгэл санааны болоод бодит тусламж авах хэрэгтэй.
Өвчний тавилан
Паркинсоны өвчний явц харилцан адилгүй боловч эм ууснаар шинж тэмдгийг нь багасгах боломжтой тул энэ нь өвчтөний өдөр тутмын аж байдлыг ихээхэн хөнгөвчилнө. Хүмүүс оношлогдсоноосоо хойш олон жил идэвхтэй амьдрах боломжтой. Гэвч ихэнх өвчтөнд алсдаа өдөр тутамд нь тусламж хэрэгтэй болж, яваандаа эмийн эмчилгээний үр дүн буурдаг.