Судасны хаван
Судасны хаван (Ангиоедема) нь арьсан доор байрлах хязгаарлагдмал хаван бөгөөд судас доторх шингэн гадагшилж, эд завсар орсны дүнд үүсдэг. Энэ нь бие даан дангаараа болон чонон хөрвөс өвчний үед хавсарч илрэхээс гадна харшлын хүнд хэлбэрийн урвалын бүрдэл байдлаар тохиолдож болдог.
Шалтгаан
Судасны хаван нь үүсгэх шалтгаанаас хамааран 4 төрөлтэй.
Харшлын гаралтай судасны хаван
Хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дараах хүнсээр үүсгэгдэж болно. Үүнд:
- Хясаа
- Загас
- Газрын самар
- Модны самар
- Өндөг
Мөн ургамлын тоос, амьтны гуужсан хучуур эс, латекс, шавжид хатгуулах үед үүсэж болно.
Эмээр өдөөгдөх судасны хаван
Зарим эм судасны хаванг өдөөж болдог. Үүнд:
- Пенициллин
- Аспирин
- Стеройд бус үрэвслийн эсрэг эм. Жишээлбэл ибупрофен, нафроксен
Мөн артерийн даралт бууруулах Ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч бүлгийн эмүүд богино хугацаанд судасны хаван үүсгэж болно.
Удамшлын судасны хаван
Энэ нь биед цусны C1 эстераз хориглогч уураг хангалттай үүсэхгүйн улмаас илэрдэг ховор хэлбэр юм. Энэ үед судаснаас шингэн эд завсар руу шилжиж хаван үүсгэдэг.
Удамшлын хэлбэрийн үед анхны илрэл 12 наснаас өмнө тохиолддог байна. Энэ нь цааш хүүхдэд удамших магадлалтай.
Бас нэгэн ховор тохиолддог хэлбэр нь олдмол судасны хаван бөгөөд илрэх шинж тэмдэг нь удамшлын хэлбэртэй адил байна. Гэвч олдмол хэлбэр 40 нас хүртэл илрэхгүй, ихэвчлэн дархлаа суларсан үед илэрдэг, хүүхдэд удамшихгүй гэдгээр өөр юм.
Шалтгаан тодорхойгүй хэлбэр
Үүсгэсэн шалтгаан нь тодорхойгүй гэж үздэг. Дараах хүчин зүйлс нөлөөлж болно.
- Сэтгэл түгшил эсвэл стресс
- Жижиг халдварууд
- Өндөр эсвэл бага температур
- Хэт ачаалалтай дасгал хийх
Шинж тэмдэг
Судасны хаван нь холбогч эд сул хөгжсөн хэсгүүд болох нүүр, уруул, ам, хоолой, төвөнх, хүүхэн хэл, мөчид болон бэлэг эрхтэн орчмыг ихэвчлэн хамардаг.
Судасны хаван нь бусад хавангаас дараах шинжүүдээр ялгаатай. Эдгээрт:
- Хэдэн минут, цагийн хооронд эхлээд хэдэн цагаас хэдэн хоногт аяндаа арилдаг.
- Тэгш хэмгүй
- Дарахад хонхойдоггүй
- Нүүр, уруул, төвөнх болон гэдсийг хамарна
- Харшлын хариу урвалын бусад шинж тэмдэг хавсарна
Хаван бүхий хэсэг халуун, бага зэргийн улайлт болон өвдөлттэй байж болно. Хэрвээ хаван гэдсийг хамарсан бол гэдсээр өвдөх шинж, амьсгалын замыг хамарсан бол амьсгаадах шинж илэрнэ.
Мөн чонон хөрвөс, загатнах, гуурсан хоолой агших, хоолой боогдох болон даралт буурах шинж илэрч болно.
Оношилгоо
- Шалтгааныг тодруулах асуумж. Шинж тэмдэг эхлэхээс өмнөх 24 цагт өвөрмөц тохиол, шавжид хатгуулах, дасгал хийх, өвөрмөц хоол хүнс хэрэглэсэн эсэх болон эмийн хэрэглээ
- Биемахбодын үзлэг
- Лабораторийн шинжилгээ
- Бусад
Эмчилгээ
Судасны хаван нь цөөн хэдэн хоногт аяндаа хэвийн болдог. Амьсгалын замтай ойр хэсгийг хамарсан үед яаралтай эмчилгээ шаардлагатай.
Эмийн эмчилгээ:
- Хаван, үрэвсэл намдаах – Гистамины эсрэг бэлдмэл болон кортикостеройд
- Дээрх эмүүд үр дүнгүй бол дархлааны системийг удаашруулах эм
- Бусад хаван, өвдөлт намдаах эм
- Удамшлын хэлбэрийн үед цусан дах уураг хянагч
Эмээр өдөөгдсөн судасны хавангийн үед үүсгэхэд хүргэсэн эмийг эмчийн заавраар солино.
Хүнд үед эпинефрины тун шаардлагатай бөгөөд хүчтэй, давтан тохиолдож байгаа бол эпинефрины өөртөө тарих боломжтой үзэг хэлбэрийн тарилгыг биедээ авч явахыг зөвлөдөг.
Хүндрэл
Судасны хаван нь хэл, төвөнх, амьсгалын дээд замыг хамарсан тохиолдолд амьсгалын замыг хааж амьсгалах боломжгүй болгох аюултай. Энэ тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт
- Судасны хаванг өдөөх хоол хүнс, эм болон бусад хүчин зүйлээс зайлсхийх
- Хэрэв үүсгэж байгаа шалтгааныг мэдэхгүй бол идсэн хоол хүнс, шинж тэмдгийг тэмдэглэн хөтлөх
- Танд эмч гистамины эсрэг бэлдмэлийг шаардлагатай үед бус, өдөр тутам хэрэглэхийг зөвлөж болно. Энэ нь судасны хавангийн тохиолоос сэргийлэх, цөөн, хөнгөн илрэхэд тусална. Мөн эмийн үйлчлэлийг уусан даруй хүлээх шаардлагагүй болох юм