Усанд живэх
Усанд амьсгалах боломжгүй болж хүчилтөрөгчөөр дутагдахыг “ усанд живэх” гэнэ. Усан сан, голын ус, нуур, цөөрөмд живэх нь элбэг ч, гүехэн усанд шөрмөс татах, гэртээ усанд орж байхдаа ухаан алдаж живсэн тохиолдлууд ч бий.
Усанд живэх аюулаас дараах байдлаар сэрэмжлэх нь зүйтэй
- Ганцаараа сэлэхгүй байх
- Амь аврах хантааз өмсөх
- Хэт хүйтэн усанд халаалтгүй сэлэхгүй байх
- Нимгэн мөсөн дээр алхахгүй байх
- Усан санд хүүхдүүдээ хараа хяналтгүй оруулахгүй байх
- Хэрэв таталт өгдөг, ухаан алддаг өвчтэй бол хүнгүй үед ганцаараа ваннтай усанд орохгүй байх
Усанд живсэн хүнийг аварсны дараа эрүүл мэт харагдаж болох ч уушгинд их хэмжээний ус орсон бол
- Хоолны дуршил муудах
- Уймрах
- Хүнтэй ярихгүй байх
- Бие эвгүйрхэх шинж тэмдэг илрэх ба 20 минутын дараа ухаан алдах шинж тэмдэг илэрч болно. Энэ үзэгдлийг хуурай живэлт гэх ба энэ нөхцөл нь маш аюултай тул усанд живсэн хүнийг аварсны дараа ч эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөнө.
Анхны тусламж
- Усанд живсэн хүнийг аварч чадсан бол түргэн тусламж (103) дуудна.
- Харин хүн усанд живж байгааг харсан ч аварч чадахгүй байвал усанд сэлж чадах хүнээс тусламж хүсэх.
- Живсэн хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгах.
- Живсэн хүний хамар, амны ойролцоо чихээ ойртуулж амьсгал сонсогдож байгаа эсэх, хацрын ойролцоо агаар мэдрэгдэж байгаа эсэхийг үзэх.
- Живсэн хүний цээж хөдөлж байгаа эсэхийг мэдрэх.
- Живсан хүн хэрэв амьсгалахгүй байвал зүрхний цохилтыг шалгах ба 10 секундийн турш шалгана.
- Хэрэв зүрх цохилохгүй байвал иллэг хийнэ.
- Живсэн хүнийг өөрийн хоёр өвдгөн дээр элгээр нь хэвтүүлж нуруун дээр нь даралттай иллэг хийнэ. Хоёр гараараа нуруун дээр дарах давтамжтайгаар иллэг хийн залгисан усыг гадагшлуулна.
- Зүрхний иллэг хийхэд бэлдэнэ. Живсэн хүнийг дээш харуулан хэвтүүлж, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө. 2 хөхний завсар өвчүүний доод хэсэгт 2 гарын алгыг давхарлан тохойг нулалгүйгээр 1 минутанд 100 удаа дарах байдлаар хийнэ. 30 удаа зогсолтгүй хийх хэрэгтэй.
- Дараа нь амьсгалж байгаа эсэхийг шалгана.
- Түргэн тусламж иртэл иллэгийг тасралтгүй хийх.