Яс хугарах үед үзүүлэх анхны тусламж
Хэрэв яс хугарсан бол ил ба далд хугарлын алинаас ч үл хамааран гэмтлийн эмнэлэгт хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд “Гэмтэл согог судлалын үндэсний төв” , “Мөнгөн гүүр” болон MBG эмнэлэгт ясны хугарлын гэмтэлтэй хүнийг хүлээж авдаг.
Дараах тохиолдолд түргэн тусламж дуудна. (Түргэн тусламж – 103)
- Гэмтлийн дараа цус алдаж байгаа бол
- Бага зэрэг хүрэх төдийд өвдөлт мэдрэгдэж байгаа бол
- Гар хөлийн хэлбэр алдагдаж, мурийсан бол
- Яс хугарч арьсаар нэвт гарч ирсэн бол
- Маш их гэмтэж гар хөлийн үзүүр хөхөрсөн бол
Түргэн тусламж ирэх хооронд гэмтсэн хүн амьсгалахгүй, хөдлөхгүй байвал хамрыг нь чимхэж ам руу нь агаар үлээх байдлаар хиймэл амьсгал хийх нь чухал бөгөөд цус алдалтыг зогсоохын тулд цус алдаж буй шархан дээр дарна. Боломжтой тохиолдолд хугарсан хэсэг хүйтэн жин тавина. Ингэхдээ шууд арьсан дээр мөсөөр жин тавих нь зохимжгүй тул мөсийг даавуунд боох, эсвэл зориулалтын жин ашиглахыг зөвлөнө.